"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг: ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулсан "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд амжилттай болж, өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэд, "Сауд Гоби Коэл Транс" компанийн төлөөлөл 15 хүн багтсан 150 гаруй төлөөлөгч оролцов. Хэлэлцүүлэгт хэн юу хэлснийг тоймлон хүргэе. 


Х.МАНДАХБАЯР: АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ, ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫН ДУНД
ШИЙДВЭРЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО

 

-Өнөөдрийн хэлэлцүүлэг хоёр үндсэн зорилго, зорилттой. Тост, Тосон бумба хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан, буцаагдсан гэх мэт олон асуудал байдаг. Өнөөдрийн бидний хэлэлцэх асуудлын хүрээнд энэ бүс нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” компанийн талаар нийгэмд янз бүрийн мэдээлэл төрсөн. Үүнээс болж талцал үүсч, ил тод биш, нэг талыг барьсан мэдээлэл гарч байгаа. Тиймээс бүх мэдээллийг нээлттэй болгоё. Төрийн өндөр дээд түвшний бүх шатны төрийн байгууллага, энд оролцоотой, хамаатай төрийн бүх шатны албан хаагчид иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэдэд, цаашилбал Монгол Улсын нийт иргэдэд энэ мэдээллийг нээлттэй болгож, хуулийн дагуу асуудлыг олон нийтийн анхаарлын дунд шийдвэрлүүлэхийг зорьж байна. 

Хоёрдугаарт, Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл нь нэг уурхай, нэг сэтгүүлч, нэг иргэний нийгмийн байгууллагын хоорондын мэтгэлцээн болоод байгаа асуудал биш. Монгол Улсад хуулийн засаглал үйлчлэх эсэх, уул уурхай хариуцлагатай байх эсэх, энэ жишгийг тогтоох шийдвэр гаргахыг Монгол Улсын төрөөс шаардах, тодорхой албан тушаалтан байгууллагуудад хүсэлт хүргүүлэх асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй ярьж, шийдвэрээ нэгтгэх нь хэлэлцүүлгийн гол зорилго. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг нэгтгэж хүргэх, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх, тодорхой байгууллагуудад хүсэлт хүргүүлэх энэ шийдвэрт нэгдэх нь чухал. Энэ хэлэлцүүлэг аль нэг талыг барьсан хэлэлцүүлэг биш. “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг хоёр үе шаттай явагдаж байгаа. Анхан шатны хэлэлцүүлэг Өмнөговь аймагт долдугаар сарын 29-нд болж, 350 хүн оролцсон. Өнөөдрийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УУХҮ, БОАЖЯ зэрэг төрийн байгууллагууд, 40 орчим иргэний нийгмийн байгууллагын 120 гаруй хүн оролцож байна. Орон нутгаас 60 гаруй хүн ирснээс 40 нь Гурван тэс сумаас ирсэн. Тэд 1000 гаруй км зам туулж, өнөөдрийн хэлэлцүүлэг оролцож байгаа юм шүү. Хэлэлцүүлэгт амжилт хүсье. 



Л.БОЛД: ТОСОН БУМБА БОЛ МАНАН МАФИЙН
ХЭРХЭН АЖИЛЛАДГИЙГ ХАРУУЛСАН ХУРААНГҮЙ ТҮҮХ

 

-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын таван гишүүн нэгдэж, “Баялагтай эзэн” бүлэг байгуулж ажиллалаа. Бид баялагтаа эзэн байх зорилгоор хэд хэдэн тэмцэл зохион байгуулсан. Баялагтаа эзэн байх бол бидний гол зорилго. Энэ бүх түүхийг өнөөдөр бүтэн өдрийн зөвлөгөөнөөр эхнээс нь ярих гэж байна. Тосон бумба бол МАНАН мафийн хэрхэн ажилладгийг харуулсан хураангүй түүх юм. Энэ асуудал дээр ялж чадахгүй бол цаашид юу ч өөрчлөгдөхгүй. МАНАН-гийн түүх, бузар булхай гэмт хэргийг өнөөдөр нэг бүрчлэн он цагийн дарааллаар нь ярих хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр байгаль орчны баялгийг сүйтгэж байгаа гэмт хэрэг, лиценз бүрийн цаана юу нуугдаж байдгийг ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бидний тэмцэл ялагдсаар ирсэн ч багагүй амжилтад хүрсэн. Эрдэнэт, Асгат, Багануурыг буцааж авсан. Одоо Тост, Тосон бумбаа аваръя. УИХ тогтоол гаргачихаад байхад өмнөх Засгийн газар нь улаан цайм хууль бус тогтоол гаргачихаад одоо ухах гээд явж байна! Энэ бүх асуудлыг бид бодитоор дуусгах ёстой. Одоо бидэнд арагшаа ухрах нэг ч алхам байхгүй. Энэ үйл ажиллагааг ямар ч аргаар хамаагүй зогсоогоод УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах хэрэгтэй. МАНАН-гийн хураангуй түүх болсон энэ хууль бус үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг тунгаан гаргая. Үүний эсрэг УИХ-ын таван гишүүн хөдлөхөд бэлэн байна. Иргэдээ дэмжихэд бэлэн. Эх орныхоо төлөө тэмцэхэд бэлэн байна.


Ж.БАТЗАНДАН: ТОСОН БУМБАД ЛИЦЕНЗ ОЛГОСОН НЬ
МАНАН-ГИЙН ГЭМТ ХЭРЭГ

-Өнөөдрийн хэлэлцүүлэг маш чухал учир энд маш олон хүн, иргэний нийгмийн байгууллагууд, эх орончид цугларсан байна. Тост, Тосон бумбын экологийн тэнцвэр алдагдаж байна, хэсэг компаниуд хууль бусаар байгаль орчныг нь сүйтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна хэмээн тэмцэж байгаа иргэдийг цахим сүлжээгээр өдөр шөнөгүй доромжилж байгааг би харж байна. МАНАН бүлэглэл эх орончдыг доромжилдог, шударга иргэдийг гүтгэдэг болоод удаж байна. Зөвхөн эх орончдоор зогсохгүй бурхан болоочдыг доромжилж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалах гэж, тэнд байгаа 33 төрөл зүйлийн амьтдыг хамгаалах гэж тэмцэж байсан эх оронч хүү Сүмбээг бид мэднэ. УИХ-ын гишүүд ч Сүмбээгийн талаар хүн итгэхээргүй муу муухай мэдээлэл гаргасан гээч. Тост, Тосон бумбын нурууны Тусгай хамгаалалттай газар нутгаас 153 мянган га газрыг эрх мэдэлтэй, албан тушаалтай даргын компанид гаргаж өгснийг монголчууд бүгд мэдэж байгаа. Тэрний цаана МАНАН бүлэглэл, бидний таних "сахал"-тай эзэн, "сахал"-ын банк, нам дамжсан бүлэглэл бий.

Тост, Тосон бумбын нурууны цаана явж байгаа хууль бус үйлдэл бол МАНАН бүлэглэлийн үйлдсэн олон мянган гэмт хэргийн ердөө нэг нь. 
Тун удахгүй МАНАН бүлэглэл шударга ёсны өмнө сөхрөн унах болно. Эх орончдын эсрэг олон гүтгэлгийг МАНАН бүлэглэл хийдэг. Ямар их гүтгэлэг, доромжлол дундуур шударга иргэд явдгийг бид мэднэ. Гэхдээ гүтгүүлсэн ч бай, яаж ч дайруулсан бай хамаагүй бүгдээрээ шударга ёсыг хамгаалж, Тост, Тосон бумбын нуруугаа хамгаалж үлдэх хэрэгтэй.

Тост, Тосон бумбын нуруу энэ гайхамшигтай газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүст үйлийн үр гэж бий. Засгийн газар гаргасан тогтоол шийдвэрээ хүчингүй болгох ёстой. Б.Чойжилсүрэн, "Сахал" Б.Эрдэнэбилэг, МАНАН бүлэглэл Тост, Тосон бумбаас шуналын савраа татах ёстой.

Өнөөдөр УИХ-ын гишүүдээс Л.Болд бид хоёр л ирлээ. Угаасаа бид ард түмнийхээ талд байсан. Бид хамтдаа энэ тэмцлийг үргэлжлүүлж, шударгаар шийдүүлэх ёстой. Бид та бүхэнтэй хамт байх болно" гэв. 

Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлэгт 40 гаруй иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн төлөөлөл үргэлжилж байна. Нийт гурван хэсгээс бүрдэх “Тост, Тосон бумба” Үндэсний хэлэлцүүлэг 19:00 цаг хүртэл Төрийн ордонд үргэлжилнэ. Түүнчлэн шударга ёсны төлөө олон зуун иргэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна.


Э.ГАНХУЯГ: ТОСОН БУМБЫН НУРУУНД УС, БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛ ХҮНДЭРЧ ЭХЭЛСЭН
 

-Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр 108 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын хайгуулын лиценз буурч байгаа. Учир нь Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоолоор байгалийн онцгой бүс нутгуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байгаа. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 22.22 хувийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Хайгуулын тусгай зөвшөөрлөөс хамгаалж орон нутгийн тусгай хамгаалалтад авч ажиллаж байна.

Олон нийт уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарал хандуулдаг. Иргэд усыг хайрлан хамгаалах ёстой гэж үзэж байна. Говь нутагт усны нөөц багатай. Тийм учраас гадаргын болон гүний усны нөөцийг хамгаалах, уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавихыг шаарддаг. Мөн газрын асуудал байна. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малын бэлчээр, газар нутаг хомсдож байна. Уул уурхайн тээврийн үйл ажиллагаатай холбоотойгоор газрын хөрс муудах, зам талбайн тоосжилт нь малын бэлчээрийг муутгаж байна. Жишээлбэл, олон салаа зам гаргах нь хөрсний эвдрэлийг бий болгодог.

Тухайлбал, одоо олон нийтийн анхаарлын төвд ороод буй Тост, Тосон бумбын нурууны орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тоосжилт бий болж, газрын хөрсийг сүйтгэж байна. Иймд Тост тосон бумбын нурууг хамгаалах талаар аймгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газраас ямар шийдвэрүүд гарч байсан талаар танилцуулъя.

БОАЖЯ-ны захиалгаар Олон улсын байгууллага Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээний дагуу аймгийн ИТХ, Гурван тэс сумын ИТХ-аас Ашигт малтмалын газарт дараах шийдвэрийг хүргэж байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны долоодугаар сарын 2-ны  өдрийн 66 тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны 568.923 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын нөөц газарт авах саналыг Засгийн газарт уламжилж байсан.

Мөн аймгийн ИТХ-ын 2013 оны долоодугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Гурван тэс сумын Баясах багийн нутаг орчмыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байсан. Аймгийн ИТХ-ын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар тоот албан бичгээр БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролд хандан, Тост, Тосон бумбын нуруу орчмын говийн бүс нь газрын доорх цэнгэг усны нөөц ихтэй төдийгүй, гол горхи, ховор ан амьтантай эко систем бүрдсэн тогтоц бүхий газар нутаг нь уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор унаган төрх нь алдагдаж байгааг харгалцан үзэж тус бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг уламжилж байсан.  

Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын лицензийг  тусгай хамгаалалтаас гаргаж, бусад газрыг тусгай хамгаалалтад авсан. Тост тосон бумбын нурууны орчимд явуулж буй  уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль экологи, хүн ам, амьтан ургамалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна” гэлээ.


Д.СҮХТУЛГА: ТОСОН БУМБЫН НУРУУГ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ
“САУД ГОБИ КОАЛ ТРАНС” КОМПАНИ ДЭМЖСЭЭР ИРСЭН

 

-Манай компани дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Компанийн үйл ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримтлан, Олон улсын холбогдох стандартын дагуу явуулж байгаа компани юм. Урт нэртэй хуульд давхцалтай байна гэж үзэн, 2012 онд хуульд нийцүүлэн 15 мянган га талбайг улсад хүлээлгэж өгч байсан. 2014 онд 9200 га талбайг улсад өгсөн. 2017 онд 12 мянган га өгснөөр анх авсан лицензийн талбайгаас 53.1 хувийг нь улсад өгсөн байдаг юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2014 он хүртэл олгохыг хориглосон байсан. Харин 2014 оноос хойш дахин олгож эхэлсэн байдаг. Өөр хэн нэгэн дахин уурхайн чиглэлээр авах боломжгүй байдлаар улсад хүлээлгэн өгсөн юм. Одоогийн байдлаар хоёр тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж байна. Төсөл хэрэгжсэнээр  500 орчим ажлын байр нэмэгдүүлнэ. Нийт олборлолтоос жилд 870 тэрбум төгрөгийг татвар, хураамж байдлаар нийлүүлнэ гэж ТЭЗҮ-д дурдагдсан байдаг. Үүнд АМНАТ, НДШ, Тээврийн хэрэгсэл, байгаль орчин, замын татвар багтсан. Одоог хүртэл бид энэ татвараа төлөөд явж байгаа. Байгаль орчин нөхөн сэргээх, хамгаалалт барих ажилд 4.5 тэрбум төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулаад явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тост, Тосон бумбын нуруутай байрлалын хувьд тогтоолгосон байдаг. “Баянтэс”-ийн уурхайд гидрогеологийн судалгаа хийсэн байдаг. Хайгуулын гурван хэсэг буюу Гашуун толгой, Хөвд гэсэн гурван хэсэгт хийсэн. Уурхайн шүүрлийн ус бол 51 куб метр хоног гэж гарч ирсэн. Энэ нь хоногт хоёр машин ус гэсэн үг. Үүнийг орчны бохирдлыг бууруулахад ашигладаг.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль ёсны дагуу мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн байдаг. Шаардагдах 13 цэгт ботаникийн судалгааг 2013 онд хийсэн. Бид бол хууль ёсны дагуу л явж байна.

Олон улсын TNC байгууллагын судалгааны дагуу Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад заавал авах ёстой гэдгийг Монгол Улсын Засгийн газарт гаргаж өгсөн. Анх 2015 онд энэ асуудлыг ярьж эхлэхэд анхнаасаа манай компани 100 хувь дэмжиж ирсэн. Яагаад гэвэл Тост, Тосон бумбын нуруунд байгалийн ховор ургамал, амьтан байдаг гэдгийг тогтоосон байдаг. Хамгаалах шаардлагатай газар нутаг нь манай лицензийн дээд талд байдаг нь олон улсын судалгаан дээр харагддаг. Өнөөдөр Тост, Тосон бумбын тухай хэлэлцүүлэг дээр TNC-гийн судалгаан дээр үндэслэн ярьж байгаа. Харин хувь хүмүүс координатыг өөр, өөрсдийнхөөрөө тайлбарладаг юм. Тост, Тосон бумбын нуруунд 17 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани эдгээр компанийн нэг нь. Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах эхний хэлэлцүүлэгтэй холбоотойгоор ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэн судалгаа явуулсан байдаг. 2015 оны арванхоёр сарын 612-р тогтоолоор Тостыг 665 мянган га талбайг тусгай хамгаалалтад авсан нь баримтаар нотлогддог.  Дараа нь 2016 онд УИХ-аар хэлэлцэн байгалийн нөөц газраар авч, хилийн цэсийг нь 2017 онд баталсан юм. Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн гаргасан гэдэг нь үүгээр харагдаж байгаа” гэх мэдээлэл өгч, илтгэл тавилаа. Үндэсний хэлэлцүүлэг завсарласан бөгөөд 15:00 цагаас үргэлжлэх юм.


Б.ДЭЖИД: "САУД ГОБИ КОАЛ ТРАНС" ОЛОН БИЧИГ БАРИМТАА
ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН НЬ НОТЛОГДДОГ


-Миний хувьд 2005 онд “Уугуул хөдөлгөөн”-ийг байгуулсан. Улмаар Удирдах зөвлөлд орж ажилласан юм. Үндсэндээ 14 жил Тост, Тосон бумын төлөө тэмцлээ эхлүүлсэн. Анх 2009 онд Тост багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан байдаг. Улмаар 2010 онд Гурван тэс сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Гурван тэсийн Иргэдийн нийтийн хурлын 7/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан юм. Улмаар Улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын гишүүдэд тогтоолын төсөл хүргүүлэхэд гарын үсэг зурж тэмцэх гишүүн бараг олдоогүй. Тухайн үед Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд гарын үсэг зурж байсан. Бидний зүгээс 896527,44 га газрыг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар санал гаргаж, УИХ-д өргөн барьсан байдаг. 2016 оны дөрөвдүгээр сарын 24-нд зарим газар нутгийг хамгаалалтад авах УИХ-ын 35-р тогтоол гарсан юм. Сонгууль болоод хилийн цэсийг тогтоож чадаагүй. Дараа жил нь буюу 2017 оны гуравдугаар сарын 15-д 91 дүгээр тогтоол гарсан 153 мянган га талбайг хасаад 734 мянган гаг тусгай хамгаалалтад авсан. Гадна гарсан талбай гадна үлдсэн байдаг. Одоо маргаан үүсгээд байгаа нь хасаж тооцсон 134 мянган га газар юм.

Тостыг хамгаалах ёстой гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч байгаа. "Ирвэс хамгаалах сан"-гийн захирал А.Баяржаргалыг Голдменийн шагналаар шагнасан нь үүний томоохон гэрч юм. Тост, Тосон бумбыг бүх ай саваар нь хамгаалалтад авах ёстой гэдгийг олон улсаас сануулж байгаа юм. Түүнчлэн Л.Сүрэнхүү олон улсын байгаль хамгаалагч гэх цолтой болсон. "Сауд гоби коал транс" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хууль бус гэдэг нь нотлогддог. Анх "Айвенхоу Майнз"-д тусгай зөвшөөрөл олгогдсон. "SGS" гэдэг охин компанид Гурван тэсийн бүх лицензийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ хугацаа нь дууссан лицензийг хууль бусаар сунгаад зарчихсан юм. Ашигт малтмалын газарт хоёр сая төгрөгөөр хахуульдаж, энэ лиценз олгогдсон байдаг. Байгаль орчны ерөнхий үнэлгээг хууль бусаар гаргасан. Байгаль орчны ерөнхий үнэлгээг баталж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Зайлшгүй сумын Засаг даргаас санал авах ёстой. Гэтэл үнэн хэрэгтээ ЗДТГ-аас лавлагаа авахад ердөө дэмжсэн санал аваагүй гэдэг нь баримтаар нотлогдсон. Компанийн зүгээс дэмжсэн санал авсан гэж мэдэгддэг. Нарийвчилсан үнэлгээг хийхдээ ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байдаг. Багийн Засаг дарга хийгээгүй хурлыг хийсэн мэт болгож, албан бичиг гаргасан. Цагдаагийн шалгалтаар хуурамч гэдэг нь нотлогдсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хуурамч бичиг баримтыг цуцлуулах хүсэлт гаргасан ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй учраас үнэлгээг цуцалж болохгүй гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдсэн. Энэ асуудал анхаарал татаж байгаа.

Археологийн үнэлгээг уул уурхайн компани заавал хийх ёстой. Гэтэл "Сауд гоби коал транс" археологийн хайгуул хийгээгүй гэдэг нь Соёлын өвийн төвийн архиваас гарч ирээгүй. Энэ бүхэн ердөө бидний буруу юм байна. Буруу хүмүүсээ сонгуулиар сонгочихож. Гэтэл манайхаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүн биднийг баахан загнаж байгаад явсан. Энэ асуудлаар хүсэлт тавихад авч хэлэлцээгүй. Цаашид бид иргэдийг төлөөлөх гишүүдээ зөв сонгох ёстой юм байна гэдгийг хатуу ойлгож байна. 


Ц.ОЮУНГЭРЭЛ: Б.ЧОЙЖИЛСҮРЭН ЧИ УУЧЛАЛТ ГУЙГААД, ЗӨВШӨӨРЛӨӨ ТАТАЖ АВ
 

-2016 оны нэгдүгээр сарын 24-26-нд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бид хоёр Гурван тэс суманд ажиллаж байсан. Тэр үед нутгийн иргэд амьдралыг нь тэтгэж байдаг Тост, Тосон бумбын нурууны усны судлын эко тогтолцоог танилцуулж, тэр хэсгийг хамгаалж өгөхийг хүсч байсан. Үүнийг шинжлэх ухааны үгээр тайлбарласан Байгаль орчны Нарийвчилсан үнэлгээнд юу гэж бичсэн байдгийг "Сауд гоби коэл транс" ч, Засгийн газар ч, Ашигт малтмал газрын тосны газар ч, шүүх ч мэдэж байгаа.

Говийн нэн ховор усыг авч үлдэхийн тулд УИХ авч үлдэх шаардлагатай гэж үзэн тухайн үед зорьсон юм. Тэр үед Тост, Тосон бумбын нурууны орчинд нэлээд олон уул уурхай ажиллаад эхэлчихсэн, Олон овоотын гол горхи ширгэчихсэн, Ноён уулын орчим уул уурхайн үйл ажиллагаанаас бэлчээрээ булаалган дайжсан маш их хар сүүлт, янгир Тостын нуруунд ирж хорогдсон байсан. Бид бүх мэдээллийг авч, судалгаа явуулсны дүнд нийтдээ 896527.44 га газрыг Улсын тусгай хамгаалалтын газар оруулах тогтоолыг УИХ-д өргөн барьсны дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд батлагдсан. Бид тогтоолын хавсралтдаа маш олон хуудас бүхий үндэслэл, тайлбар, мэдээлэл хавсаргасан байсан. Тусгай хамгаалалтад ингэж авсан тогтоол батлагдсанаар усны урсацын зам дээр байрласан уул уурхайн лицензийг цуцлах ёстой болсон. Лицензүүдийг цуцлах бүрэн үндэслэл байгаа. Олон лицензүүд цуцалж нөхөн олговор өгөх ёстой байсан. Гэтэл нөхөн олговор авах болзлыг хангах компани бараг байгаагүй. Тусгай зөвшөөрөл авсан компаниуд нөхөн олговор авахын тулд татвар төлсөн, зардал гаргасан, хуулиа дагасан гэдгийг батлах ёстой байдаг. Тухайн үед 10 гаруй Ашиглалтын лицензтэй компаниуд байсанд нэгэнд нь ч олгогдоогүй байх ёстой.

“Сауд гоби коэл транс” компани нөхөн олговор авах болзлыг хангаагүй компаниудын дотор байсан. Яагаад гэвэл нэлээд олон хууль зөрчсөн байсан. Гэтэл Ж.Каплагаас хоёр сая ам.доллараар худалдаж авсан лицензийнхээ мөнгийг Засгийн газраас гаргаж авч чадахгүй болохоо мэдэнгүүтээ ухаж олж авахаар шийдсэн байж болзошгүй гэх сэжиг гарч ирж байгаа. УИХ-ын тогтоол биелэгдээд, тэр олон компаниудын лиценз цуцлагдаж байхад, яагаад ганцхан компанийн лиценз үлдээд ашиглалтад нь зөвшөөрөгдөөд явчихав аа гэдэг сонирхолтой дүр зураг гарч байгаа юм. Хичнээн улс төржих хүсэлгүй байлаа гэсэн ч хүссэн хүсээгүй улс төртэй ямар нэг байдлаар холбогдоод ирдэг. Анх лиценз олгохоор зураг зүйн шүүлт хийлгэхэд хэд хэдэн "давхцалтай" гэж гарсан байдаг. Энэ "давхцалтай" гэсэн тэмдэглэгээтэй бичгээ бариад Ашигт малтмалын газарт 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр очиход нь нэг өдрийн дотор буюу маргааш нь үнэт цаасыг нь хэвлээд, А зөвшөөрөл өгчихсөн байдаг. Үүнээс харахад улс төр яримааргүй байсан ч улс төр яригдаж эхэлж байгаа юм. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдчихсэн, улс төрийн намууд ид хандиваа авдаг үе байсан. Тиймээс магадгүй Тост, Тосон бумбын нуруу улс төрийн сонгуулийн хандивт явчихсан байж магадгүй гэж маш их сэжиглэж байгаа. Тийм учраас энэ хачирхалтай зүйлийг Монгол Улсын шүүх дээр гэрчилж байсан. Ганцхан өдрийн энэ үйлдэл илт авлигын шинжтэй байна гэж маш дэлгэрэнгүй тайлбарлаж байсан.

Энэ мэт нэг өдрийн үйлдэл, дэс дараалан хууль зөрчсөн үйлдлүүдээс харахад, энэ компанин Засгийн газар нөхөн олговор авч чадахгүйгээ мэдээд Б.Чойжилсүрэн эрх мэдэлтэй буюу Сангийн сайд байх үедээ өөрийнхөө сонирхолд байгаа талбайгаа тусгай хамгаалалттай талбайн хилийн заагаас гаргаж авсан байна. Энэ бол эхнээсээ дуустлаа сонирхлын зөрчил гүн орсон асуудал. Ийм гүн гүнзгийн сонирхлын зөрчилтэй уурхайг бид зөвшөөрөх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүл газар үлдэхгүй болтлоо сонирхлын зөрчилд идэгдэнэ.

Ийм учраас бид энэ удаад, "Уучлаарай Б.Чойжилсүрэн, чи алдаа гаргажээ. Чи уучлалт гуйгаад, хөрөнгөө татаж ав. Чи Ж.Каплад хууртаж хэрэггүй газар худалдаж авч. Каплагаасаа мөнгөө олж ав. Монголын төрөөс чи юу ч олж авах хууль зүйн үндэслэлгүй юм байна. Тэр тусмаа газар нутаг, энэ их уснаас хороож байх ёс зүй чамд алга" гэж хэлмээр байна. Би хүний ёсоор хэлье. Монгол хүн монгол хүндээ, монгол нутагтаа хайртай. Эх нутгийнхаа төлөө энэ төслөөсөө татгалзаж, буян болооч ээ гэж хэлмээр байна.


Х.ТҮМЭНДЭЛГЭР: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН АНХААРАЛД БАЙГАА ГОВИО ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ
 

-Бидний хувьд Тост, тосон бумбын нуруу хамгийн чухал газар. Дэлхий дээрх хамгийн сүүлчийн гэдгийг тодотгож хэлмээр хүний гарт өртөөгүй байгалийн өвөрмөц газар нутаг. Энэ газар нутагт нутгийн иргэд амар тайван амьдарч ирсэн. Энэ уул усыг түшиж амьдарч байгаа 33 зүйл амьтны уугуул нутаг бол Тост, тосон бумба гэж олон улсын судлаачид онцолсон томоохон судалгааны материалууд ч байгаа.  Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгаль орчны яаманд байгаа тэр судалгааны материалтай танилцах ёстой. Монгол орны говь цөл нутгийг онгон зэрлэгээрээ үлдсэн дэлхийн цорын ганц нутаг гэдэг. Хүн төрөлхтний өмнө бид энэ баян бүрдээ бүрэн бүтэн авч үлдэх үүрэг хүлээсэн улс юм шүү. Дэлхий нийтээрээ чухал гэж үзэж, анхаарал тавьж байгаа энэ газрыг монголчууд хамгаалахгүй орхиж болохгүй. Говийн бүс нутагт зэрлэг амьтдыг хамгаалах конвенц зэрэг олон конвенцод Монгол Улс нэгдсэн байдаг. Үүнийхээ дагуу үүргээ хүлээх учиртай. 

Монголын говийг харийнхан зөвхөн мөнгө л гэж харж байна. Бидний үр хүүхэд амьдрах энэ газрыг мэдэхгүй байгаа хүмүүст нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, байгалиа хамгаалах ёстой энэ төрийн байгууллага маань мэдүүлэх ёстой билээ. Энэ талаар Багийн иргэдийн хурлаар хэлэлцэх гэхээр иргэдийг төөрөгдүүлээд хэлэлцүүлдэггүй. Энэ бол МАНАН-гийн нөлөө гэж бид харж байна. Монгол Улсын улаан номд орсон ургамал, мод, цэцгүүд зөвхөн говьд ургадаг. Цоохор ирвэс, соотон алаг даага зэрэг ховор ан амьтад зөвхөн энэ говьд амьдарч байна. Уурхайн орчимд оргилж байгаа жижиг булгийг шүүрлийн ус гэж нэрлээд байгаа. Тэр булаг шанд энэ 33 зүйл амьтныг тэжээн тэтгэж байдаг, ийм чухал зохилдолгоотой юм аа.  Энэ гол, шандыг тойроод уурхай ажиллавал юу болох вэ. Үүний төлөө бид дуу хоолойгоо өргөж байгаа юм. Энэ хэлэлцүүлэг бидний хувьд хамгийн сүүлчийн болоод хамгийн хүчтэй тэмцэл болох байх. Дахиад ашиглалтын лиценз авсан олон компани хүлээж байгаа. Тэд олуулаа болвол, олуулаа хууль зөрчвөл бид дийлэхгүй ээ. Тиймээс одоо л говио хамгаалж, одоо л хууль бус, хариуцлагагүй уул уурхайн эсрэг тэмцэлд ард түмэн, нутгийн иргэд, байгаль дэлхийнхээ төлөө явж байгаа хүмүүс ялах учиртай. Үүнийг төр засаг, ард түмэндээ ойлгуулах ёстой юм.


О.БААСАНХҮҮ: ЯАМ, МХЕГ ТОСОН БУМБЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ 
 

-Би 2015 онд Өргөдлийн байнгын хорооны дарга байсан. Тухайн үед Тост, Тосон бумбын асуудал нэлээн хүчтэй яригдаж байсан учир бид тогтоолын төсөл өргөн барьж байсан. Тогтоолын төслийн хэмжээнд 800 га газрыг хамгаалалтад авъя гэсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь, хоёр шалтгааны улмаас бүхэлд нь хамгаалалтад авч чадаагүй. Ямар шалтгаан байсан бэ гэхээр нэгдүгээрт, тухайн лицензтэй компанид нөхөн төлбөр өгөх боломжгүй байсан. Хоёрдугаарт, байгалийн нөөц цогцолбор газар гэдгийнх нь дүгнэлт өөрөө яг тэр газраараа орж ирээгүй. Ийм хоёр шалтгааны улмаас Тост буюу ирвэс байгаа газраа хамгаалсан. Тост, тосон бумба буюу Өмнөговийн тэр хэсэгт 5-6 уул уурхайн компани байгаа. Энэ компаниудыг нийтээр нь авч үзэх шаардлагатай. Нэг ч компани тэнд хөрс хуулаасай гэж хүсэхгүй байна. Монгол Улсын 78 хувьд нь цөлжилт үүссэн байна. Тэгэхээр ард иргэдийн усаа хамгаалъя гэж тэмцэж байгаа нь зөв. Энэ тэмцлийг улс төрийн ямар ч агуулга байхгүй гэж харж байна.

2015 онд Тост, Тосон бумбыг хамгаалалтад авсан ч жижигхэн талбайг нь авсан. Зөвхөн ирвэс нутагшдаг газрыг авсан болохоос байгалийн цогцолбор гэдэг утгаар нь аваагүй. Тийм учраас энэ яам агентлаг, мэргэжлийн хяналтынхан одоо ажиллах ёстой, ажлаа үнэнч шударгаар хийх ёстой. Тосон бумбыг хамгаалахын төлөө ажиллах ёстой гэж бодож байна. Байгалийн цогцолбор гэдэг нь эндээс энэ хэсэг байгаа юм гэдэг шийдвэр гаргахад л болох байхгүй юу. Энэ шийдвэрийг одоо гаргана гэж итгэж байна.


Т.ГАНБОЛД: ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ УХАХГҮЙ ҮЛДЭЭЖ БОЛНО 
 

-Би биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэж, энгийн иргэний хувиар энд ирсэн. Та бүхний үзэл бодолтой 100 хувь санал нэгдэж байна. Тост, Тосон бумбын нурууг ухахгүй үлдээж болно. Өнөөдөр Монгол Улсад ховор ан амьтдын бэлчээр, түүхэн дурсгалт газруудаас өөр ашиглах боломжтой асар их хэмжээний газрууд бий. Тиймээс ч би Тост, тосон бумбыг ухахыг эсэргүүцэж байгаа юм. Уул уурхай дотроо олон төрөл, үйл ажиллагаатай. Ховор ан амьтдын тогтоцтой газрыг хөндөхгүй байх учиртай.

Хэлэлцүүлэг дээр Засгийн газар, УИХ-ын тогтоолын талаар ярьж байна. Тэр яриад байгаа хууль, тогтоолыг маань улс төрд шургалаад орчихсон хүмүүс өөрсдөдөө зориулан өөрчилж байгаад бид бүгдээрээ бухимдаж байгаа. Тиймээс уул уурхай, бүтээн байгуулалт гэж ярихаасаа илүү шударга нийгмийг цогцлоох хэрэгтэй байна. Аливаа уул уурхай өөрөө авлигыг тэжээн тэтгэж, бий болгодог ийм нөхцөл байдал бий болжээ. Энэ үүссэн байдал, дүрэм журмыг бид шударга болгох ёстойг бүгд ойлгох хэрэгтэй.


Б.ДЭЛГЭРЖАРГАЛ: “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС”-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД БАЙГАА
 

-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Онгон байгалиа хамгаалахтай холбоотой асуудлаар хэлэлцэхээр төлөөлөгчид иржээ. Би УУХҮЯ-ны Ажлын хэсэгт орж ажилласан. Зураг төсөл, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой асуудлуудын талаар товч мэдээлэл хүргэе.

“Сауд гоби коэл транс” компани хоёр тусгай зөвшөөрөлтэй. 17038 тоот зөвшөөрлийг 2012 оны тавдугаар сарын 18-нд олгосон бол 2015 оны наймдугаар сарын 21-нд 19036 гэдэг тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. Энэ бол албан ёсны тоо баримт. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хөдөлгөөнтэй холбоотой асуудал байгаа. 6448.7 га газрыг хэсэгчлэн буцааж өгсөн. 2017 оны тавдугаар сарын 30-нд 14 мянган га газрыг буцааж өгсөн. Орд газар бол өөрөө Нарийн сухайтын орд. Энэ бүлэг ордууд нь нийт 14 ашиглалтын тусгай зөвшөөрөл, хайгуулын гурав, нийт 17 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, технологийн зураг төслийн дагуу ажил явж байна уу гэдгийг шалгаж байгаа. Өнөөдөр бидний хэлэлцэж буй тусгай зөвшөөрөл нь 2019 онд батлуулсан гурав дахь шатны зураг төсөл. Засгийн газрын 2018 оны тогтоолоор уул уурхайн түүхий эдийг шороон замаар тээвэрлэнэ гэсэн байдаг. Уурхайн хүчин чадал хоёр дахин буурч байгаатай холбоотойгоор Уул уурхайн яам байр сууриа илэрхийлнэ. Тусгай зөвшөөрлийн хил хязгаарын хүрээнд байгаа бодит байдлыг бид үзээд ирсэн. Компанитай холбоотой асуудлууд байгаа. Эцсийн үр дүнг нэгтгэж, төр, засгийн шийдвэрүүд гарах ёстой. Асуулт, хариулт дээр тодорхой хариулт өгье. Баярлалаа. 


МХЕГ: “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС" КОМПАНИД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙНЭ
 

-Байгаль орчноо хамгаалах энэ хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Сауд гоби коэл транс" компанид ашиглалт байгуулалт хийж эхэлснээс хойш тухай бүрт үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж байсан. Тухайлбал, 2015 оны шалгалтаар зөрчлийн тухай хууль, байгаль орчны тухай хуулийг зөрчсөн тул компанийн үйл ажиллагааг түр зогсоож, 12 сая төгрөгөөр торгож байсан. 2019 онд аймгийн мэргэжлийн хяналтыг газрын удирдамжийн дагуу тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар ашигт малтмалын тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуул, зөрчлийн тухай хуулиудыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, ийм байдлаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж Өмнөговь аймгийн засаг даргад мэдээлэл хүргүүлж байсан. Мөн тус компанид торгуулийн арга хэмжээ авч байсан. Эдгээр хяналт шалгалтын үр дүнд компанийн зүгээс зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, 2017 оны тавдугаар сард байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан. 2018 оны арван нэгдүгээр сард Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яамны Уулын хүлээж авах комиссыг ажиллуулж, цаашид үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэсэн дүгнэлт гаргуулж авсан байдаг. Ингээд энэ компани 2018 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 

Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас "Сауд гоби коэл транс" ХХК-ийн Баянтэс уурхай түүний туслан гүйцэтгэгч компани буюу гэрээгээр ажиллаж байгаа компанид зөрчлийн тухай, аж ахуйн нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, ашигт малтмалын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, газрын тухай, усны тухай, хог хаягдлыг тухай, хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, химийн хорт болон аюултай бодисын тухай, авто тээврийн тухай, автозамын тухай, барилгын тухай хууль тогтоомжтой нийцүүлэн дүрэм журам, холбогдох норм, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтад нийтдээ найман байцаагч оролцсон. Тухайн шалгалтад Баянтэс уурхайн дарга Ганбат гэдэг хүнийг болон холбогдох инженер техникийн ажилчдыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтаар, 2019 оны нэгдүгээр улиралд хийгдэх ёстой байсан ашигт малтмалын нөөц ашиглалтыг төлбөр төлөөгүй, уулын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу явуулаагүй,  орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, Баянтэсийн уурхайгаас Нарийн сухайт чиглэлийн зам их хэмжээний тоосжилт үүссэн, ургамлын бүрхэвч, ан амьтны болон хүний амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, газрыг эвдрэл доройтолд оруулчихаад нөхөн сэргээгүй, нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу олгоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ёстой компанийн үйл ажиллагааны тухай үүрэг биелэгдээгүй, тусгай зориулалтын зам байгуулаагүй гэх мэт зөрчил илэрсэн.

Энэ зөрчлийг үндэслээд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дугаар заалтад заасны дагуу тухайн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлага өгсөн. 

Албан шаардлагын биелэлтийн хувьд компани зургаадугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын дагуу ямар ажил хийсэн бэ гэдэг мэдээлэл хүргүүлсэн. Мэдээллийг судалж үзэхэд, бүрэн биелсэн 19 заалт байна. Үүний 13 нь нотлох баримтаар баталгаажсан. Зургаан зөрчлийн газар дээр нь шалгах шаардлагатай байгаа. Тодорхой ажил биелэгдсэн өөрөөр хэлбэл 100 хувь биелэгдээгүй гэж үзэж байгаа. 20-75 хувийн биелэлттэй зургаан ажил байна. Тодорхой ажил хийгдээгүй зургаан ажил байна. Ийм байдалтай албан шаардлагын биелэлттэй компани байна. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар ирэх долоо хоногийн даваа гаригаас “Сауд гоби коэл транс" компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ. Яагаад гэвэл хяналт шалгалт хийсэн субъект тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан талаар ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг шалгах зохицуулалттай байдаг. Тийм учраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж, улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгаж үнэлгээ тогтоох болно. Ингээд үнэлгээ дүгнэлтийн дараа улсын байцаагчийн өгсөн албан шаардлага, үүрэг даалгавар биелэгдсэн эсэх, биелэгдээгүй бол шалтгаан нөхцөлийг тодруулах, биелэгдэх бололцоотой зөрчил дутагдлыг арилгаагүй бол дараагийн шатны арна хэмжээ авах ийм ажлууд хийгдэнэ. 


ГУРВАНТЭС СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ И.НЯМАА: 
МАЛЧИД БИД НҮҮЖ ОТОРЛОХ, БЭЛЧЭЭРЛЭХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО
 

-Манай сумын нутаг дэвсгэр Монгол улсынхаа хэмжээнд хамгийн томд ордог. Гэхдээ уул уурхайн нөлөөллөөс болоод мал маллах газар багассан. Худгийн ус, ундарга багассан, Айлууд нь ойртож буудаг болсноос үүдэн нүүж оторлох, бэлчээрлэх газаргүй болсон. Уламжлалт мал аж ахуй, маллагаа, арга барил маань өөрчлөгдөж, бэлчээрийн доройтол үүсэх зэргээр үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх газар нутаггүй боллоо. Би мал аж ахуйгаа эрхлэх хүсэлтэй байдаг. Гэтэл ус, ундны хүрэлцээгүйгээс болоод манайд тулгарч байгаа жишээг ярья. Өвлийн улиралд нэг талдаа 14 км, ирэх очих 28 км-ээс бид ус зөөдөг. Намар, хаврынхаа улиралд талдаа долоо, ирэх очихын 14 км-ээс усаа авчирдаг. Зундаа талдаа гурван километр газраас ус зөөдөг. Жилийн дөрвөн улиралд дөрвүүлэнд нь ус зөөж, малаа усладаг. Манайх одоо 600-аад малтай айл. Ийм мал аж ахуйнхаа ажлын хажуугаар нөхөр маань усч маягийн ажил хийж, усаа зөөдөг. Ус худгийн хүрэлцээгүй байдлаас болж малчид иймэрхүү байдалтай амьдрахад хүрч байна.

Манай сумаас гадагшаа гаргаж байгаа Монголын нүүрсний 50 хувийг бүрдүүлдэг. Улсын төсөвт нэлээдгүй мөнгө нийлүүлдэг. Тэгсэн хэрнээ тог цахилгаан нь Хятадаас хараат байдалтай. Хятадаас тогоо авдаг. Аймгаасаа 320 км-ын зайтай хэрнээ хар зам байхгүй, шороон замтай. Нүүрс тээвэрлэдэг машинууд явсаар байгаад газар нутаг маань явж суухын эцэсгүй болсон. Маш хүндрэлтэй. Гаднын нөлөөнөөс болоод өөрсдийн сайхан нутгаа бид алдчихсан. Тэмээ, ямаа хоёроороо манай сум алдартай байсан. Ингээ саагаад, ямааныхаа ноолуурыг үйлдвэрт нийлүүлээд явахад энгийн сайхан амьдрах нөхцөлийг уул уурхайгаас болоод бүрэн алдаж, амьдралаараа хохирч байна. Одоо Үндсэн хуулийг өөрчлөхдөө хуулийн цоорхойг бүр их гаргах гэж байгаа юм шиг бидэнд ойлгогдож байгаа. Бид мэдэхгүй биш мэддэг. Энэ байдлыг зөв зүгт нь оруулж өгөөч ээ.


ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭН Э.НЯМДАВАА: 
НУТГИЙНХАА ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ИРГЭДЭЭ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА
 

-Өчигдөр манай нэг дарга над дээр ирээд, “Таван сая, гурван сая төгрөг өгье, наад цуглуулсан хүмүүсээ тараачих” гэсэн. Энэ ямар шившигтэй вэ... Би нутгаа орхиж чадахгүй. Би тэвчиж чадахгүй нь. Арай ч дээ, ийм улстөрчид гэж байх уу. Би ичиж байна, залуус аа. Даанч яав даа. Сохор, доголон болсон ч би эх нутгаа худалдахгүй. Би маргааш сумандаа очоод, надад мөнгө амласан тэр даргыг огцруулна. Олон зуун км-ын цаанаас ямар их ажлаа алдаж, энд ирж байгаа билээ. Үнэхээр би тэвчиж чадахгүй байна. Бидний нутаг руу яагаад шунаад байгаа юм бэ. Зүгээр тайван орхичих л доо. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(66.181.185.196) 2019 оны 08 сарын 11

Малчид ба уурхайчдын зорчлийг шийдэх ганц л арга байна Байгаль орчны яам мэргэжилтэн эрдэмтэдтэй нийлж ямар ч ховор баялаг байсан уул уурхай хогжуулэхгуй бус нутгийн зургийг гаргаж их хурлаар баталж хэрэгжуулэх хэрэгтэй Ингэхийн тулд мал аж ахуй газар тариалан ба уул уурхайн хогжлийн хэтийн толовийг боловсруулах хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.185.196) 2019 оны 08 сарын 11

Гурвантэс сумынханыг нуулгэн шилжуулсэн нь дээр биш уу Нутгийн иргэд амьдралаа ярих нь аргагуй Гэвч сумаас нь Монголын нуурсний экспортын 50 хувийг гаргаж байгаа нь нийт монголчуудын эрх ашиг болчихож байгаа юмаа Унэндээ энэ суманд байгаль хамгаалах аргагуй болжээ Нуурсний экспортыг таг хорьдоггуй л бм бол Таг хоривол татварын орлогыг яаж бурдуулэх вэ Тийм учраас сумынзаныг ойролцоо бэлчээр сайтай суманд нуулгэн шилжуулсэн нь дээр дээ

0  |  0
СЭТГЭГДЭЛ БИЧИГЧДЭД(202.9.42.154) 2019 оны 08 сарын 11

ТА НАР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ НҮД БАЙТУГАЙГАА УХААД ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ БОЛЧИХЖЭЭ. МӨНГӨТЭЙ Л БОЛЖ БАЙВАЛ ЯАВАЛ Ч ЯАГ УУ ТЭЭ. ТА НАРЫГ ОЛООД БҮГДИЙГ НЬ ПАН ХИЙХ ЮМСАН. ХЭДЭН ХАЛТАР ЦААСНЫ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧИД АА. МОНГОЛ НУТГААС МИНЬ БҮГДЭЭРЭЭ ЗАЙЛААРАЙ. ТЭР САЙХАН ГАДААД РУУГАА

0  |  0
УЛАЙРАЛ(66.181.178.38) 2019 оны 08 сарын 12

СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮН АВЧ ИРЖ УЙЛУУЛАХ ГЭХ МЭТИЙН ХЯЛБАР ШОУГ ХҮРТЭЛ ГОЛОХГҮЙ АШИГЛАН АШИГЛАН ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЛИЦЕНЗИЙН БУЛААЖ АВАХААР УЛАЙРЧ БУЙ ЭНЭ ДАЙРАЛТЫН АРД ХЭН БАЙНА ВЭ?

0  |  1
Би(66.181.183.211) 2019 оны 08 сарын 10

Гурвантэсэд анх Жавхлан гишүүн очиж, энэ сэдвээр ярьж байсан бх..

0  |  0
zass(103.212.119.88) 2019 оны 08 сарын 10

ene odoo uilaad baigaa svvliin hvn zvgeerl ugsun mungu ni bagadaad erhelj uilj bga um shig haragdaad bna daa ... uil ntr jujig tavihaa bolio boli ... neeh muuhai vzel surtalgvi ... yadahad yasan ch bvdvvn ev havgvi um bedee .. za odoo namaig eldev negeeree duuddaa pooshiknudaa...

0  |  0
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Www333(66.181.161.1) 2019 оны 08 сарын 09

Ene khujaa Ganbold jinkhene jujigchin.

0  |  0
Galdanboshig(202.9.42.81) 2019 оны 08 сарын 09

Bvgdeeree hudlaa jvjigchid mongoniii toloo shantaajchilj baigaa

0  |  0
Top