#1 ШҮҮХ: САЙД АСАН М.СОНОМПИЛД ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...хахууль авсан...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу 2019.07.24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүх хурал 22:00 цагт өндөрлөв.
Шүүх нийслэлийн Прокурорын газраас Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
#2 ТАЙВАНИЙН ТАГНУУЛЫГ ЯЛТАН СОЛИЛЦООГООР ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах болжээ. Харин энэ эрсдэлээс сэргийлэх чиглэлд Монгол Улсын тагнуулын байгууллага ажилладаг. Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан байдаг.
#3 АЯЛЛЫН ЗУРВАС: ХӨВСГӨЛ ДАЛАЙН ХӨЛӨГ ОНГОЦ ХӨДӨЛЛӨӨ
Хөвсгөл далайг нүдээр үзэж байсангүй. Замын турш шөнөжин асгарсан хүйтэн бороонд далай надад ер төсөөлөгдөхгүй байлаа. Талд бороо орохыг би мэднэ, харин далайд бороо яаж ордгийг мэдэхгүй. Эрчлэх давлагаа нь эргээ нүдэж буйгаар төсөөлөгдөх ч шуугих чимээ нь үл сонстоно. Эсвэл бороотой үед далай огт давлагаалдаггүй ч юм билүү, хэн мэдлээ. (Сэтгүүлч Э.Энхцолмон “Ганцаардлын 400 км”, Хөвсгөл нуурыг 20 хоног явган тойрон аялсан тэмдэглэлийн хэсгээс)
Дээрх тэмдэглэлээс ялгаатай нь бидний аялалд замын турш нар шарж, далайд ирсэн хойно хэдэн өдөр бороо орсон. Тийм болохоор далай дээр бороо орохыг нүдээр үзэх боломж надад хэдэнтээ тохиосон. Бороотой үед далай намуухан давлагаалж, бороон дусал бүрийг өөртөө уусган авах шиг санагдана. Хатгал тосгонд ирсэн дөрөв дэх өдөр. Бороо зүсэрсээр л. Бид өнөөдөр Сүхбаатар хөлөг онгоцоор далайтай танилцах аялалд гарахаар бэлтгэж байна. Хөлөг дээр тоглолт тавихыг зөвшөөрсөн учир уран бүтээлчид хөгжим, тоног төхөөрөмжөө шалгаад, 16:00 цагаас өмнө далайн эргийн зүг хөдлөлөө. Сүхбаатар хөлөг онгоц энгийн үед өдөртөө хоёр удаа, баяр наадмын үеэр дөрвөн удаа далайд гардаг гэнэ. Гурван давхар “Сүхбаатар” хөлөг онгоцны хамгийн дээд давхарт уран бүтээлчид тоглолтын бэлтгэл ажлаа хангаж, үлдсэн хоёр давхарт аялагчид цугласан байлаа.
#4 СУБРИЭЛЬ МАТИАС: ДАДАШЕВИЙГ ҮРГЭЛЖ ДУРСАЖ ЯВАХ БОЛНО
ОХУ-ын боксчин Максим Дадашев, Пуэрто-Рикогийн Субриэль Матиас нарын тулаан энэ сарын 20-нд болж, Матиас ялалт байгуулсан. Харин гурав хоногийн дараа орос залуу эмнэлэгт ухаан орохгүй байсаар амьсгал хураасан юм. Максим Дадашевийн сүүлийн өрсөлдөгч Субриэль Матиас анх удаа Дадашевийн үхлийн талаар үг хэлсэн байна. Матиас “Мөрөөдөл, зорилгоо биелүүлэхээр зүтгэж байгаа хэн ч гэсэн үхэхэд бэлэн биш байдаг. Бид хүнд хэцүү байсан ч гэр бүлийнхээ төлөө рингэнд гардаг. Агуу дайчин минь, өндөрт дүүлэн нисээрэй. Бурхан л бүх зүйлсийн үнэн шалтгааныг мэдэж байдаг. Би чамайг үргэлж хүндлэн дурсаж явах болно. Амгалан тайван нойрс доо, Максим Дадашев” гэж мэдэгджээ.
#5 ХОЙД СОЛОНГОС ТЭНГИС РҮҮ ПУУЖИН ХАРВАЛАА
БНАСАУ өнөөдөр өглөө богино зайн тусгалтай хоёр пуужин харважээ. Пуужингууд 430 км зай туулан, 50 км өндөрт хүрч, Япон буюу Дорнод тэнгист унажээ. Өмнөд Солонгосын тал Хойд Солонгос богино зайн тусгалтай баллистик пуужинг тус улсад энэ өдрүүдэд болж буй цэргийн хээрийн сургуулилттай холбоотой харвасан байх магадлалтай гэж таамаглаж байна. Саяхан энэ бүсэд Ким Жон Ун ажилласан бөгөөд энэ өдрүүдэд Хойд Солонгост цэргийн зуны сургуулилт болж байгаа. Нөхцөл байдлыг ажиглаж байна гэж БНСУ-ын штабуудын дарга нарыг нэгдсэн хорооны төлөөлөгч мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )