Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт 1912 онд малчин ард Даагаагийн гэрт нэгэн цовоо сэргэлэн хөвгүүн удам залган мэндэлж, нагац ах Балганыхаа гар дээр өсөж торнисон нь МАХЦ-ийн нэрт дарга, комиссар болон алдаршсан Д.Пэлжээ байв. Тэрбээр 1937 онд нутгийн бүсгүйтэй гэр бүл болж, 22 нас хүртлээ мал аж ахуй эрхэлж байгаад 1934 онд ардын цэрэгт татагдан Ховд аймаг дахь 4 дүгээр морьт хороонд байлдагч, бага даргаар алба хаасан бөгөөд 1936 онд ЗХУ-ын Эрхүү хотноо "Рабфак", 1937-1939 онд ЗХУ-д Тамбовын цэргийн сургуульд дэвшин суралцсан бөгөөд тэнд хожмын БНМАУ-ын "Гарамгай баатар" Л.Дандартай анх танилцжээ.
Тэрээр удалгүй сургуулиа амжилттай төгсөж, Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн комиссарын тушаалд томилогдох үедээ Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдын нэг юм.
Комиссар Д.Пэлжээгийн анх цэрэгт татагдсан сонирхолтой түүх, аман ярианаас үзвэл, "Дээлийн товч шилбэ тэсгээдэггүй, дэндүү сэргэлэн дэггүй банди байж. Цэцэг сумын дарга Д.Цэен-Ойдов Ховд аймгийн төв дэх 4 дүгээр морин хороонд яаралтай албан бичиг хүргүүлэх хэрэг гарчээ. Сайн морь, эрэмгий залуу хүн хэрэгтэй болж. Яг тэр үеэр нь залуу хархүү Д.Пэлжээ сумын захиргааны үүдээр явж байгаад Д.Цэен-Ойдов даргатай таарч нүдэнд нь өртжээ. Жамсран тайжийн хангал халиун морийг түүнд эмээллэж өгөөд яаравчлан довтлохыг үүрэг болгосон аж. Ингэж Цэцэг сумын төвөөс Ховд аймгийн төв дэх 4 дүгээр морин хороонд албан бичиг хүргэж өгөх хариуцлагатай ажилд Д.Пэлжээ дайчлагдсан байна. Жолоо таталгүй цогиулан хатируулсаар аймгийн төвд хүрч 4 дүгээр хорооны даргад бичгээ гардуулаад гэдрэг буцах гэтэл зөвшөөрсөнгүй, түүнийг шууд цэрэгт дайчлан татжээ. Тэр бичиг үсэгт тайлагдаагүй байсан тул дугтуйн гадна талд юу гэж бичсэнийг яаж мэдэх билээ. Цэцэг сумын дарга Д.Цэен-Ойдов дугтуйн дээр "Хүнийг нь цэрэгт ав, морийг нь эргүүлээд сул тавьчих, нутагтаа хүрээд ирнэ" хэмээн биччихсэн юм санж. Ингэж Д.Пэлжээ Ардын Армийн жагсаалын цэрэг болжээ. Удалгүй бичиг үсэгт ч тайлагдсан байна. Сүүлд дуулбал унаж очсон Жамсран тайжийн хангал халиун морь хоёр хоногийн дараа адуун сүрэгтээ очиж нийлсэн байсан гэдэг.
МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз нь 1932 онд Дорнодын 2 дугаар корпусын бүрэлдэхүүнд 15, 17 дугаар морьт хороо, их бууны дивизион, хуягт дивизион болон бусад ангиудын хамт байгуулагдсан бөгөөд Халхын голын дайны үед дивизийн даргаар хошууч Ч.Шаарийбуу, хурандаа Л.Дандар /1939 оны 6 дугаар сараас/, комиссараар Д.Пэлжээ, штабын даргаар ахлах дэслэгч М.Цэдэн-Иш тэргүүтэй шилдэг дарга, улс төрийн ажилтнууд томилогдон ажиллажээ.
Халхын голын дайны эхэн буюу 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн японы эсрэг томоохон байлдаанд дивизийн дарга Ч.Шаарийбуу, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар нар эрэлхгээр амь үрэгдэж, хүн, хүчний багагүй хохирол амссан ч комиссар Д.Пэлжээ дивизийн командын байрыг алдалгүй баатарлагаар тулалдаж, өөрийн эр зориг, удирдан зохион байгуулах авьяас, чадвараа анхлан таниулсан ажээ.
Дайны нөхцөл байдлаас шалтгаалан МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн даргыг яаралтай нөхөн томилох шаардлага гарсан тул комиссар Д.Пэлжээгийн саналын дагуу 17 дугаар морьт хорооны дарга Л.Дандарыг дэвшүүлэн томилсон байна. Энэ тухайд комиссар Д.Пэлжээ "...1939 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ухарсан дайсны зэрэмдэг хүчийг мөрдөн хөөж, эх нутгаасаа цэвэрлэж дуусгаад дайчид түр амарч байлаа. Би дайчдын дунд явж байтал, Зөвлөлтийн хоёр цэрэг явж байгаа харагдав. Учрыг нь лавлахаар хүрч очвол, тэднээс "Дивизийн командлагч хэн бэ?" гэж асуулаа. "Би байна" гэж хариулбал "фронтын командлагч дуудаж байна" гэлээ. Би японоос олзолж авсан хөх саарал томскоор давхин очвол, командлалын байрын гадна нөхөр Г.К.Жуков (57 дугаар Онцгой корпусын командлагч) сууж байлаа. Би мориноосоо бууж, фронтын командлагч таны дуудсан ёсоор "6 дугаар дивизийн комиссар Пэлжээ ирлээ" гэж илтгэв. Жуков миний урдаас босон ирж, эелдгээр мэндлээд "Танай дивизийн командлагчаар хэнийг томилох саналтай байна" гэж асуув. Би "морин хорооны дарга, дэслэгч нөхөр Дандарыг томилох саналтай байна. Дандар бол ЗХУ-ын Тамбовын морин цэргийн дунд сургууль төгссөн, орос хэл сайн мэднэ. Урьдах тулалдаануудад гарамгай сайн байлдсан, манай шилдэг дарга нарын нэг" гэж илтгэлээ. Нөхөр Г.К.Жуков миний саналыг зөвшөөрч, нөхөр Л.Дандарыг дуудан ирүүлж, дивизийн командлагчаар томилж, маршал Х.Чойбалсанд цахилгаан утас явуулсан юм сан..." хэмээн нэгэнтээ дурсан өгүүлжээ. Ийнхүү ирээдүйн хоёр алдартны насан туршийн дайчин нөхөрлөлийн эхлэл тавигдаж, хамтран зүтгэгч, дайчин нөхдөө чадварлагаар удирдан, Халхын голын түүхт ялалтад үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэл байгуулсан түүхтэй.
Комиссар Д.Пэлжээгийн удирдан зохион байгуулсан цэргийн доторх нам, улс төрийн ажлын талаар ахмад дайчид, улс төрийн ажилтнууд хожим бахархан өгүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, Улс төрийн газрын дарга, дивизийн комиссар Ж.Лхагвасүрэн "Цэргийн доторх нам, улс төрийн ажилтны ажил нь гол төлөв нуувч, шуудуугаар явж таниулах, сурталчлахад чиглэж байв.
6 дугаар морьт дивизийн комиссар Д.Пэлжээ, 8 морьт дивизийн комиссар Дандгай нар байлдааны туршлага багатай, хамгийн залуу комиссарууд байлаа. Тэд хэд хэдэн тулалдааны дараа бүр ч буурьтай догь комиссар болцгоов. Нэгтгэл, ангиудаар явж байхад байлдааны талбай дээр нуувч, шуудуу, жалга, судагт дайчдаа олон цөөнөөр нь цуглуулан таниулга, яриа хийж байсан улс төрийн ажилтан өдий төдий байлаа" гэсэн бол зарим ахмад дайчдын дуртгалд "Д.Сүхбаатарын нэрэмжит, Улаан тугийн одонт 6 дугаар морьт дивизийн комиссар байсан нөхөр Д.Пэлжээ аль ч чухал хэсэгт буюу онцгой үүрэг гүйцэтгэж байгаа хороо, ангид очиж, дайчдад цаг үеийн байдал, манай гүйцэтгэх үүргийн талаар ярьж тайлбарлах, улс төрийн ажилтанд семинар өгч, дайчдын дотор ухуулгын ажлыг хурдан хугацаанд амжиж хийлгэхэд их анхаарч, байлдааны ямар ч нөхцөлд энэ ажлыг хийж чаддаг байлаа. Бид ч комиссар нөхөр Д.Пэлжээгийн зааж зааварлаж өгсөн үүрэг, семинараар ажилладаг байсан. Байлдааны нөхцөлд цэргийн дотор зохиох ухуулан таниулах ажил нь өдөр, шөнө, давших, хориглох, атаклах, маршлах, мөрдөн хөөх, бүслэн устгах, байлдан тагнах, салаа, тасгаар буюу цөөнөөр тагнуулын даалгавар биелүүлэх, байлдааны нууц хамгаалалт, харуул манааны үүрэг гүйцэтгэх, шөнийн цагаар дайсны дотор орж ухуулах хуудас хаях зэрэг ямар ч цагт хожимдохгүй, шуурхай, эрчимтэй байхад чиглэгдэж байлаа ..." хэмээн олонтоо өгүүлсэн буй. Түүнчлэн комиссар Д.Пэлжээгийн эр зориг, гавьяа, зүтгэлийг Зөвлөлтийн дайчин нөхдөөс нь хүртэл бахдан үнэлж "Монголын морьт цэрэг нь эрэлхэг баатарлагаар заналт дайсныг цохиж байх бөгөөд түүний баатрууд нь улмаар эрэлхэгжин өсөж байна. Одон тэмдэгт дарга Дандарын хажууд галын дөл мэт комиссар Пэлжээ байна. Тэр нь газар бүр хүрэлцэн очдог. Байлдагч цэргүүдийн улс төрийн мэдлэгийг билүүдэн засаж амждаг байна. Байлдагч бүрийн сэтгэлд арилгахын аргагүйгээр самуурай дайснуудыг занаж байна. Байлдагч бүрийн сэтгэлд хязгааргүй, өөрийн энхрий эх орондоо дурлаж байх ба түүний байлдааны нөхөд бөгөөд хамгаалалцагч болох "СССР-ийн цэрэг"-үүдэд талархан дурлана" хэмээн онцлон тэмдэглэж байжээ.
Халхын голын дайны үед комиссар Д.Пэлжээ зөвхөн нам, улс төр, ухуулга, сурталчилгааны ажлыг удирдан зохион байгуулахаас гадна морин цэргийн хамт тус дивизийн хуягт ангийг удирдан хэд хэдэн удаагийн дайралтад орж, дайсны амьд хүчийг устгахад өөрийн биеэр хошуучлан манлайлсан нь цөөнгүй. МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн хуягт дивизионы бууны дарга Б.Банзрагч "... 6 дугаар морьт дивизийн хуягт сумангийн дарга Дэлгэр 7 дугаар сарын 2-ны өдөр дайсны их бууны батарей руу атаклан орж, дайсны галд өөрийнхөө хуягтыг шатаалгаад, өөрөө жолоочтойгоо хуягтаас гарсан ба Пэлжээ жолоочтойгоо хажуугийн хуягт руу гүйж явтал 30 шахам метр газарт хамт тулалдаж явсан Гонгорын машин шатаж, түүний хүмүүс нь амьд гарч, тэднээс ганц Бираадамбын хувцас нь ямар нэг зүйлд тээглээд бууж чадахгүй тийчилж байсныг салган авч тэврэн явж байсныг миний бие нүдээр үзсэн юм" гэснээс үзэхэд, комиссар Д.Пэлжээ нь байлдааны хүнд бэрх цагт дайчин нөхдийнхөө амь насыг нэг бус удаа авран хамгаалсан гавьяаг эрхгүй нотлох аж.
Халхын голын дайнд комиссар Д.Пэлжээгийн удирдсан 6 дугаар морьт дивизийн цэргийн доторх нам, улс төрийн ажлын зохион байгуулалт болон цэрэг, дайчдын амжилт, ялалтууд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болохыг ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, БНМАУ-ын маршал Х.Чойбалсангийн 1939 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот тушаалд "Манай дорнод хязгаарын ба ялангуяа Тамсагийн 6 дугаар морьт дивизийн олон дарга, улс төрийн тушаалтан, байлдагч нараас японы эзэрхэг түрэмгийлэгчийн довтолгооны өмнөөс амжилттайгаар тэмцэж, ... өөрийн эх нутаг болох газар шорооноос шунахай дээрэмчдийг арилган цэвэрлэж, цаг тухайд хатуу ширүүн цохилтыг өгч, туйлын зоригтой баатарлагаар эх орноо хамгаалах үүргийг сайнаар гүйцэтгэсэн явдалд хувьсгалын халуун баярыг хүргэе..." гэж онцлон тэмдэглэжээ.
1939 оны 7 дугаар сарын эхээр болсон Баянцагааны тулалдааны ялалтаас хойш Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчний ерөнхий давшилтын үе эхэлж, 1939 оны 8 дугаар сарын 20-ны өдөр давших операцыг хэрэгжүүлэхэд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн удирдлага, бие бүрэлдэхүүн нь хурандаа И.В.Шевниковын удирдлагад багтсан бөгөөд "Хойд" бүлгийн ажиллагааг их бууны батарей, танкийн салаагаар хүч нэмэгдүүлсэн МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз хангаж, Яньху нуурын баруун районыг эзлэн бат бэх барьж байх үүрэг хүлээсэн байна". Энэхүү үүргийг тус дивизийн бие бүрэлдэхүүн амжилттай биелүүлснээр Халхын голын дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Халхын голын дайнд амжилттай оролцсон МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн удирдлага, бие бүрэлдэхүүнээс Л.Дандар, Л.Гэлэгбаатар нар БНМАУ-ын баатар цол хүртсэнээс гадна гурван зуу шахам хүн төрийн дээд одон, медалиар шагнагдсан нь тус дивизийн комиссар Д.Пэлжээгийн цэргийн нэрт дарга, улс төрийн ажилтан, удирдан зохион байгуулагч болохыг давхар нотлон харуулсан бахдам жишээ юм. Тийм ч учраас 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон комиссар Д.Пэлжээгийн гавьяа, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж "Байлдааны гавьяаны улаан тугийн одон"-оор хоёр удаа, "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор тус тус шагнажээ.
Харамсалтай нь комиссар Д.Пэлжээ дайны дараа эх нутаг, элгэн саднаа зорин очсон боловч амьдрал, хувь тавилангийн хатуу араншин лугаа нүүр тулж, эвлэрэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Учир нь "Дайн дуусахад ард үлдсэн эх нь өөд болж, гэргий нь төрхөмдөө буцчихсан, өөр ах дүү, садны хүмүүс тэнд үлдээгүй тул Цэцэг сумандаа буцаж очоогүй байна. Бүр сүүлд буюу 1967 онд албан ажлаар аймагтаа очоод Цэцэг сумын даргаар ажиллаж байсан Д.Цэен-Ойдов гуайг эрж сурсаар яваад олж уулзжээ. Дээлийн торго, чихэр боов, шил "гожин"-той очсон юм байх. Тэр бээр аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байжээ. Уулзалдалгүй олон жил өнгөрсөн тул Д.Цэен-Ойдов гуай Д.Пэлжээг танихгүй байна гэнэ. Тэгэхээр нь цаашлуулж "Жамсран тайжийн адуунд үлдээсэн хангал халиун морь, засаг даргын мэдэлд орхисон залуу эхнэр хоёроо авах гэж ирлээ" гэж нэхсэн чинь Д.Цэен-Ойдов гуай учиргүй том хараад "Аа энэ чинь чи юү" гээд ха ха инээж хүзүүндээ дааварлаж чийхарсан хөлсөө арчиж байсан гэдэг. Энэ үеэс олон түмэндээ "Халхын голын дайны комиссар, эх оронч" хэмээн алдаршсан Д.Пэлжээ Дархан хотын барилга, бүтээн байгуулалтын их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн бөгөөд Улаанбаатарын цахилгаан станцад хэлтсийн дарга, орлогч, барилгад цахилгаан монтёр, аж үйлдвэрийн комбинатад хэлтсийн дарга, орлогч, грашийн дарга, ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдааны атташе, Дарханы барилгын удирдах газарт хайгуулын дарга, газрын дарга, орлогч, төлөөлөгчдийн товчооны дарга зэрэг ажлыг нэр төртэй хашиж, хөлс хүч, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан гавьяатай ажээ.
Түүгээр ч барахгүй нэрт яруу найрагч, Төрийн шагналт Ч.Чимэд комиссар Д.Пэлжээд зориулан "Дайчин нөхрийн тухай дууль" хэмээх нэрд гарсан бүтээлээ туурвисан нь ихэд сонирхолтой юм. Уг бүтээлд
"Саарал шинелээ тайлаагүй,
Буурал найз минь хаа байна,
Дархан хотын барилга дээр үү?,
Торгон хилийн зааг дээр үү?..." хэмээн уран яруу өгүүлсэн нь Халхын голын дайны "эх оронч, комиссар"-аас энх цагийн бүтээн байгуулалтын эзэн болтлоо алдаршсан Д.Пэлжээгийн бахдам гавьяа зүтгэл, амьдрал үйлсийн бахархал болон өнөөг хүртэл дуурсан үлджээ. Энэ тухайд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн "Түүнийг (Д.Пэлжээ-И.Ч) найрамдлын Дархан хотын барилгын бүтээн байгуулалт дээр Халхын голын байлдааны дайчин байлдагчийн ид жавхааг гайхуулж, жинхэнэ эх орончоор бүтээн хөдөлмөрлөж байгааг нүдээр харж бахархсан манай нэрт яруу найрагч, төрийн шагналт Ч.Чимэд өөрийн эрхгүй үзэг цаасаа шүүрэн авч "Дайчин нөхрийн тухай дууль"-аа онгод хийморь бадруулан байж бичсэн байдаг. Тэр нь дуу болж ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн билээ" хэмээн бахархан тэмдэглэжээ.
Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж тэртээх 1963 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан ахуй цагтаа өвлийн амралтаар нутаг буцах болж, Ярославын галт тэрэгний буудлаас хошууч генерал Э.Цэрэндорж, Халх голын дайны комиссар, хурандаа Д.Пэлжээ хоёртой нэгэн бүхээгт хамт хөдөлжээ. Аян замын зуур сайх хоёр ахмад дайчид "Халхын голын дайны үед фронтод дайтаж явсан цэрэг эрчүүдэд ар гэр, амраг садан, албан үйлдвэрийн газрын ажилчин, албан хаагчдаас үй олон захидал ирж "дайснаа дарж, дархан цолоо мандуулж" ирэхийг ерөөдөг байв. Тодорхой нэр хаягаас гадна "...дугаар ангийн дайчдад" гэж хаяглан захидал ирдэг байсан. Тэр ч байтугай сайхан дээл илгээдэг байлаа" гэх зэргээр сонин содон түүхийг хуучилсан нь авьяас билэгт, залуу яруу найрагч Ч.Пүрэвдоржийн онгод хийморийг эрхгүй хөглөж, хожмын "Хөх даалимбан тэрлэг" (1969) хэмээх алдарт найраглалын санааг анх төрүүлсэн түүхтэй аж. Уг найраглалд:
"Цэрэг эрсийн улаан тоос
Цэцгэн дундуур татаад явсан юм
Цээжин дотор хагацал орхиод
Цэнхэр уулсыг даваад явсан юм
Олон эрчүүд дуугаа дуулаад
Онгон талаар давхиад явсан юм
Орон гэртээ зайгаа орхиод
Одтой адил харваад явсан юм ..." гэх зэргээр уран яруу өгүүлдэг билээ. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батнайрамдалын тэмдэглэснээр "Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан Д.Пүрэвдорж Москва-Улаанбаатарын галт тэргэнд оюутан голдуу залууст "Хөх чисжүү тэрлэг" нэртэй найраглал уншиж явжээ. Тэр галт тэргээр зорчиж явсан, Халхын голын дайнд комиссар хэмээн алдаршсан Пэлжээ гуай, залуу яруу найрагчаас бичсэн бүтээлээ ямар гал цогтой, омог бардам бас уянгатай уншиж байгааг бишрэн чагнажээ. Пэлжээ комиссар "Сайхан зохиол юм. Ах нь ганцхан л санаа хэлье. Чисжүү гэдэг чинь торго уу, даалимбан тэрлэг гэвэл арай ойрхон сонсогдох байх" гэж өөрийн санаа оноог дэлгэн хуучилснаар бид бүхний унших, сонсох дуртай "Хөх даалимбан тэрлэг" хэмээх алдарт найраглал ийнхүү өөрийн "албан ёсны нэр"-ээ анх өлгийдөж авсан гэдэг.
МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн "галын дөл" мэт комиссар, эх оронч Д.Пэлжээ нь Халхын голын дайны "Нэр нь тодроогүй баатар", энх цагийн бүтээн байгуулагчийн нэг бөгөөд түүний бахдам намтар түүх, алдар гавьяаны нэгээхэн хэсгийг өгүүлэхэд ийм буюу.
ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн, дэд профессор, доктор И.Чинбат
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл ( 6 )
Дандар баатарыг анх хороон дарга болж чадах хүн гэж тодорхойлж явсан алдарт комиссар хурандаа Пэлжээ гуайг халиун моринд мордуулсан Цэен-ойдов гуай ч гал цогтой залуу хүнийг алсын бөгөөд амьдралын замд нь мордуулж өгсөн нь гайхалтай яаа! хэцүү хүнд дайны үед ахмад үеийхэн минь эх орныхоо төлөө амь амьдралаа зориулан тулалдаж явахдаа хувь тавиланаар насан туршийн нөхөрлөлөө бататгасан нь ”Саарал шинелийн эзэд ”Баатар Дандар, хурандаа Пэлжээ гуай нар бөгөөд дурсамжыг нь хүүхэд цагтаа сонсож явжээ.Ч.Чимэд гуайн ”Дайчин нөхрийн тухай ” дууг дуучин Дашням сайхан дуулдагсан...
Baabar halh gold dain boloogui heden nogoochin japan humuusiig alaad irsen geed bicheed ba baabariin buh nom bichibruudiig shataah ayand mongol tumen negd
Estoi baatar yum bna. Neriig aldarshuulan munhluh heretei...
1960-аад оны сүүлчээр энэ дууг дуулаад Дарханы гудамжаар жагсаалаар үлээвэр хөгжимтэй алхдаг байлаа.Пэлжээ комиссарыг Хурандаа Намхай,Батсуурь нар дагуулан уулзалтанд мрдэг байсан. Дарханыхан андахгүй ээ,сайхан буурал.
Энэхүү Дандар, Пэлжээ гэсэн халуун эх орончдын тухай уншихаар бахархал, баясал төрдөг юмаа. Харин Элбэгдорж, Баяр гэсэн эх орноо худалдагсдын нэрийг сонсохоор бахардсан уур хилэн ард түмэнд төрдөг юм даа.
ИЙМ САЙХАН БААТАРЛАГ ДЭЭДСИЙНХЭЭ ТУХАЙ УНШИХ ГЭДЭГ ГАЙХАМШИГ ШҮҮ. 60- 70 ААД ОНЫ ХҮҮХДҮҮД БИД ИЙМ МУНДАГ ААВ ЭЭЖТЭЙ БАЙСАН БА 1939, 1945 ОНЫ ДАЙНД ОРОЛЦСОН ХҮМҮШС Ч ИХЭНХИ НЬ АМЬД БАЙЖ. МӨН ҮЛГЭР ДОМОГ МЭТ 1921 ОНЫ ПАРТИЗАН ГЭЖ ГАНЦ ХОЁР САЙХАН ХӨГШДӨӨ ХАРЖ БАЙЖ.. ЯМАР ИХ ҮНЭТЭЙ ТУСГААР ТОГТНОЛ ВЭ ГЭДГИЙГ ОДООГИЙН ЗАЛУУС, ХҮҮХДҮҮДЭД БАЙНГА ОЙЛГУУЛАХ НЬ ОНЦГОЙ ЧУХАЛ