Олон улсын атомын энергийн агентлаг Вена хотноо чуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 63-р чуулган өнөөдөр /2019.09.16/ Вена хотноо НҮБ-ын байранд эхэллээ.

Энэ сарын 20-ны өдөр үргэлжлэх тус чуулганд 170 гаруй орны өндөр хэмжээний төлөөлөгчид оролцож, цөмийн эрчим хүчний хөгжил, цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай баталгаа, Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн гол талбар болсон энэ уулзалтын үеэр Олон улсын атомын энергийн агентлагийн 2018 оны тайлан, төсөв, хэтийн төлөвийг тодорхойлж, Ойрх Дорнодын бүс нутагт тус агентлагийн баталгааны дэглэмийг баримтлах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөмийн материалыг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Чуулганы хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний форум энэ жил “Хорт хавдартай тэмцсэн арван жилийн арга хэмжээ ба цаашдын арга зам” сэдвийн дор энэ сарын 17-18-ны өдрүүдэд болно. Эрдэм шинжилгээний чуулганы үеэр оролцогчид хорт хавдрыг эмчлэх цацрагийн эмчилгээний арга барил, туршлагаасаа хуваалцах бол Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс цөмийн анагаах ухаанд оруулж буй хувь нэмэр, дэлхийн улс орнуудад үзүүлж буй тусламжийн талаарх мэдээллийг танилцуулах юм.

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулганаар тус агентлагийн Удирдах зөвлөлийн 11 гишүүнийг сонгох юм. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд ойрын хугацаанд ОУАЭА-ийн Ерөнхий захирлыг сонгох учиртай юм. Одоогийн байдлаар, тус албан тушаалд ОУАЭА-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Корнел Фэруцэ, Аргентин улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Рафаэл Гросси, Буркина Фасо улсын төлөөлөгч Лассина Зербо, Словакийн Цөмийн хяналтын газрын дарга Марта Жиакова зэрэг дөрвөн нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байна. ОУАЭА-ийн шинэ Ерөнхий захирал энэ оны аравдугаар сард томилогдож, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн дотор албан тушаалдаа албан ёсоор орох ёстой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top