Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 280.6 сая ам.доллар буюу 9.3 хувийн өсөлттэй байна. Энэ өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.
Нүүрс: Хоёрдугаар улирлын байдлаар 18.1 сая тонн нүүрс экспортолж 1,543.5 сая ам.долларын экспортын орлого олжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын орлого 130.7 сая ам.доллароор буюу 9.2 хувиар өссөн байна. Нүүрсний биет хэмжээ 0.8 хувь буюу 0.2 сая тонноор буурсан бөгөөд хилийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өссөн нь нүүрсний экспортын орлогыг өсөхөд голлон нөлөөлжээ
Зэсийн баяжмал: Зэсийн баяжмалын экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 4.8 хувь буюу 48.4 сая ам.доллароор нэмэгдэж, 1,062.4 сая ам.долларт хүрсэн байна. Зэсийн баяжмалын экспортын биет тоо хэмжээ 749.2 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувь буюу 15.5 мянган тонноор өссөн мөн хилийн дундаж үнэ нь 2.6 хувиар нэмэгдсэн нь экспортын орлого өсөхөд нөлөөллөө.
Алт: Хоёрдугаар улирлын байдлаар 4.7 тонн алт экспортолж, 195.9 сая ам.долларын экспортын орлого олжээ. Алтны экспортын орлого өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллароор өссөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алтны экспортын тоо хэмжээ 4.7 тонн болж, 38.2 хувиар өссөн ба экспортын дундаж үнэ 0.25 хувиар буурчээ.
Төмрийн хүдэр: Төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ 4.1 сая тоннд хүрч, 251.8 сая ам.долларын экспортын орлого олсон байна. Төмрийн хүдрийн экспортын орлого өмнөх оны мөн үеэс 61.3 хувь буюу 95.7 сая ам.доллароор өсөхөд төмрийн хүдрийн биет хэмжээ 20.6 хувь буюу 0.7 сая тонноор нэмэгдсэн, мөн хилийн үнэ 14.9 ам.доллароор буюу 32.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Боловсруулаагүй нефть: Боловсруулаагүй нефтийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс 32.7 сая ам.доллароор буурч, 179.7 сая ам.доллар болсон байна. Боловсруулаагүй нефтийн экспортын тоо хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 0.1 сая баррелиар буурсан байгаа. Хилийн дундаж үнэ 56.6 ам.доллар болж, 12.1 хувиар буурсан нь экспортын орлого буурахад нөлөөлжээ.
Нийт экспортын 39.2 хувийг нүүрс, 27.0 хувийг зэсийн баяжмал, 6.4 хувийг төмрийн баяжмал, таван хувийг алт, 4.6 хувийг боловсруулаагүй нефть, 2.7 хувийг цайрын баяжмал, 2.4 хувийг жоншны хүдэр эзэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар ахиц байдагүй ээ. төр засгийн бодлогод гомдмоор юм аа