Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг өнөөдөр /2019.07.29/ хоёр тал үзэглэж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ.
Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрхзүйн нөхцөл бүрэн бүрдлээ.
Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Сэтгэгдэл ( 0 )