АЯЛЛЫН ЗУРВАС: Хөвсгөл далайн хөлөг онгоц хөдөллөө

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Аяллын тэмдэглэлийн эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.

Хөвсгөл далайг нүдээр үзэж байсангүй. Замын турш шөнөжин асгарсан хүйтэн бороонд далай надад ер төсөөлөгдөхгүй байлаа. Талд бороо орохыг би мэднэ, харин далайд бороо яаж ордгийг мэдэхгүй. Эрчлэх давлагаа нь эргээ нүдэж буйгаар төсөөлөгдөх ч шуугих чимээ нь үл сонстоно. Эсвэл бороотой үед далай огт давлагаалдаггүй ч юм билүү, хэн мэдлээ. (Сэтгүүлч Э.Энхцолмон “Ганцаардлын 400 км”, Хөвсгөл нуурыг 20 хоног явган тойрон аялсан тэмдэглэлийн хэсгээс)

 

ХӨХ МЭДРЭХҮЙ

 

Дээрх тэмдэглэлээс ялгаатай нь бидний аялалд замын турш нар шарж, далайд ирсэн хойно хэдэн өдөр бороо орсон. Тийм болохоор далай дээр бороо орохыг нүдээр үзэх боломж надад хэдэнтээ тохиосон. Бороотой үед далай намуухан давлагаалж, бороон дусал бүрийг өөртөө уусган авах шиг санагдана.

Хатгал тосгонд ирсэн дөрөв дэх өдөр. Бороо зүсэрсээр л. Бид өнөөдөр Сүхбаатар хөлөг онгоцоор далайтай танилцах аялалд гарахаар бэлтгэж байна. Хөлөг дээр тоглолт тавихыг зөвшөөрсөн учир уран бүтээлчид хөгжим, тоног төхөөрөмжөө шалгаад, 16:00 цагаас өмнө далайн эргийн зүг хөдлөлөө. Сүхбаатар хөлөг онгоц энгийн үед өдөртөө хоёр удаа, баяр наадмын үеэр дөрвөн удаа далайд гардаг гэнэ. Гурван давхар “Сүхбаатар” хөлөг онгоцны хамгийн дээд давхарт уран бүтээлчид тоглолтын бэлтгэл ажлаа хангаж, үлдсэн хоёр давхарт аялагчид цугласан байлаа.

Зорчигчид бүгд суудлаа эзэлж, аюулгүйн журмыг хөлгийн захирал Ч.Үржинбадам танилцуулсны дараа “Сүхбаатар” хөлөг замдаа гарлаа. Салхи сөрөн хурдлах хөлөг дээр далай ажин явахад сэтгэл хөдлөл өөрийн эрхгүй байгалийн сүр хүчинд дарагдана. Эргэн тойрон ой, тайга, мананд өлгийдүүлсэн уулс. Далайн өнгө нэг хөх цэнхэр, нэг номин ногоон болох аж. Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдлага алга гэдэг биз дээ. Далай яг л ээж шиг минь дөлгөөн юм. Ийм учраас л хүмүүс Хөвсгөл нуурыг далай ээж гэж дээдлэхээс аргагүй. Бас нэгэн мартагдашгүй мөч тохиосон нь үүлэн чөлөөний наран... Саарал үүлсийн цаанаас нарны цацраг далайн мандалд тусжээ. Далай бүхэлдээ гялалзаж байв. Тэр үед хүн бүр аз жаргалтай болсон нь мэдрэгдэв. Огтоос хүйтэн байгаагүй мэт дулаахан боллоо. Дуур хуур, хөгжим наргиан хөлөг онгоцыг хөвсөлзүүлнэ. Байгаль гэдэг ямар их шидтэй юм бэ...

Сүхбаатар хөлгөөр зорчигчид тийм ч уйтгартай замыг туулдаггүй ажээ. Хөлгийн захирал өдөр бүр хөлөг дээр яваа ихрүүдийг тодруулж, хосуудад зориулан дуу өргөж, азтан шалгаруулж, замын турш инээд хөөртэй зорчуулдаг аж. “Сүхбаатар” хөлөг онгоц эргээс хөдөлж, хүслийн хад дээр очоод эргэнэ. Нэг талдаа 45 минут, нийтдээ 1 цаг 30 минутыг аялагчид онгоцон дээр өнгөрүүллээ.

 

УРЛАГИЙГ БҮТЭЭГЧ БАЙГАЛЬ, БАЙГАЛИЙГ БҮТЭЭГЧ УРЛАГ

 

Олон улсын уран бүтээлчид хэмээн нэрийдээд буй өнгө өнгийн үстэй, өндөр, туранхай, үргэлж дулаахан инээмсэглэл тодруулсан залуус эко-соёлын аяны гол багана нь болж байв. Тэд бороотой, хүйтэн өдрүүдэд хаана ч явсан хөл нүцгэн алхаж яваа харагдана. Голдуу хар өнгийн хувцас өмсөж, хачин жигтэй үйл хөдлөл гаргах нь олонтаатэднийг ахалж яваа Австрали улсын судлаач, уран бүтээлч Крэйг “Ихэнх нь хар хувцастай, жаахан аймаар харагдаж байгаа биз. Гэхдээ харьцаад үзвэл бүгд эелдэг шүү. Чамд таалагдана” гэсэн нь үнэн байлаа. Ямар нэгэн зүйл хүлээж суухдаа бодлогоширсон, байгалийн сайхныг биширсэн харц ихэнхээс нь ажиглагдана. Мөн зав гарвал авч яваа номоо бариад суучих нь сэтгэл татам. Ном, хөгжим, урлаггүйгээр амьдралаа төсөөлдөггүй зан чанар нь улс үндэстний зааг ялгааг эвдэж, хэл, соёл өөр хүмүүсийг нэгтгэж чаддаг. Заримдаа бид ярилцахгүйгээр ойлголцоно. Нэгэн рүүгээ инээмсэглээд өнгөрөхөд л хангалттай. Тийм л дотно хийгээд алс. Алс хийгээд дотно хүмүүстэй нэгэн үйл хэргийн дор нэгдсэн билээ.    

Уран бүтээлчид Хатгал тосгонд очоод нийт гурван удаа тоглолт хийв. Дуу, дүрсний хослол хийгээд орчин үед хамгийн ихээр хөгжиж буй "sound art"-аар голчлон бүтээл туурвидаг Бэрти Пэйж Клиник, Клаудбиэрд, Чий Вүүд, Крэйг Мэйсон, Тикал Де Мерү, Малайка Вера Клапхам, Бенжамин Ноа, Саймон Бак тэргүүтэй уран бүтээлчдын тоглолт эхнийх нь тосгоны Соёлын төвд, удаах нь Сүхбаатар хөлөг дээр, хамгийн сүүлийн Хөвсгөл далайн эрэгт боллоо. Урлаг хүнээс ямагт эрх чөлөөг шаардаж байдаг. Хамгийн сүүлийн тосгоны иргэд болоод газар газраас зорин ирсэн аялагчдад зориулан тавьсан тоглолт юунаас ч хараат бус, жинхэнэ байгальтай уусан нэгдэж байлаа. Урлагаар дамжуулж эко соёл, эко аялал жуулчлалыг уриалан, эко боловсрол олгохыг зорьж ажилласан бидний хэдэн өдрийн хөдөлмөр талаар болсонгүй. Энэ нь нутгийн иргэд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байгаагаас харагдаж байлаа. Ерөөсөө урлаг байгалийг сэрээж, эргээд байгаль урлагийг хөглөдөг аж.

Далайн эрэг дээр тоглолтоо тавьсан тэр өдөр тэнгэр хангай биднийг ивээж бороо орсонгүй. Нартай сайхан өдөр өнгөрлөө. Ер бусын мэдрэмж төрүүлэх хөгжмийн хэмнэлд нүдээ анин дулаахан төөнөх нарны элч бүрийг сэтгэлдээ шингээв. Дараа нь эргэн тойрноо удаан гэгч ажиглалаа.  Салхи салхилж, түүнд туугдан ирсэн өвсний үнэр хамар сэтлэх шахам. Тийм цэвэр, хүчирхэг үнэр. Би өмнө нь ийм зүйлийг мэдэрч байсан билүү... Зөгий нисэх, шоргоолжгүйлдэх, үүлсийн хэлбэр, уулсын өнгө, далайн давлагаа, өвсний үндэс, үзүүр нахиа, түүн дээр тогтсон шүүдэр, эцэст нь энэ бүгдийг тодорхойлох хоёрхон үг. Байгаль амьтай.

 

БАЙГАЛЬ ШИГ ОМОГ БАРДАМ БАЙХ

 

Хөвсгөл далайгаас Эгийн гол эх аван урсдаг. Нэг мэдэхэд Хатгалаас буцахад ганцхан хоног үлдсэн байлаа. Өмнө минь Эгийн гол цэлэлзэн үзэгдэнэ. Голын дээгүүр цахлай ниснэ. Би гутлаа тайлж бариад голын зүг алхлаа. Гадаа нар шарна. Холыг саравчилбал нутгийнхны шүтэн залбирдаг Урандөш уулнаа манан татаж, хөвөн цагаан үүлс хүрээлжээ. Эргэн тойрон эндхийн хүмүүс “Муурын байшин”гэж нэрлэдэг гурвалжин дээвэртэй жижигхэн дүнзэн байшингууд элбэг. Ямархан нэгэн нь эдгээр “Муурын байшин”-д аж төрөн суудаг юм бол доо гэх бодол толгойд ээрнэ. Сэтгэл хачин тайван. Голын эрэг нэлээд зайтай аж. Хатгалд нар, хур тэгширсэн сайхан зун болж байна. Үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон Цагаан-Уул цэцэг талаар нэг дэлгэрчээ. Цэцэгс дундуур алхаад л байлаа. Хүн мөнх биш ч байгаль үхэшгүй. Үхэшгүй мөнх бүхний төлөө...

Эгийн голын усанд хөлөө дүрэхэд хайрга чулуудын зарим нь гөлгөр, зарим нь хурц ирмэгтэй байгаа нь мэдрэгдэнэ. Хэрэв гол нуур, далай тэнгисийг хүний сэтгэл гэж төсөөлбөл эдгээр чулууд дурсамжтай ижилхэн. Хүний сэтгэлд гараа дүрээд үзвэл өвтгөх, дулаацуулах, тайтгаруулах гээд олон олон дурсамж тэмтрэгдэнэ. Энэ голын чулуу бүр байгаль эхийн дурсамжийг өөртөө тээн, олон зуун жилийн турш оршжээ.

Хаана ч очсон хүн өөрөөсөө зугтаж чаддаггүй гэдэг. Өөрийнхөөрөө байх, омголон бардам байхын учрыг ойлгож, мэдэрдэг хүн хэр олон бэ. Хэн нэгний зааж зааварласан, засаж янзалснаар явбал би өөрөөсөө алсран холдоно. Тиймээс ч заримдаа надад өөрийн зан чанартаа талархах сэтгэл төрдөг. Харин заримдаа хазаарлах учиртайг мэдэрдэг. Яг үнэндээ хол замд явахад би хэн бэ,  миний бүтээж байгаа амьдрал чухамдаа ямар утга учиртай вэ гэдгийг эрж хайсаар, дотроо бясалгах сайхан боломж гардаг. Хэн чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэн чамайг өөрчлөхийг хүсэж байна. Эргэн тойрноо ажиглаад үз. Хол очоод, эргээд нэг хар... Энэ бүх эргэцүүллийг байгалиас л анирдах боломжтой аж. Эцэст нь өнөөх асуулттайгаа дахин нүүр тулах боллоо. “Эх орон” гэж юу вэ?

Эх орон бол таны ээж, аав. Эх орон гэдэг бидний судсаар чинь гүйх цус, гэгээн, үнэн бүхний гэрч болсон нулимс, амьд оршин байгааг илтгэх зүрхний цохилт. Эх орон бол бүх зүйл. Би өөрөө эх орон. Эх орон бол би. Өөртөө хүсдэг бүхий л сайн сайхнаа эх орондоо ч мөн хүс. Эцэст нь та бодоод үзээрэй. Өөрийгөө, гэр бүлээ, үнэ цэнтэй бүхнээ хайрладаг шиг эх орноо хайрладаг сан бил үү, бид?

Хүн энэ дэлхийн эзэн нь биш ээ. Зөвхөн энэ гайхалтай ертөнцөөр түрхэн зуур аялж яваа аялагчид. Амьдрал өөрөө аялал гэдгийн учир тэр. Гэвч үүнийг хүн бүр омоорон муйхарлаж, байгаль дэлхийн эзэн мэтээр өөрсдийгөө сэтгэж, онгон дагшин бүхнийг сүйтгэж байна. Гэвч эцэс сүүлд бүгд л үнэнд гүйцэгдэнэ. Эх дэлхий бидний орон гэр болохоос бүтээсэн өмч биш билээ.

Эко аяллын энэ удаагийн зорилгодоо хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц болох Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг олон улсын болон үндэсний хэмжээний анхаарлын төвд оруулах гэгээн зорилготой энэхүү аялалд Монголын байгаль орчныг хамгаалагч идэвхтэн судлаачид, иргэний нийгмийнхэн, хуульч­, эко сэтгүүлчдийн баг нэгдэж, Хөвсгөл нуурыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхэд нөлөөлөхийг хүсэж байгаа билээ.

ЮНЕСКО-гийн соёлын өвийн гол шалгууруудын нэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлага. Түүнийг хангахын тулд “Хөвсгөл далай эзэд”, “Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачилга” гэсэн дөрвөн ТББ нэгдэн, цуврал арга хэмжээ зохион байгуулж байгааг дурьдах ёстой. Хөвсгөл далайг зорьсон олон улсын зочид, уран бүтээлчид өөрсдийн орныг зорьж очсон хойноо Монголд зорчсон сэтгэгдэл, судалгаа, бүх зүйлээ олон улсад сурталчлах үүрэг хүлээж байгаа. Тэдний сэтгэлийн утсыг Монголын гайхамшигтай байгаль, Хөвсгөл далай ээж хөндөж, гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэд бүгдээрээ үүнтэй санал нэгдсэний гэрч нь бид байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zichin(91.178.17.87) 2019 оны 07 сарын 26

Mongold dalai baidag bolson yumu haha, gazar zuin medleggui huurhii, gazariin zurag haraach, mingold dalai baidgui yum, Huvsgul murun gej bdag

1  |  0
Top