Олон улсын атомын энергийн агентлаг Украины бүх атомын цахилгаан станц дээр шинжээчдээ байнгын үндсэн дээр ажиллуулахаар болжээ. Энэ талаар тус агентлагийн тэргүүн Рафаэл Гросси Украины Ерөнхий сайд Денис Шмыгальтай хийсэн уулзалтын үр дүнгээр мэдэгдсэн байна.
Эл арга хэмжээг Украинд болж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр цөмийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авч байна гэж мэдэгдэлд онцолсон байна. Запорожийн атомын цахилгаан станц дээр ОУАЭА-ийн шинжээчдийг ажиллуулсан нь нөхцөл байдлыг үнэлэх, техникийн зөвлөмжөөр хангахад тус агентлагийн үүрэг, оролцоо туйлын чухал болохыг харуулсан гэж Гросси тэмдэглэжээ. Тэрбээр Украины талтай хийсэн хэлэлцээний үеэр Запорожийн атомын цахилгаан станцыг тойруулан аюулгүйн бүс байгуулах асуудалд дэвшил гаргаж чадсан тухай мөн онцолсон байна.
Үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОУАЭА Запорожийн атомын цахилгаан станцаас хүнд зэвсэглэлийг гаргаж чадсан тухай мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )