АЯЛЛЫН ЗУРВАС:: Хөдөөгийн буйд, Хөвсгөл далайн эгшиг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

“Далай ээж” эко-соёлын аяны хүрээнд Хөвсгөл нуурыг зорьсон аяллын тэмдэглэл


Хөвсгөл нуурын эргийн шугам 414 км. Энэ зам тийм ч амар хялбар биш. Хатгалаас Ханх руу өгсөхөд моторт тэрэг урд хормойг нь мөргөн зогсож, зөвхөн мориор л давж цаашилдаг өндөр даваа гүвээ, цавчим хясаа олон дайралдана. Нэг тодорч нэг алсрах бүдэгхэн шороон жимээр өөрийн сүүдрээс өөр ханьгүй ганцаар алхахад хүний бараа харахгүй хэд хонох нь энүүхэнд. Энд зөвхөн эцэс төгсгөлгүй тайга л үргэлжилнэ... /Сэтгүүлч Э.Энхцолмон “Ганцаардлын 400 км”, Хөвсгөл нуурыг 20 хоног явган тойрон аялсан тэмдэглэлийн хэсгээс/

Хөвсгөл далайг үзэх сэн гэх хүсэл чухам энэ тэмдэглэлээс л улбаатай юм. "Ганцаардлын 400 км"-ийг уншиж, ганцаардахын хүслэнд автаад хэдийн жил гаруйн хугацааг үдсэний босгон дээр гэнэт л нэг өдөр зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо. Гэнэтийн бүхэн сайхан. Маргааш өглөө олон хүний бүрэлдэхүүнтэй баг Хатгал руу хөдлөх гэж байгаа гэнэ. Чи явах уу? гэх үгсийг сонсоод наадмын хоёр хоног ажиллах байснаа ч умартан шууд л тэгье гэж зөвшөөрөв. Ингэж л аялал эхэлсэн билээ.

 

I

Урьд өмнө очиж байгаагүй газар орон хүнд үргэлж өөр мэдрэмж, өөр ухаарлыг өгдөг. Шинэ аялалд гарахтай зэрэгцэн шинэ асуулт сэтгэл дотор ургах нь миний хувьд бараг  л уламжлал болжээ. Харин энэ удаа “Эх орон гэж юу вэ?” гэсэн асуултыг сэтгэлдээ үндэслүүлээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хатгал тосгоныг зорилоо. Энэ асуулт надад хуучин анд эсвэл эртний танил шиг тийм дотно хэдий ч өдийг хүртэл үл таньж чадсан хөндий мэдрэмжийг төрүүлдэг. Улаанбаатараас Хатгал тосгон хүртэл 920 км. Орон хотоосоо гараад олон хоног замд явах нь одоо нэгэнт хүнд, хэцүү санагдахаа больжээ. Харин ч манан буданд хучигдсан өндөр уулс, өтгөн ой, цайдам тал, цэнхэртэн үзэгдэх их мөрөн гээд байгаль эхийн ер бусын үзэсгэлэнт төрхийг хараад өөрийн эрхгүй биширч байгаа өөрийгөө төсөөлөн, сэтгэл хөдөлнө. Мөн шинэ соёл, хүн зонтой танилцах нь сонирхол татам.

Сэтгүүлчийн ажил надтай хаа ч явсан холбоотой болоод их ч биш, бага ч биш хугацааг үдсэн байна. Энэ мэргэжил надад хааяа эрхэм санагдаж, заримдаа үнэ цэнэ нь буурчихдаг. Хийж буй ажлынхаа үнэ цэнэ, мөн чанар, үнэт зүйл, бүтээж болох боломжийн талаар бодоогүй өдөр хоног надад бараг л үгүй. Тэр л бүтээж болох боломжийнхоо хүрээнд “Хөвсгөл далай эзэд”, “Түгээмэл эрх хөгжил”, “Дөрөв дэх өнцөг”, “Захиргааны шинэ санаачилга” гэсэн дөрвөн ТББ-ийн санаачлан, зохион байгуулж буй “Далай ээж” эко соёлын аянд нэгдэн, далай ээжийгээ зорьж яваа минь энэ. Сайн дурын аяны хүрээнд нийт долоон орны 30-аад уран бүтээлч Монголыг зорин иржээ. Зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин, ая зохиогч, гэрэл зурагчин гээд Монгол орныг бүхий л талаас нь олон улсад сурталчлах зорилготой уран бүтээлч, аялагчид цугласан байв.  

Олон улсын уран бүтээлчид тоглолтынхоо бэлтгэлийг хийж буй нь

Аяны гол зорилго Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц болох Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг олон улсын болон үндэсний хэмжээний анхаарлын төвд оруулах. Аяны эцэст Монголын байгаль орчныг хамгаалагч идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн төлөө­лөл, хуульч­дын баг хамтран ажиллаж, Хөвсгөл нуурыг Нэгдсэн үндэсний байгууллага буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх хүсэлтээ өргөн барих юм. ЮНЕСКО-гийн соёлын өвийн гол шалгууруудын нэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлага.

“Далай ээж” эко-соёлын аян Зохион байгуулагчдын баг, Австрали уран бүтээлчдийн баг, Азийн уран бүтээлчдийн баг, “UB team” баг гэсэн дөрвөн бүрэлдэхүүнтэйгээр Хөвсгөл нуур руу хөдөллөө. “UB team” багт чөлөөт уран бүтээлч, зураачид гэр бүлийн хамт яваа аж. Тэд аяны хүрээнд Хатгал тосгоны Соёлын төвийг тохижуулах ажилд гар бие оролцохоор сэтгэл зүрхээрээ нэгджээ. Надад тохиосон бас нэгэн боломж нь зураачидтай хамт явах байв. Зураачдын гэр бүлтэй хамт явахад хөгжилтэй, чөлөөтэй, хайр дүүрэн.

Наадмын өмнөх өдөр Улаанбаатараас хөдөлсөн бид хоёр хоногийн дараа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд очив. Өглөө эрт гараад шөнөдөө оччихдог газар хоёр өдрийн дараа очсон нь учиртай. Аялагчдын өдрийн норм 200 км байдаг. Тиймээс ч замдаа амарч, алжаалаа тайлж, ядрахгүйгээр аялахын утга учрыг тэднээс олж харах шиг болсон. Амьдралд олон учрал тохиол бий. Учрал бүхэн ямар нэгэн утга учрыг дотроо агуулдаг гэдэгт итгэдэг. Тиймдээ ч хамт явсан зураач гэр бүлүүдээс олон олон өвөрмөц санааг олж авсан билээ.

Хатгал тосгонд наран жаргаж байна

 

II

Хатгал тосгонд очсон өдрөөс хойш гурав, дөрөв хоног үргэлжилсэн бороо орж бүр сүүлдээ цөхрүүлж орхив. Ер нь хүн аливаа зүйлд цөхрөхдөө туйлын амархан гэдгийг энэ үеэр илүү мэдэрсэн. Тэнгэр онгойж, бороо зогсох шинжгүй. Бороотой өдрүүдэд Хатгал тосгон анир чимээгүй, туйлын дүнсгэр, нам гүм.

Хөвсгөл далай өвөл мөстөж хөлдөхөд далай “унтлаа”, хаврын уринаар хайлж эхлэхэд далай “уналаа” хэмээн нутгийн олон ярьдаг аж. Сэтгэл татам хэллэг байгаа биз. Мөн нутгийн иргэд өглөө бүр “Өндөр бүрэн хаан аав минь, Өргөн далай ээж минь” хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай. Мөрөн голоосоо ундаалан амьдардаг хүмүүс ийм яруухан байхгүй гээд ч яах вэ.

Харин нуурын зах руу ирэхэд амьдрал ид буцалж байлаа. Баяр наадмын өдрүүд таарсан болоод ч тэр үү газар газраас зорин ирсэн жуулчид олон. Гэр, байшин баазаас авахуулаад модны зах, ер нь зай завсар гарсан газар бүртхү­мүүс майхнаа зоож, өөрсдийн орон зайг олон тухалжээ. Эх сурвалжийн тоо баримтаас үзвэл Хөвсгөл нуурын эргэн тойронд 179 жуулчны бааз, гэр буудал байгаагийн 60 нь жуулчны бааз, 119 нь гэр буудал. Бүтцийн хувьд нуурын зах орчимд хэт шигүү газар олгосон нь машин зөрөх нь битгий хэл хүн явган явахад ч бэрх нөхцөл байдлыг үүсгэжээ. Гэхдээ Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг өвөлдөө мөсний баяр, зундаа улсын их баяр наадмаар л ийн хүний хөлд дарагддаг аж. Бусад үед жуулчид тасардаггүй ч хамгийн ачаалалтай үе нь баяр наадмын өдрүүд байдаг юм билээ.

Байгаль хамгаалах соёл, эрх зүйн мэдлэгийг урлагаар дамжуулан түгээх нь эко-соёлын аян гэж нэрийдсэний гол утга учир. Уран бүтээлчид Хатгалд очсон оройдоо Соёлын төвд тоглолт хийлээ. Бороотой үдэш тосгоны иргэд биднийг зорин ирсээр нэг л мэдэхэд заал дүүрчээ. Яг үнэндээ дээд түвшний урлагийг хөдөөгийн буйдад, тосгоны соёлын төвд үзүүлэхэд хэн ч ойлгохгүй гэж бодож байв. Гэхдээ хэн хэн нь зориод ирнэ гэдэг сайн хэрэг.

Хийц, загвар нь гадаадын жуулчдын сонирхолыг татахаар гар урлалын гоёл чимэглэлүүд

Маргаашнаас нь харин миний энэ бодол аажмаар өөрчлөгдсөн юм. Би хэтэрхий ахархан бодсон байж. Өглөө болоход жуулчдын хөлөглөж ирсэн автобусны гадаа нутгийн иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа таваараа борлуулах гээд ирчихсэн байлаа. Чулуун ээмэг, зүүлт, малгай, ороолт, цүнх, монгол дээл хувцас, хөргөгчийн наалт сэлтээс эхлээд хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг аялагчдын сэтгэлийг эрхгүй татах эд хэрэглэлүүд газраар нэг эрийж үзэгдэнэ. Мөн барааны хийц, загвар, өнгө, үзэмж нь орчин үеийн бөгөөд донжтой. Хамгийн сонирхолтой нь худалдаачид бүгд ярианы англи хэлтэй байв. Ер нь Хатгалынхан бүгдээрээ ярианы англи хэлтэй болжээ. Анх мориор бараагаа зөөдөг байсан иргэд аажимдаа мотоциклтой наймаа эрхлэх болж, сүүлдээ машин худалдаж авсан тухайгаа ч ярьцгааж байлаа.

Энэ бүхний дараа Хатгал тосгон аялал жуулчлалаа дагаад хөгжиж байгаа юм байна гэдэгтэй санал нэгдэв. Намхан хашаа, өнгө өнгийн дээвэртэй дүнзэн байшингууд, зам дагуу ургуулсан өндөр мод, орчин үеийн загвар, шийдэл бүхий кафе, арт галерей, дэлгүүр хоршоо, хоолны газруудаас эхлээд нийтийн халуун ус нь хүртэл тав тухтай, цэвэрхэн юм.

Борооны дараах Хатгал тосгон

 

III

Аливаа зүйлийн мөн чанар хүнийг дандаа эцээж байдаг. Хэт холоос бүхий л зүйлс үзэсгэлэнтэй харагдах нь олон. Мөн чанарт дөхөх тусам, ойр­тох тусам тамир бараг­дам санаг­дана. Тэгж бүхий л эрчим, хүч чадлаа шавхан байж олж ав­сан зүйл эргээд эзэндээ оюун санааны хувьд насан туршийн эрчим хүч болдог юм шиг. Хэдий олон өдөр бороо орсон ч бүх хүн дор бүрнээ өөрсдийн үүргийг биелүүлсээр. Хаана, ямар хүмүүстэй, юу бүтээлцэж яваа нь хүний амьдралын утга учрын тэн хагасыг бүрдүүлдэг ажээ. Аяллын багийнхан маань надад тэвчээр хийгээд тууштай байхын утга учрыг зааж өгсөн шиг.

Аялалд гарахаас өмнө хотод “Улаанбаатар” олон улсын медиа арт наадам болсон юм. Наадмын хүрээнд олон улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг үнэ төлбөргүй гаргасан билээ. Үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь “Tree” буюу “Мод” нэртэй. Орчин үеийн VR технологийг ашиглан сонсох, үнэрлэх, харах, хүртэх зэрэг мэдрэхүйгээрээ өөрөө мод болон ургахыг мэдрүүлж байв. Хоёр хөл модны нарийнхан нахиа байсан бол аажим аажмаар урган өндөр, залуу, хүчирхэг мод болдог. Аль болох олон хүмүүс яг энэ мэдрэмжийг аваасай гэж хүссэн боловч бараг дөрвөн удаа үзэсгэлэн дээр очиход хоосон хэвээрээ  байсан тэр дүр зураг санаанд гэнэт буулаа. Тэр үед харамсалтай бас гунигтай санагдсан. Үүнээс ч илүү намайг бүчиж байсан мэдрэмж бол эмгэнэлтэй санагдах явдал.

Үүнтэй агаар нэг зүйлийг Хатгалд ирээд ч мөн олж харав. Бидэнд “Далай” гэж дээдлэн дууддаг нэг л нуур бий. Гэтэл Монголчууд Хөвсгөл далайгаа баяр наадмаар л тоодог ард түмэн гэдгийг олж харах сэтгэл хэчнээн эмзэглэм. Хамгаалалт, зүй зохистой ашиглалтын талаар хэн, ямар дорвитой санаачилга гарган ажиллаж байна вэ? Энэ л үнэн бөгөөд хатуу нөхцөл байдлыг олж харахад сэтгэл өвдөж байлаа.

Дараагийн өдрүүдэд биднийг далай ээжтэйгээ танилцах, соён гэгээрүүлэх үйл хэрэг эхлүүлэх, сургууль, соёлын төвийг зургаар тохижуулах, “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялах зэрэг олон сонирхолтой ажил хүлээж байлаа...

 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.114) 2023 оны 05 сарын 27

Тэр дээд түвшний урлаг нь тэгээд юу байв? Нэрийг нь тухайлж авах завшаан мунхаг бидэнд олдсонгүй дээ.

2  |  0
Top