Цэцэрлэггүй үлдсэн 36 мянган хүүхэд хаачих вэ?

2019 оны 08 сарын 28

Хичээлийн шинэ жил хаяанд ирж цэцэрлэг, сургуулийн элсэлт дуусах шатандаа орсон энэ цагт 36 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй дахин нэг жилийг гэртээ үдэх нь тодорхой болов. Манай улсын хувьд цэцэрлэгийн насны 312.802 хүүхэд бий. Үүнээс энэ жилд 275.809 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдана гэх тооцоо гарчээ.

Үеийнх нь багачууд хүүхэд шуугисан их өргөөнд бужигнаж байхад 36 мянган хүүхэд гэртээ үлдэн хоцрох нь. 2018 онд хийсэн судалгаагаар тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь сүүлийн долоо хоногт насанд хүрэгчдийн хараа хяналтгүйгээр гэртээ ганцаараа үлдсэн гэх дүн гарсан байна. Эдгээр хүүхдүүд мэдээж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд. Үүнээс үүдэн осолдсон, гэмтсэн бяцхан үрсийн гашуун түүхийг бид өмнө нь хангалттай сонсож байсан.

Харин энэ жилийн хувьд цэцэрлэгт орж чадаагүй эд­гээр хүүхдүүдийн тоо өмнөх жилүүдийнхээс багассанд баярлахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Өмнө нь эдгээр хүүхдүүдийг “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулж тоог нь бага ч болов цөөлөх оролдлого хийж байсан бол энэ үйлчилгээг 2016 онд зогсоочихсон. Оронд нь “Байгууллагын цэцэрлэг”-ийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж эхэлсэн нь нүдэнд харагдахаар үр дүнгээ өгөхгүй л байна.

2019 оны байдлаар нийт­дээ 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллага цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлснээс барилгын норм, дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хувийн өмчит 13 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 1083 хүүхдийг хамруулахаар болсон байна. Мөн энэ хичээлийн жилд хувийн өмчийн 96 цэцэрлэгийн ашиглагдахгүй байгаа сул орон зайд 2314 хүүхдийг шинээр хамруулах боломжтой гэх тооцоо гарсан байх бөгөөд энэхүү судалгаанд үндэслэн ирэх оны төсвийн төсөлд тус саналыг тусгаад байгаа аж. Хэрэв энэхүү санал батлагдвал хувийн өмчийн цэцэрлэгийн нэмэлт бүлэгт 5401 хүүхэд элсэх боломж бүрдэх гэнэ. Ингээд цэцэрлэгээс гадуур үлдэж байгаа хүүхдүүдийн тоо бага ч гэсэн буурах хүлээлт байна. Үлдэж байгаа хүүхдүүдэд нэг сонголт бий. Энэ нь хувийн цэцэрлэгт орох. Хувийн цэцэрлэгүүдийн нэг сарын төлбөр дунджаар 300 мянган төгрөгт хүрээд байгаа. Төрийн өмчит цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал жилд 807.800 төгрөг байдаг байна. Тийм ч учраас эцэг эхчүүд хүүхдээ төрийн өмчит цэцэрлэгт өгөх хүсэлтэй байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ улс энэ тал дээр ажиллаагүй биш ажиллаж байгааг энэ онд 93 цэцэрлэгийг шинээр ашиг­лалтад оруулж буй тоон үзүүлэлт харуулж байна. Харин ирэх 2020 онд 6850 хүүхдийн ор бүхий 42 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Өмнөх жилүүдэд дунджаар 36 цэцэрлэг ашиглалтад оруулж хүүхэд багачуудыг сургадаг байсан. Энэ нь нэг талаараа дэвшилт. Гэсэн хэдий ч хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудал ойрын хэдэн жилдээ яригдах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.237) 2019 оны 08 сарын 28

Бүхнийг бэлэнчлэх сэтгэлгээ монголыг минь ганц баллаж байна даа.1990 2000 оныг хүртэл хүүхдээ цэцэрлэгт өгөөд хоолны мөнгө хэдэн төгрөг төлдөг байсан хэнч үүхээс болж хоосроогүй.Одоо юу болж байна.Хүүхэд бүрт сард 20000 төгрөг,дээр нь цэцэрлэгийн хүүхдээс хоолны мөнгө авах хоиотой.Хэрэв хэн нэгэн энэ талаар дуугарвал түүнийг амтай болгон харааж ёстой барьж иднэ.Монголын төрд гарсан тэнэгүүд ард түмнээ ийм л байдлаар бэлэнчлэх сэтгэгээнд сургасан.Болоогүй дээр нь сургуулийн сурагчдад хоол үнэгүй өгнө.Ийм байдлаар улс яаж хөгжих вэ.Огт ажил хийгээгүй хүн тэтгэврийн насанд хүрчихээд би бусадтай а

0  |  0
Top