Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойрны нутаг дэвсгэрийг төвийг сахисан статустай болгож, тэнд АНУ-ын улсын хяналтыг тогтоох нь Украины мөргөлдөөнийг зохицуулахад тус дөхөм үзүүлэх нэг нөхцөл байж болох юм хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа тухай The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Запорожийн атомын цахилгаан станцын эргэн тойрны чухам ямар нутаг дэвсгэрийг төвийг сахисан статустай болгох, АНУ уг нутаг болон цахилгаан станцын хяналтыг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх тухай тус сонины өгүүлэлд дурдаагүй ажээ. Ийм саналыг хэрэгжүүлэхээр боллоо гэхэд цахилгаан станцын удирдлагыг чухам хэн хэрэгжүүлэх тухай ч бас дурдаагүй байна. Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожийн атомын цахилгаан станц нь Запорож мужийн Энергодар хотод байрладаг юм. 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр энэ байгууламжийг Оросын цэрэг хяналтдаа авсан байна.
Крым, Севастополь, Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улс, Херсон, Запорож мужийг Оросын засаг захиргааны нэгжүүд хэмээн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Украины мөргөлдөөнийг зохицуулахад ОХУ-ын засаг захиргаа бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны зургаадугаар сард тус улсын Гадаад харилцааны яамны удирдлагатай уулзахдаа мэдэгдэж байсан юм. Орос улс Запорожийн атомын цахилгаан станцыг Украинд ч, өөр аль нэгэн улсад ч шилжүүлэн өгөхгүй гэдгийг ОХУ-ын ГХЯ онцолж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )