Олон улсын арбитрын шүүхээр дөрвөн жилийн турш заргалдсан “Алтан Дорнод Монгол” компани саяхан ялагдал хүлээсэн билээ. Тус компанийн захирал А.С.Паушок нь Оросын нефть, хийн акулуудтай салшгүй холбоотой нэгэн. Өөрөөр хэлбэл, Оросын мафи бүлэглэлийн гол төлөөлөгч юм. Тэрээр хэдэн жилийн өмнө манай Дорнодын нефтийг олборлох талаар Чехүүдтэй далдуур гэрээ хийсэн Оросын талыг төлөөлж байсан гэдэг. Түүний “Алтан Дорнод Монгол” компани Оросуудынхаа өмнө Монголын нефтийг хариуцахаар болсон байлаа. Үүнийхээ өмнө харин тэр Монголын Заамарын хөндийн алтыг хамж авах төлөвлөгөөгөө яаран сандран биелүүлжээ. Афганистанд байлдаж явсан бэлтгэл офицер тэрээр манайхаас 25 тонн гаруй алт ухаж авсан байлаа. Ингэхдээ татварт нийтдээ 127,4 тэрбум төгрөг тушаах ёстой болсон юм. Гэвч үүнээсээ бултахын тулд манайхыг олон улсын шүүхэд өгсөн боловч амжилт олсонгүй. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнийг шалгаад хэргийг нь прокурорт шилжүүлсэн юм. Олон улсын шүүхэд зарга хийх үеэс нь эхлээд мөн түүний Монгол дахь хамаг хөрөнгийг битүүмжилсэн байв. Манай цагдаа нар хэргийг шалгах үеэр бас Монгол банктай хамаарал бүхий маргаантай асуудал ч сөхөгдөж эхэлжээ. А.С.Паушок ийнхүү хаашаа ч гарах гарцгүйгээр Монголын шүүхээр асуудлаа шийдүүлэх, эсвэл хэргийг нь Оросын талд шилжүүлэх дээр тулж ирээд байв. Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ талаар хоёр удаа Оросын талд мэдэгдсэн гэдэг. Гэвч цаадуул нь хариу өгөөгүй бололтой. Харин саяхан Д.Дорлигжав А.С.Паушокын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Ингэснээр түүний 127,4 тэрбум төгрөгийг хэн төлөх нь тодорхой бус үлдэж байх шиг байна. Эсвэл ийм их хэмжээний мөнгө салхинд хийссэнтэй адил гээд хаях нь бололтой. Энэ бол яахын аргагүй гунигт явдал. Д.Дорлигжав бүдүүн зүрх гарган хэргийг хэрэгсэхгүй болгосноороо Оросуудаас багагүй юм авсан уу. Тийм гэхэд хэтрүүлэл болохгүй л болов уу. Одоо тэгээд 127,4 тэрбум төгрөгийн хохирлыг монголчууд татвараараа нөхөх нь л дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )