Монгол Улсад хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт болох БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийн ажил өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн юм.
Тус байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж буй бөгөөд энэ жил хийхээр төлөвлөсөн ажил графикийн дагуу хийгдэж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.
Барилгын талбай дээр 50-60 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа бол эд бүтээн байгуулалтын үед 500-600 ажилтан ажиллах тооцоо бий. Барилга угсралтын ажлыг эхэлснээс хойш 35,5 сарын дотор үндсэн барилга, байгууламжуудыг барьж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум” ажиллаж буй бөгөөд шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулан, Монгол Улсын хуулийн дагуу ажлын зураг төсөлд магадлал хийлгэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тоног төхөөрөмж хүргэлт, суурилуулалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх, туршилт тохируулга, сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах, иж бүрэн цэвэрлэх байгууламжийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна.
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг боловсруулан энэ оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулаад байгаа юм.
Төв Цэвэрлэх байгууламж нь нийт 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24,7 га талбай буюу 62 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Үүнээс гадна авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөсөн.
Мөн хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэж, цэвэрлэх байгууламжийн технологи үйл ажиллагааг бүхэлд нь хянаж удирдах ухаалаг скада системээр тоноглоно.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж нь Монгол Улсын Үндэсний стандарт MNS 4943:2015 цэвэрлэгээний чанарын шаардлагыг хангасан цэвэрлэсэн усыг Ус дахин боловсруулах үйлдвэр (Мянганы Сорилтын Сангийн хүрээнд баригдах)-т болон голд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Сэтгэгдэл ( 0 )