Хөвсгөл нуурын аялал сэтгэл сэргэм шидтэй билээ. Тийм ч учраас амралтаа аваад хаашаа явах вэ гэдэг асуултын эхний байруудын нэгийг “Хөвсгөл нуур” хэмээх чиглэл баталгаатай эзэлж ирсэн. Байгалийн сайханд далайн давалгаа сонсон сууж, эрэг дээр нь гэрэл зургаа татуулан мөнхжүүлэхийг хүсэгчдийн урсгал хөвөрсөөр лавтайяа хэдэн арваныг үдсэн байх. 90-ээд оноос өмнө “Жанхайн амралт” хэмээх алдартай газрыг зорих “дээдэс” тоотой хэдхэн байсан тэр цаг улирч, Хөвсгөл нуурын эргийг эмжин байршсан 100 гаруй амралтын газраас сонголтоо хийж буй нь энэ цагийн аялал жуулчлалын өнгө төрх болжээ.
“Хүннү эйр” компанийн онгоцоор зорчихоор тийз аван суусан зорчигчдын дөрөвний гурав нь гадаадын жуулчид, үлдсэн хэсэг нь монголчууд байлаа. Энэ онгоцоор 160 гаруй зорчигч Мөрөнд газардахад аяллын том оврын автобус, микро автобуснууд эгнэн зогсож байгаад жуулчдаа суулган Хөвсгөл нуурын зүг хөдөлнө. “Хүннү эйр”, “Аэро Монголиа” компанийн хоёр онгоц өдөр бүр нисээд байхад л Мөрөн чиглэлийн суудал ямагт эрэлттэй, бас олдохгүй талдаа байх нь “Хөвсгөл нуур” хэмээх брэнд Монголын аялал жуулчлалын салбарын томоохон ачааг нуруундаа үүрч явааг илтгэх ажээ.
Далай ээжийн хөвөөнд амралтаа эхлүүлэхээр Мөрөнгөөс Хатгалын зүгт хөдөллөө. Хаа сайгүй зуншлага сайн байгаа аж. Байгалийн сайхныг харж баясан явсаар Жанхайн давааг давахад нуурын мандал цэлсхийн гарч ирлээ. Сайжруулсан шороон замаар явсаар өгсүүр өөд гарч “Баян-Улаан” амралтын газарт ирэв. Бусад баазуудтай харьцуулахад өндөрлөгт орших тус газрын “Шовгор-1” хэмээх жижгэвтэр дүнзэн байшинд төвхнөснөөр амралтын маань хамгийн чухал өдрүүд эхэлсэн билээ.
Ном уншиж амрах шиг сайхан жаргал үгүй
Сэтгэл оюунаа амраахаар Хөвсгөл нутгаа зорин гарахдаа польш судлаач Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номыг үүргэвчиндээ хийсэн минь санамсаргүй хэрэг биш байлаа. Хөвсгөл нуурынхаа толин мандлыг ажиглан, далайн давалгааны чимээг сонсон суух жаргалтай мөчид ном бид хоёр хүүрнэх мэт санагдаж байв.
...1920-иод оны Хатгал суурин, Хөвсгөл нуурын эрэг дагуух амьдралыг нүдэнд харагдтал бичсэн хэсгүүд нь цаг хугацаагаар аялах боломжийг надад олгож, 100 жилийн өмнөх Октябрийн хувьсгалын дараах болон Ардын хувьсгалын өмнөх үеийн ороо бусгаа цагт хөтлөн аваачих ажээ. Амар амгалан амьдрал гэгч хэчнээн чухал болохыг ойлгуулах шиг, амар тайван амьдрал амар олдоогүй юм шүү гэдгийг учирлах мэт санагдана. Үдшийн сэрүүнд галын илчинд дулаацан суухуй зуухан дахь хар мод чад падхийн асах чимээ сонсдох нь амарч буй гайхалтай мэдрэмжийг улам тодотгох мэт...
Өглөө эртлэн босож шүүдэр буусан чийглэг өвсөн дээгүүр мөр гарган алхахуйд шувуудын ширгээ, далайн давалгаатай хослон чихнээ чимэг болон эгшиглэхийн сацуу цэцэгсийн анхилам үнэр, цэнгэг агаарт мансуурах мэт санагдаж байв. Ойд алхаагүй уджээ. Арын ойд байгаль эхийн тансаг бүтээлээр нүд, сэтгэлээ баясгаж, цэцэгсийн үзэмж, моддын сүрдэм төрхийг бишрэн хаашаа ч үл яаран алхлаа. Ийм үзэсгэлэнтэй байгальд амрахын тулд заавал тав тух шаардаад ч яадаг юм гэх тэрслүү бодол төрж буй нь хачин. Өглөөний цайгаа уухаар суухад зоогийн газрын цонхоор Далай ээжийн үзэсгэлэнт төрх нэн ойр харагдаж, давалгаан чимээ үе үехэн дуулдах нь амьдралын сайхан агшинд минь хөг эгшиг нэмэх ажээ.
Хатгалаас 27 км зайд байрлах “Баян-Улаан” бааз нь амрагчдаа тохь тухтай байлгах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон нь амралтын газрын өнцөг булан бүрт анзаарагдана. Боловсон бие засах газрууд, шүршүүр, гадаа суух сандал, олуулаа сууж тухламаар гоёмсог сүүдрэвчүүд, далайн эрэг дэх усан зогсоол, эргийн сүүдрэвч, далай руу бууж очдог шат гээд дутуу юм үгүй. Мэдээж байшин, гэрүүд нь ангилал, зэрэглэлтэй, хоол нь бас дажгүй. Ажилтнууд нь залуус голдуу харагдсан. Ярилцаж үзвэл оюутнууд дийлэнх. Хамгийн гол нь сэтгэлээ шингээсэн үйлчилгээ үзүүлдэг, эелдэг боловсон харьцаатай хүмүүс болох нь гуравхан хоносон надад нэн тод мэдрэгдсэн билээ. Олон хэлийн зочид эднийд ирж амардаг, менежер нь ямар ч байсан ойлголцоод л хүссэн үйлчилгээг нь сэтгэлд хүртэл үзүүлж чаддаг нь ч анзаарагдаж байв. Амралтын газрын эзэгтэй Амараа ирсэн зочин бүрээ найрсгаар угтан авч, ёс төртэй үдэж өгдөг нь үнэхээр таалагдсан. Амрагч бүрийг сүү өргөөд л үддэг гээд бод доо.
Ийм орчинд кофе уунгаа ном уншаад л тухалж суух шиг сайхан жаргал үгүй байлаа. Амар амгаланг бүрэн утгаар нь мэдэрч, басхүү цаг хугацаагаар аялан номтой нөхөрлөж суусан намайг морьдын тургих чимээ огт өөр зүгт хөтөлсөн юм. Бидэнтэй хамт энэ амралтын газарт тухалсан солонгос жуулчид морин аяллаас ирж буй нь энэ ажээ. Гэнэт морь унамаар санагдлаа. Гүйх шахам очиж хөтөч залуустай ярилцан тохиролцсоноор нэг цагийн морин аялал хийх болов. Гучаад жил морины нуруун дээр гаралгүй “завсарласан” би вээр хөтчөөр дэмнүүлэн мориндоо мордож, хөтлүүлсээр амралтын газраас хөдөлсөн юм.
“МОРИН АЯЛАЛ” ХЭМЭЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН
Хөтөч залууг Болдбаатар гэх агаад 100 гаруй адуутай, түүгээрээ морин аяллын бизнес эрхэлдэг аж. Тэрбээр цэргийн албанд явахаасаа өмнө Хөвсгөл нуурын эрэгт ажиллаж үзээд, улмаар цэргээс халагдмагцаа гэр бүлийнхнээ нүүлгэж, адуугаа туугаад Архангайгаас Хатгалд ирж суурьшжээ. Энд 11 жил амьдарч буй учир эндхийн хүн болсон гэж ярина. Архангайнх гэж сонсоогүй бол мэдэхээргүй хэмжээнд дархад аялгуугаар ярих түүнээс, нутгийн аялгууг яаж ийм сайн сурав аа гэхэд, толгойгоо илж инээмсэглэн, “Ярьсаар байгаад л сурчихлаа” гэж байсан юм.
Би мориныхоо жолоог өөрөө авч, хөтөч залуутай дөрөө харшуулан явахыг эрмэлзсэн ч хүнээр дэмнүүлэн мордсон надад морь маань итгэж өгөхгүй, яг л хөтлүүлж яваа мэт араас нь даган гэлдэрнэ. Гайхаж гүйцсэн би вээр хөтчөөс “Морьд чинь дандаа ингэж хөтлүүлж яваад сурчихсан юм уу” гэж лавлахад, “Уг нь энэ морь өнөөдөр хоёр дахь хүнээ л аваад явж байгаа даа” гэлээ. Монгол морьд ухаантай гэдэг нь туйлын үнэн аж. Аяллын морьд явах замаа маш сайн мэддэг нь илт байсан учир жаахан зоригтой хүн бол хөтөчгүй явсан ч болохоор санагдаж байлаа.
Далайн эргийн гайхалтай сайхан төрхийг сэтгэлдээ тогтоож авахыг эрмэлзэхийн зэрэгцээ хөтчөөс элдвийг асууж сонирхон ам хуурайгүй явлаа. Хөтөч залуугийн хувьд, морь унуулах бизнес нь дажгүй орлого оруулдаг тухайгаа дуртайяа хуучилж байв. Морин аяллыг ихэвчлэн гадны жуулчид захиалах бөгөөд сүүлийн үед монголчууд ч бас сонирхдог болсон гэнэ. Мөн холын морин аялал сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Гадаадынхнаас австраличууд моринд сайнаараа ялгардаг бол, солонгосчууд морь унахдаа хамгийн тааруу нь байдаг аж. Харин холын морин аялалд явсан ямар ч хүн аяллынхаа төгсгөлд моринд чамгүй сайн нэгэн болж чаддаг байна.
Ийнхүү морин аяллын бизнесийн эргэн тойронд өрнөсөн яриа үргэлжилсээр, морь унуулдаг хөтөч залуусын зарим нь гадаад эхнэртэй болдог тухай сэдэв рүү халихад, тэрбээр “Сайндаа л нэг гадаад орон үзнэ биз” гээд тоосон шинжгүй хэлэх нь аяллын маань хөгжилтэй агшны нэг байсан юм. Хөвсгөл далайн эрэг дагуу морин аялал хийхийг хүсвэл хөтөч болон мориндоо тус бүр цагийн 15.000 төгрөг төлж аялна. Харин холын морин аялалд долоо хоног явах бол мориндоо өдрийн 50.000 төгрөг, хөтөчдөө 35.000 төгрөг төлдөг, мөн олон морьтой аялал хийх бол морины үнэ 25-30 мянга болж хямдарна гэхчлэн үнэ ханшийн мэдээллээ ний нуугүй хуваалцсан юм. Хөтөч Болдбаатарын дүү нь моторт завиар жуулчдад үйлчилдэг, ах нь Архангайдаа жуулчдад морь унуулах бизнес эрхэлдэг, ээж аав, ах дүүс нь гар урлалаар дагнадаг гээд гэр бүлийнхэн нь бүгд л аялал жуулчлалын салбарт ажиллан орлого олдог ажээ. Ийнхүү явсаар аяллынхаа хамгийн өндөрлөг цэгт хүрч ирлээ.
Ай Далай ээж минь! Хоймор нутгийн чимэг болсон Хөвсгөл далай минь дэндүү сайхан, бүр дуу алдам үзэсгэлэнтэй ажээ. Ийм өндөрлөг цэгээс л Хөвсгөл далайнхаа аугаа цар хүрээг ухаарч, номин хөх өнгөөр туяарах усан мандалд нь тольдох Монголын хөх тэнгэр, Хөвсгөлийн Хорьдол Сарьдагийн уулс, Уран дөш хайрханы сүр жавхааг олж харан мэдрэх буй за. Яг энэ үед “Сайн зургийн аппараттай, бас зураг авч чаддаг байсан ч болоосой” хэмээн үнэн сэтгэлийн угаас харамссан билээ. Байгалийн сайхныг харагдаж байгаа шиг нь буулгаж зургийг нь дарна гэдэг үнэхээр л онцгой авьяас, бас тусгай мэргэжил юм даа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй...
Морин дэл дээрээс олж харсан үзэсгэлэнт байгаль сэтгэлийг минь ариусган цэлмээж, нэн онцгой бөгөөд нандин мэдрэмжийг төрүүлэх нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан ажээ. Мориор цаг орчим аялж нэлээд хол газрыг туулахдаа Хөвсгөл далайнхаа үзэмжит байгалийн үзэсгэлэнг харж мэдрэн, сэтгэл нэн догдлоосон нэгэн цагийг өнгөрүүлсэн билээ. Хүний хөл алсрах тусам далайн ус улам илүү тунгалагших агаад ёроолын чулуу нь өнгө ялгаран үзэгдэх нь нэн бахдалтай. Одоо л энд буугаад уснаас нь уумаар санагдана. Цаашлах тусам (Ханх зүг рүү) амралтын газрууд хоорондын зай нэг нэгнээсээ холдож, өтгөн шигүү өвс ургамал, өнгө өнгийн цэцэгс алаглан найгах нь үзэмж төгс ажээ.
“Морин аялал” хэмээх аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь аялагчдадаа байгаль дэлхийн гоо сайхныг гүн гүнзгий мэдрүүлж, Далай ээжийн үзэсгэлэнт төрхийг нэн ойроос, маш тод бөгөөд нээлттэйгээр дэлгэн харуулж чаддаг ажээ. Сэтгэл ихэд догдлон, цог хийморь сэргэж буй мэдрэмж төрөх нь Далай ээжийн минь хайр ивээл буй за.
Бид нутгийн овоонд гишүү нэмэхээр буудаллав. Морьдоо модноос уяад овоон дээр очвол энд тэндгүй хөсөр хаясан цаасан аяганууд хөглөрч харагдлаа. Хөтөч залуу аягануудыг түүж бөөгнүүлэх зуураа “Хэдийгээр цаасан аяга, байгальд шингэдэг ч гэсэн шингэтлээ удна шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлнэ. Байгаль эхийн хишгийг хүртэж амьдардаг хүн бүр ийм л байгаасай...
Гишүү түүж овоондоо өргөөд, нар зөв гурвантаа тойрцгоолоо. Овооны дэргэдээс Хөвсгөл далайнхаа сайхныг дахин нэг бахдан харж амсхийгээд буцах замдаа орох болов. Хичээж байгаад өөрөө мориндоо мордлоо. Морь минь ч дэрвэлзээд явчихлаа. Хазаар булаан давхих шахам хатируулах хөнгөн хөлтэй хүлэг морь болон хувирлаа шүү. Намайг хүлээн зөвшөөрч буй нь энэ юм байх даа. Буцах замаа сайн мэдэж байна гэж жигтэйхэн. “Морь минь хоёулаа ингэж гэнэт онгирохгүй шүү” гэж хошигнон хэлэхэд минь ойлгоод байгаа шинжтэй. Ойн дундуур модны мөчирт гуядуулахгүйгээр явна гэдэг бол хангай газарт морь унаж буй хэн бүхнийг сорьдог шалгуурын нэг. Хүүхэд насны дурсамжийг амилуулсан бодит байдал дунд энэ шалгуурыг ч бас давсаар ойгоос гарлаа. Мориндоо тоогдсон аялагч би вээр хөтчөөсөө түрүүлэн бааз дээр ирсэн юм. Сэтгэл нь хөөрч, дуу нь чангарчихсан хүн орж ирлээ гэж хүү минь намайг “тодорхойлсон” билээ. Монгол хүн, монгол морь хоёр хамтдаа байсан цагт үеийн үед ийм л байсан, ийм байх ч болов уу.
Хүслийн хадыг зорьсон далайн аялал
Маргааш өглөө нь эртлэн босож далайн аялалдаа бэлтгэлээ. Бороошиж магад хэмээн цуваа өмсөв. Далай дээр сэрүүвтэр байдгийг мэдэх тул дулаан хувцаслалаа. Удалгүй хоёр завь ирж бидний хэдэн хүн хуваагдан сууцгаав. Борооноос хамгаалах сүүдрэвчтэй, 10-аад хүн элбэг багтах хэмжээний шинэвтэр завины суудалд тухалснаар Хүслийн хад руу зорчих бидний аялал эхлэв. Далайн давалгаа зөөлөн долгилно. Ус үсчүүлэн цагаан мөр татуулсаар хурдлан давхих завин дээрээс харахад амралтын газруудын бараа жирэлзэн өнгөрч жижигрэн холдсоор алсрав. Эргэн тойронд номин цэнхэр өнгөт далайн давалгаа мяралзан, алсад Хорьдол Сарьдагийн уулс, Уран дөш хайрхан үзэгдэнэ. Тэр зүгээс бороо цайрсаар айсуй. Хааяа нэг том цахлай нисэн өнгөрнө. Далайн яг төвд байх тэрхүү мэдрэмж түгшмээр эрсдэл, бас биширмээр сүр хүчийг мэдрүүлэн хүчтэй сэтгэгдлийг төрүүлж байлаа. 30-аад минут явсны эцэст Хүслийн хад хэмээх далайн хойгт ирэв.
Үзэсгэлэнтэй газар ажээ. Ургамал, мод бут, цэцэгс нь хүртэл хүний хөл хүрээгүй газрын зэрлэгдүү өнгө төрхтэй. Далайн ус энд тув тунгалаг агаад оюу номингийн өнгөөр тунаран үзэгдэх нь нэн гайхалтай. Аялагчид хадархаг цохион дээгүүр явж оройд нь гараад Далай ээжийн гайхамшигтай өнгө төрхийг гэрэл зурагт буулгахыг хичээцгээнэ. Намираа бороо шаагин орлоо. Бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид бага зэрэг сандарсан ч худалдан авагчид нь үйлчлүүлсээр л байв. Тун удалгүй бороо намжив. Аз болоход, элдэв хог болох зүйлсийг Хүслийн хаданд өргөхөө больжээ. Тэнд 15 минут л байх боломжтойг завьчин анхааруулсан учраас төд удалгүй завиндаа сууцгаасан юм. Биднийг хөдлөн явахад дараагийн завинууд ар араасаа ирсээр л байв. Далайн зөөлөн салхинд илбүүлэн, давалгаанд нь бүүвэйлэгдсээр бааздаа буцаж ирцгээлээ.
Хөвсгөл нуур маань Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсаж, Монгол Улсын нийт цэнгэг усны 70 хувийг дангаараа бүрдүүлэгч их усан далай билээ. Дэлхийн нийт цэнгэг усны 0.48 хувийг агуулдаг Хөвсгөл нуур 5300 км2 талбайд усаа цуглуулан, номин цэнхэр, оюу ногоон өнгөөр туяарах цэнгэг усаараа та биднийг ундаалж, ан амьтан, араатан жигүүртэн, уул ус, ургамал цэцэгсээ тэтгэж ирсэн түүхтэй. Өндөрлөгөөс далайгаа харан бахархаж, өргөн мандал дээгүүр нь хэчнээн ч удаа зорчлоо доо, бид. Ийн явах бүрийдээ Хатгалын усан зогсоолоос Ханх сумын зогсоол хүртэлх 136 км урт замыг том хөлөг онгоцоор л арайхийн туулж, хөлгийн хитэг даван орж ирэх давалгааг нь сөрөн байж Ханхад зангуугаа буулгадаг билээ. Хамгийн өргөн (36.5 км) хэсэгтээ зах хязгааргүйн туйлыг тултал мэдрүүлдэг их усан далайн маань дундаж гүн 138 м, дээд гүн нь 267 м хүрдэг гэхээр сүрдэхгүй байхын аргагүй юм.
Шөнийн тэнгэрт одод түгтэл бодолд автан суухдаа далайнхаа толь мэт усан мандлыг ширтэн, давалгаан чимээнд нь хорвоог мартталаа уяран хайлж байвч, Далай ээжийн тухай сэтгэл эмзэглүүлсэн бодол толгойд эргэлдсээр байсан тэр мөчийг яахин мартах билээ. Усан зогсоолын дэргэдэх далайн усанд замаг олноороо хөвж харагдсан нь ирсэн өдрөөс эхлэн сэтгэлийг минь битүүхэн шаналгаж байсан юм. Миний л мэдэхийн 14-18 жилийн өмнө, бүр 10 жилийн өмнө ч далайд замаг харагддаггүй байлаа. Энэ талаар амралтын газрын эзэгтэй Амараатай хууч хөөрөхөөр очиж, кофегоо барьсаар гадаах модон сандал дээр зэрэгцэн суулаа. Тэрбээр, “Өдөр бүр нааш цааш хөлхөх авто тээврийн хэрэгслүүдийн үүсгэж байгаа тоос шороонд уул ус, ургамал амьтан өнгө зүсээ алдаж байна. Хөвсгөл нуурын эргийн дагуу 30-аадхан км газарт хатуу хучилттай зам тавихыг нутгийн иргэд, аялал жуулчлалын компаниуд хүлээсээр олон оныг үдлээ. Гэтэл энэ ажил ямагт хойшлогдсоор, сонгуульд нэр дэвшигч бүрийн “сайхан” амлалтын эхэнд бичигдэж, яригдах атлаа биелсэн нь нэгээхэн ч үгүй. Ирэх жилийн сонгуульд дахиад л амлалт өгөх биз...” хэмээн арга тасарсан байдалтай өгүүлсэн юм. “Баян-Улаан” амралтын газар бохироо хэрхэн шийддэг тухай нь сонирхвол, долоо хоног бүр бохирын машин дууддаг. Таван тн бохир соруулахад 150.000 төг, 10 тн бохир соруулахад 240.000 төг төлдөг. Хүн ихтэй үед долоо хоногт хоёр удаа бохироо соруулдаг гэж байлаа.
Энд би маш сайхан амарсан. Хамгийн гол нь амгалан тайван орчин гэдэг зүйл жинхэнэ утгаараа бүрэлдсэн байлаа. Амрагчид нь соёлтой, харилцан хүндэтгэлтэй, хэт их дуу чимээ огт үгүй учир үнэхээр тав тухтай байсан юм. Бид хамгийн энгийн байшинд нь байрлаж гурав хоног амрахдаа 400 гаруй мянган төгрөг төлж, сэтгэлдээ бүрэн нийцсэн үйлчилгээг авч чадсан билээ. Сүү өргүүлэн үдүүлсэн бид хэд Жанхайн даваан дээр ирлээ. Энд ч бас аялал жуулчлалын үйлчилгээ бужигнасаар угтав. Харамсалтай нь аялж, амарч буй монголчуудын маань дийлэнх нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь илт байлаа. Хэзээ нэг соёлтой амарч сурна даа гэсэн бодол төрж байсныг нуух юун. Хөвсгөлчүүд маань “Юугаар баян түүгээрээ дайлна” гэдэг шиг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээ худалдаалж буй харагдана. Хэд хоног бороошсон учир Хатгал орох зам дахь хуурай сайрууд бүгд үерлэжээ. Өглөөг бодвол татарсан байна хэмээн хүмүүс хэлж байсан ч машинаа жолоочдоо даатгаад өөрсдөө 4-5 сайрыг явган туулж гарцгаалаа.
Мөрөнд ирээд мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсохоор Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрыг зорин очиж, мэргэжилтэн Х.Пүрэвдорж, П.Золзаяа нартай уулзсан юм.Тэдний үзэж байгаагаар, Хөвсгөл нуурын ус бохирдоход нөлөөлж буй хүчин зүйлсийн тоонд автомашины үүсгэж буй тоосжилт томоохон байр суурь эзлэх ба хог хаягдлын менежмент муу, бохир жорлонгийн асуудал, аялагчдын зүй бус үйлдэл ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн нуурын усанд машин тэргээ угаах, моторт завинууд шатахуунаа нэмэхээр далайд зогсох бүрийд замаг нэмэгддэг гэж байв. Тэдний ярьж байгаагаар, Хөвсгөл нуурын эрэгт 101 хөвөгч хэрэгсэл байдгаас шаардлагад нийцсэн 51 нь ажиллаж буй ч тэд мөн л нуурын усны бохирдолд хувь нэмрээ оруулдаг. Түүнчлэн эргийн дагуух 107 жуулчны бааз бохироо долоо хоног бүр үйлчилгээний машинаар соруулуулж, Зүүн Харганын аман дахь (Хатгалаас дөрвөн км) бага оврын цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг болсон. Энэхүү бага оврын цэвэрлэх байгууламжийг 2013 онд Байгаль орчны сангийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд жуулчны баазуудын жорлонг соруулдаг горимд шилжүүлэх, бохир соруулах ажлыг хэвшүүлэхэд багагүй бэрхшээл туулсан тухайгаа Х.Пүрэвдорж гуай ярьж байсан юм. Тэрбээр жорлонгийн хувьсгалыг эрчимжүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулах нь нуурын усыг бохирдлоос аврахад чухал алхам болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, “Гутлын мөрнөөс өөр юу ч үлдээхгүй аялж сурцгаая” хэмээн уриалсныг нь дамжуулъя. Үүний зэрэгцээ Хөвсгөл нуурын эргийн дагуух жуулчны баазуудын дийлэнх нь Хөвсгөлд бус Улаанбаатарт бүртгэлтэй компаниуд байдаг учир зам тавих, байгаль хамгаалах зардалд хувь нэмэр болохуйц татварын орлогыг орон нутагт оруулдаггүй хэмээн мэргэжилтнүүд онцолж байлаа.
Хоймор нутгийн хөх сувд Хөвсгөл нуур маань замагжиж эхэлжээ. Цэнгэг устай нуур замагжина гэдэг бол маш том цар хүрээтэй аюулын өмнөх түгшүүрийн дохио байдаг билээ. Далай ээж маань чимээгүйхэн мэгшиж, та биднээс аврал эрж байна!
2019 оны 7 сарын 22-ноос 8 сарын 1, Хатгал, Мөрөн, Улаанбаатар
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Тоос бол арай2 л бна.
Хоймор нутгийн хөх сувд Хөвсгөл нуур маань замагжиж эхэлжээ.
Wow!