ТОЙМ: АНУ-д зэвсэг эзэмшихийг хориглох хууль хэрэгжих үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

АНУ-ын Техас, Охайо мужуудад өнгөрсөн амралтын өдөр буун дуу гарч, нийт 29 хүн амиа алдан, 60 гаруй хүн шархадлаа. Охайод халдлага гарснаас хэдхэн цагийн дараа Техаст мөн нэгэн залуу гал нээж, 20 хүнийг хөнөөсөн юм. Охайо мужийн Дэйтон хотод хүмүүс рүү гал нээсэн этгээд нь 24 настай Коннор Стивен Беттс гэгч байсан бол Техасын Эль-Пасо хотын худалдааны төвд гал нээсэн этгээд 21 настай байв.

Дэйтон хотод гал нээсэн залуу хамгаалалтын хувцас өмссөн байжээ. Тэрбээр хэргийг хувийн “АК-47” буугаараа үйлдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд түүний 22 настай дүү нь байсан аж. Түүнийг ганцаараа биш байсан гэж албаныхан үзэж байгаа бөгөөд хамтрагч нь хэргийн газраас зугтсан байж магадгүй гэж үзэж байна. Халдлага Дэйтон хотын олон ресторан, кафенуудтай, түүхэн дүүрэгт болжээ. “Dayton Daily News”-д мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд дунд сургуульд байхдаа хөнөөхийг хүсэж буй охидынхоо жагсаалтыг гаргаж, сургуулиасаа хөөгдөж байжээ. Коннор Беттс халдлага үйлдсэнийхээ дараа цагдаа нарт буудуулсан юм.

Алуурчин өмнө нь охидыг хөнөөхөөр жагсаалт гаргаж байв

Хэрэгтний ангийнх нь охины ярьснаар тэрбээр хөнөөх хүүхдүүдийнхээ жагсаалтад түүнийг ч мөн оруулсан байжээ. Охин энэ талаар аав, ээж болон сургуулийнхаа захиргаанд мэдэгдэж байсан аж.

Тэгвэл Техасын Эль-Пасо хотод 20 гэмгүй иргэний аминд хүрч, 40 гаруй хүнийг шархдуулсан 21 настай залуу Даллас хотын иргэн гэнэ.

Тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө “Твиттер”-дээ Шинэ Зеландад өнгөрсөн хавар 50 хүнийг хөнөөсөн халдлагыг дэмжиж байгаа тухайгаа бичсэн байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Техаст болсон хэргийг “хулчгар байдлын илрэл” гэсэн юм. Эль-Пасогийн цагдаагийн газар сэжигтнийг баривчлан шалгаж байна.

“Галт зэвсгийн аюулгүй байдлын талаар хууль батлах ёстой”

Техас, Охайо мужид болсон халдлагын дараа АНУ-ын Ардчилсан намынхан зэвсэг ашиглах эрхийг хязгаарлахыг санал болголоо.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Берни Сандерс, Камала Харрис нар Конгрессын гишүүдэд хандан зэвсэг чөлөөтэй худалдахыг хязгаарлах хууль гаргахыг санал болгов. 29 хүний амь насыг авч одсон халдлагуудын дараа арга хэмжээ авах нь зөв ч шинжээчдийн дүгнэж буйгаар АНУ-ын засаг захиргаа ойрын хугацаанд ийм арга хэмжээ авахгүй аж. Тэдний дүгнэж байгаагаар Ардчилсан намынхны санал болгосон зүйлийг хэрэгжүүлэхэд нөлөө бүхий лоббичид болон Үндсэн хууль харшилж байгаа аж. Харин мужууд тус тусдаа арга хэмжээ авч болохыг үгүйсгээгүй байна.

Тус улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь америкчуудад зэвсэг эзэмших эрхийг өгдөг гэхэд болно. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа хоёр улстөрч хоёул сонгуульд ялалт байгуулбал АНУ-д иргэд зэвсэг эзэмших эрхийг хязгаарлах санаачилга гаргана гэжээ. Үүний сацуу Берни Сандерс Ерөнхийлөгч Доналд Трампыг болон Бүгд найрамдах намыг шүүмжилж байна. Тэрбээр дээрх хоёр халдлагыг дотоодын терроризмын илрэл гэв. “Трамп энэ бүгдтэй тэмцэхгүй байна. Эсвэл хангалтгүй тэмцэж байна. Тэрбээр эсрэгээрээ “аюултай фанатизмын үндсийг” дэлгэрүүлж байна. Ноён Ерөнхийлөгч өө, арьс өнгөөр ялгаварлах, үзэн ядах, цагаачлалын эсрэг үг хэллэгээ зогсоохыг гуйя. Таны ярьж байгаа зүйлүүд дайсагнасан уур амьсгалыг бүрдүүлж байна” гэж Берни Сандерс “Twitter” хуудсандаа Трампад хандан бичжээ. Ардчилсан намын улстөрчдийн үзэж байгаагаар Бүгд найрамдахчууд АНУ-ын Конгрессын Сенат дахь хяналтаа ашиглаж, нөлөө бүхий зэвсгийн лоббичдыг дэмжиж байгаа аж. “Бид галт зэвсгийн аюулгүй байдлын талаар зохих хууль тогтоомжийг батлах ёстой” гэж Б.Сандерс хэлжээ.

Ардчилсан намынхны санаа бодит болохгүй

Мөн сенатч Камала Харрис зэвсгийн наймааны тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг уриалаад “Бид цаазаар авахаас айж эмээх ёсгүй. Конгресс зориг гаргаж, галт зэвсгийн аюулгүй байдлын талаар зохих хууль тогтоомж батлахыг шаардаж байна. Хэрэв тэд юу ч хийхгүй бол би ажиллах болно” гэв.

Гэхдээ Харрис, Сандерс нарын зэвсэг худалдахыг хуулиар хязгаарлах санаа нь бодит байдалд хэрэгжихгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэд Ардчилсан намын зүүн жигүүрийг төлөөлж байгаа юм. Тэгвэл Ардчилсан намын бас нэгэн нөлөө бүхий гишүүн Жозеф Байден Сандерс, Харрис нарын санааг дэмжсэнгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж шинжээчид өгүүлжээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Эль-Пасо, Дэйтон хотуудад халдлага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг буруутгаж, эрх баригчдыг хатуу арга хэмжээ авахыг уриалж байгаа ч зэвсгийн эргэлттэй холбоотой аливаа хууль батлахыг дэмжсэнгүй. Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама мөн зэвсгийн тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж байв. “Обама амжилтад хүрээгүй учир өөр Ардчилсан Ерөнхийлөгч ч бүтэлгүйтэх болно. Зэвсэг эзэмших эрхийг хязгаарлах тухай холбооны хуулийг богино хугацаанд баталж болох ч тийм амар биш. Гэхдээ зарим мужид уг хууль батлагдах боломжгүй гэсэн үг биш юм” гэж шинжээч өгүүлсэн байлаа.

Зэвсэг хэрэглэж дадсан хүмүүс

Галт зэвсэг эзэмших, хадгалах нь Америкийн “соёл”-ын нэг хэсэг тул иргэд бууж өгөхөд амаргүй гэж шинжээчид дүгнэж байна. Америкчууд олон зуун жилийн турш зэвсэгтэй байж дадсан. “Америкчууд зам тээврийн ослоор нас барах нь буудуулж амиа алдахаас мянга дахин их байдаг. Тэгээд одоо яах вэ? Машинуудыг цуцлах уу” гэж шинжээч дүгнэжээ. Холбооны мөрдөх товчооны вэб сайтад АНУ-д иргэдийг буудсан тухай судалгааг нийтэлж байсан билээ.

Өнгөрсөн онд л гэхэд 16 мужид олон нийтийн газарт хүмүүсийг буудсан 27 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд цаазаар авах ялынхаа тоогоор Калифорниа тэргүүлжээ. Энэ муж нь АНУ-ын хамгийн хатуу зэвсгийн тухай хуультай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top