Индонезийн тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Индонезийн нэгэн мужид тэнгэр цусан улаан өнгөтэй болжээ. Энэ нь удаан хугацаанд үргэлжилж буй ойн түймэртэй холбоотой бөгөөд энэ үзэгдлийг “Рэлейн сарнил” хэмээдэг байна.

Индонезийн цаг уурын агентлагийн мэдээлснээр, хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл Жамби мужид олон тооны галын голомт байгаагаас гадна тус мужийн дээгүүр зузаан давхарга утаа бүрхжээ.

Сингапурын Нийгмийн ухаан их сургуулийн профессор Ко Тие Ёнгийн тайлбарласнаар, Рэлейн сарнил хэмээх үзэгдэл нь галын утаан дах бичил хэсгүүдтэй холбоотой аж. Галын утаан дахь эдгээр бичил тоосонцрууд нь нэг микрометр хэмжээтэй байдаг бөгөөд бидний харж буй гэрлийн өнгийг өөрчилдөггүй байна. Түүнчлэн эдгээр бичил хэсгээс жижиг буюу 0.05 микрометрийн хэмжээтэй тоосонцрууд байдаг бөгөөд галын утаа тархсан үед эдгээр тоосонцор хөх гэрлээс илүү улаан гэрлийг дамжуулдаг тул хүний нүдэнд хөх бус, харин улаан өнгө харагддаг гэж тэрбээр тайлбарлажээ. Үд дундын үед авсан гэрэл зураг дээр тэнгэр улаан өнгөтэй байгаа нь нар чанх дээр мандсан үед нар өөд харахад тэнгэр улаан өнгөтэй харагддаг аж.

Индонезийн хуурай улирал буюу долоодугаар сараас аравдугаар сарын хооронд тус улсад гал түймэр их хэмжээгээр гардаг. Энэ оны эхний найман сарын байдлаар, тус улсын нийт 328 мянга гаруй га талбайд түймэрт өртөөд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top