Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-ны Улсын албаны шуурхай штаб энэ сарын 05-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотод үүсээд байгаа үер усны аюултай холбоотойгоор Улсын онцгой комиссоос БХБ-ын сайдад өгсөн үүрэг чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна.
Өнөөдрийн /2023.07.07/ байдлаар БХБЯ дээр хариуцлагатай жижүүр тогтмол ажиллаж, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйчилгээг эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч 81 компанийн 120 автомашины судалгааг гаргаж, бэлэн байдалд шилжүүлээд байна.
11 БАЙРНЫ УСЫГ СОРУУЛЖ, ЦАХИЛГААНЫ ХОЛБОЛТ ХИЙВ
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос энэ сарын 05-06-нд шилжих шөнө бохир соруулах 3 машин, 9 гном насос, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр усанд автсан байрны В1 гараашийн давхрын усыг соруулж, усны түвшин 80 см доошилсон байна. ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нийт 23 байр усанд автсанаас 11 байрны усыг соруулж, цахилгааны хүчдэл залгасан. Одоогоор 12 байрны усыг соруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд 1.2 метр ус орсон байсныг 60 см хүртэл соруулж, буурууллаа.
УСУГ-аас цэвэр ус зөөврийн нэг машинаар ус түгээж, хувийн хэвшлийн 5 компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ БАРИЛГУУДЫН СУДАЛГААГ ГАРГАЛАА
Барилга, хот байгуулалтын яамны Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141, Сүхбаатар дүүргийн 1, 7, 8, 11, Баянзүрх дүүргийн 1, 6, 15, 25, Хан-Уул дүүргийн 1, 2, Баянгол дүүргийн 3, 24, 25 дугаар хорооны нутагт байрлах барилгуудын судалгааг гаргаж, НОБГ-аас тодруулах ажлыг хийж байна.
Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж, Нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өглөө.
БОХИР ЗӨӨВӨРЛӨХ МАШИНУУД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 мянган шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтрээд байна. Мөн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр Натурын орчимд босгосон далан дахин сэтэрсэн, Сүхбаатар дүүргийн 13-17 дугаар хорооны нутаг дэвсгэр, зуслангийн бүсийн айлуудын жорлон, муу усны нүх дүүрч, бохир зөөврийн автомашинуудын дуудлагын ачаалал ихсээд байна. Тиймээс бохир зөөвөрлөх автомашинуудын тоог нэмэгдүүлж, зардлыг шийдвэрлэвэл дайчилгаанд 20-30 машин оруулах бэлэн байдлыг хангаад байна.
БАРИЛГЫН ТАЛБАЙГААС ЭЛС ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ ҮЕРТ АВТСАН ГАЗРУУД РУУ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн онцгой байдлын комиссоос ирүүлсэн мэдээллийн дагуу “Улаанбаатар буян” ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Дамбадаржаа орчим, “Алтай” хотхоны орчимд элс, шороо хайрга асгуулахаар ХӨСҮТ-ийн ойролцоогоос, Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх Соёолж төв, Сансарын И-мартын хажууд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын талбайн хашаанаас элс, шороог авч, үерийн аюултай бүсэд хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн эдгээр газруудад БХБЯ, БХТ, “ТОСК” ТӨХХК-ийн нийт 5 албан хаагч 3 байршилд зохион байгуулалт хийн ажиллаж байна. Тодруулбал, “Улаанбаатар буян” ХХК-ийн урдах S.Outlet дэлгүүр орчим үерийн далангийн хамгаалалтад "Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл"-ийн талбайгаас 3-4, “Эсэн трейд” /Эко констракшн/-аас 2, “Номт” ХХК-иас 1, "Альтернатив" ХХК-иас 2 машин, нэг эксковатор ашиглан “Их наяд” ХХК-ийн хашаанаас шороо зөөх ажлыг шуурхай гүйцэтгэж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Дамбадаржаа орчимд үерийн далангийн хамгаалалтыг “Хурд” ХХК-ийн 4 хово машинаар “Люкси Монгол” ХХК-ийн талбайгаас шороо зөөж асгах ажлыг зохион байгуулж байна. Харин “Алтай” хотхоны үерийн далангийн хамгаалалтад "Каяак" ХХК-ийн 6 машинаар 4-5 эргэлтээр шороо асгахаар төлөвлөж эхнээсээ асгаж эхлээд байна. Тус автомашинууд Биокомбинатаас ирэх тул УОК-той хамтран Замын цагдаагаар гуперлүүлэн шуурхай ажиллаж байна. Мөн далан сувгийг өргөтгөх ажилд зориулан 30 ковш болон 140 эксковатор нэмж бэлтгэн, талбайд ажиллуулахаар гаргаад байна.
БХБЯ-ны Төрийн нарийн бичийн даргын өгсөн үүргийн дагуу өргөгч кран машины судалгааг салбарын хяналтын газраас гаргуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Одоо ингээд л их л сандарч үймж байсныг сонгуулийн дараа мартана биз дээ.Үер болсон үед үймээд л өнгөрнө.Манайхны угийн төрх тийм юм чинь