ЗИНДАА 2019.09.24 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

#1 ТОСТ, ТОСОН БУМБЫН ЖИШИГ ТЭМЦЭЛ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.24/ Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын хамтарсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдвээр зүүн гурван аймагт үргэлжилж хэлэлцүүлэг ийнхүү эхэлж байна. Хэлэлцүүлгийг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр удирдан явуулж байгаа бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийг нээж “Юун түрүүнд эх нутаг, газар шороо, хуульт ёсны төлөө энд хүрэлцэн ирсэн хэнтийчүүддээ талархал илэрхийлье. “Тост, Тосон бумбын нурууг монголчууд мэднэ. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны алтан амь үрэгдсэн цагаас монголчууд мэддэг болсон. Түүнээс хойш улсын хэмжээнд байгаль хамгаалах, уул уурхайн компаниудыг хуулийн хүрээнд ажиллуулах чиглэлээр бодитой шүүмжлэлүүд нийгэмд түгэх болсноор Тосон бумбын нуруу анхаарлын төвд орсон. Ялангуяа Монголын төр анхаарлаа хандуулсны үр дүнд Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан компанийн лицензийг цуцалсан. Бид энэ тэмцэлд оролцож явсан хүмүүс. Бид хүчээ нийлүүлснээр Монголын төрд хууль зөрчсөн үйлдлийг илчилж чадсан. Арван жилийн турш зогсолтгүйгээр нутгийн иргэд нутгаа хамгаалж тэмцсэн. Хэн нэгэн хүн ганцаараа шийдээгүй. Бүгд нийлж тэмцэж байж ард нь гарсан. Энэ бол тэмцэл байсан. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд биш Монголын 3.3 сая иргэн тэмцсэн. Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн энэ жишгээр Монгол орноо тойрч, хууль зөрчиж байгаа зүйл байгаа бол түүнийг нь төрд хүргэж, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдээ сонс гэгээрүүлэх, эх орон ч үзлийг дэлгэрүүлэх үүднээс “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа аймгийн Засаг дарга Н.Ганбямбад талархал дэвшүүлье. Хариуцлагатай уул уурхайн тэмцлийг жишиж болохуйц жишээг би хэлье. 1921 онд ардын хувьсгал ялж, Монгол Улс тусгаар тогтносон. Олон аавын хүүгийн цусыг асгаруулж тэмцэл хийсэн. 1939 оны Халхын голын дайнд бид газар нутгаа өмгөөлөн тэмцсэн. Тэгвэл өнөөдрийн байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах тэмцэл бол яг газар нутгаа хамгаалах тэмцэлтэй адил юм. Тэр үед дайсан тодорхой байсан. Харин одоо бид маш хүнд нөхцөлд тэмцэл хийж байна. Дайсан дэргэд байгаа. Дайсан Төрийн ордонд орсон байна. Дайсан бидний итгэж явсан анд нөхөр байхыг үгүйсгэхгүй. Бид дайснаа таних аргагүй болсон. Тийм учраас та бидний өнөөдрийн тэмцэл тусгаар тогтнолоо хамгаалан, газар шороогоо өмгөөлөн босож байсан тэмцлээс харьцангуй хүнд, маш өөр тэмцэл юм. Тиймээс бид өнөө цагийн өнгөн дээр мэдээллийг ил тод байлгах ёстой. Хэрэв сайн зүйл байгаа бол жишээ болгож ярья. Түүнийг тэргүүн туршлага болгож сурталчлах ёстой. Бид уурхай хаах гэж, хүний муу үзэх гэж байгаа юм биш. Харин буруу зүйл байгаа бол олон нийтэд мэдүүлж, төрийн чихэнд аваачих нь зөв. Араас нь ямар шийдэл гаргалгаа байгааг тайлбарлая. Мэргэжлийнхнээр шийдлийг олуулъя. Тэгээд асуудал шийдэгдэхгүй байвал бид бүгдээрээ нийлээд төрд хяналт тавьж, шахалт үзүүлж ажиллах ёстой. Энэ бол бидний тэмцлийн гол хэлбэр, утга, зорилго юм" гэлээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 Н.ГАНБЯМБА: ХЭНТИЙ АЙМАГТ 105 ЛИЦЕНЗ ХҮЧИНГҮЙ БОЛСОН

“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба тус аймгийн уул уурхайн ерөнхий мэдээллийг өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Хэнтий аймгийн нийт газар нутгийн 40.03 хувь нь тусгай хамгаалалтад хамрагдаад байгаа. Би 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Ер нь Хэнтий аймаг хамгийн их лицензтэй таван аймгийн нэг. Лиценз хүн амын амьжиргаанд нөлөөлдөг. Тиймээс бид лиценз цөөрүүлэх бодлого барьж ажилласнаар өнөөдөр 226 болоод байгаа. Үүний 127 нь ашиглалтын лиценз. Ажиллаж байгаа 17 уурхай байна. Зургаан жоншны, зургаан алтны, гурван төмрийн, нэг холимог металлын уурхай ажилладаг. Бид гэнэтийн шалгалт хийдэг. Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд шалгалт хийгээд түр зогсоодог. Шүүхдэж байгаад эргээд ажиллаад эхэлдэг. Уурхайнуудтай ингэж л ажиллаж байна. Намайг уул уурхайд хатуу ханддаг гэж шүүмжилдэг. Хатуу хандана. Хэнтий аймаг аялал жуулчлалаасаа уул уурхайгаас илүү орлого олж хөгжих боломжтой. Лиценз өгдөг газар нь тэр дээр байдаг. Эрх мэдэл нь бидэнд байдаггүй. Аймгаас зөвшөөрөхгүй байхад лиценз олгодог эрх нь Ашигт малтмалын газарт байдаг. Тэгэхээр энэ салбарыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Өчнөөн эрдэс баялгийг маань ухдаг ч амьжиргаанд нөлөөлдөггүй нь хамгийн том гай. Лиценз бол зүгээр л цаас. Энэ цаасыг цааш нь дамлаж худалддаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 АЛГА БОЛСОН АНУ-ЫН ЖУУЛЧНЫГ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА

Энэ сарын 18-нд Алтай таван богд ууланд авиралт хийхээр Баян-Өлгий аймгийг зорьсон АНУ-ын иргэн 40 настай Патрик Жозеф сураггүй алга болоод хэд хонож байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийнхэн Алтай таван богд ууланд энэ сарын 22-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэл ямар нэгэн сураг гарсангүй. АНУ-ын иргэнтэй хамт Австралийн таван иргэн ууланд авиралт хийсэн бөгөөд тэд бүгд эсэн мэнд ирцгээсэн юм. Харин алга болсон уулчин бусдаасаа түрүүлж, Алтай таван богдод гарахаар ганцаараа явсан байсан юм. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн албан хаагч өнөөдөр /2019.09.24/  гурав дахь өдрөө Патрик Жозефыг хайж байна. Алтай таван богд ууланд авирахын тулд Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авдаг. Алга болсон уулчны хувьд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Харин Австралийн таван иргэний хувьд ууланд авирах зөвшөөрөлтэй байжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙГ ХӨӨСРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ОУВС САНУУЛАВ

Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, шийдэл хүлээсэн асуудлууд нийгэм, эдийн засагт тулгамдсан хэвээрээ байдгийг бид хангалттай сайн ойлгосон. Тиймээс сонгуулийн жилийн төсвийг хэр хэмжээнээсээ данхайлган баталж, үр өгөөжгүй, өр нэмсэн зүйлсэд зарцуулдаг муу жишгээ таягдах цаг болсныг одоо ярихгүй бол хэзээ ярих билээ. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 17-нд  Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх хэлэлцээрийг дүгнэхдээ болж бүтэж буй асуудлуудыг тодотгосны сацуу төсвийн бодлогыг чанга хэвээр хадгалж, улсын өрийг зохих түвшинд хадгалах ёстойг цохон тэмдэглэсэн байна лээ. Тодруулбал, сонгуулийн жилийн  төсвийн зардлыг зохист түвшинд барихын сацуу илүү хараат бус Төсвийн зөвлөлтэй болгохыг уриалаад байна. Өнөөдрийн байдлаар УИХ тарах уу, яах уу гэдэг асуудал улс төрийн тогоог халааж буй. Гэхдээ яасан ч байсан ирэх оныхоо төсвийг энэ УИХ хуульчлан батлах нь ойлгомжтой. Тэгвэл одоогоор сонгуулийн жилийн төсвийн зарлагыг өмнөх жилээс 1.6 их наядаар өсгөх эхний тооцоолол байгааг сануулъя. Засгийн газраас төсвийн алдагдлыг 2020 онд өндөр хэвээр буюу өмнөх оны түвшнээс нэмэгдэж 2.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Түүнчлэн төсвийн нийт зарлага өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зарлага өмнөх оноос 250 тэрбум төгрөгөөр өсөх тооцоололтой байна. Харин 2021 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулж 1.3 их наяд төгрөг, 2022 онд 729 тэрбум төгрөг болохоор тооцжээ. Уг нь эдийн засагчдын хэлж буйгаар эрх баригчид 2020 оноос эхлэн тулгарах гол сорилтуудаа шийдвэрлэхийн тулд бүсээ чангалсан бодлого барих ёстой. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДЭЛХИЙГ ХӨДӨЛГӨСӨН 16-ХАН НАСТАЙ ГРЕТА ТУНБЕРГ ГЭЖ ХЭН БЭ?

Нэгдсэн зохион байгуулалтад орж, өдгөө институцийн түвшинд шийдвэр гаргахыг шаардаж буй залуусаас гарч байгаа хөшүүрэг бидэнд нэн хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью Йорк хотноо болсон уур амьсгалын асуудлаарх залуучуудын Дээд хэмжээний нээлтийн үеэр онцлон тэмдэглэв. Өнөөдөр дэлхий дээр 1.8 тэрбум залуус амьдарч байна. Тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд, илүү сайхан ирээдүйг цогцлооход гол үүрэг гүйцэтгэж байна. Тэд өөрсдийнхөө ирээдүйн төлөө тэмцэж байна гэж НҮБ-ын ЕНБД-ын залуучуудын асуудал хариуцсан элч Жаятма Викраманаяке онцолжээ. Дээд хэмжээний уулзалтын хамгийн онцгой бөгөөд алдартай зочин нь Шведийн залуухан иргэн, энх тайвны Нобелийн шагналд нэр нь дэвшээд буй Грета Тунберг байлаа.

Тэр 15-хан наснаасаа эхлэн Шведийн парламентын гадаа ганцаархнаа тэмцэл хийж, дэлхий даяар өсвөр настан, залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгаа улстөрчдийн эсрэг тэмцэх урам зориг өгсөн. Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Грета нарны зайгаар ажилладаг дарвуулт завиар хүрэлцэн очжээ. Тэр Атлантын далайг гатлахад хоёр долоо хоног зарцуулсан юм. Түүнийг олон мянган дэмжигчид, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бэлгэдсэн 17 дарвуулт завь угтан авчээ. Өнгөрсөн баасан гарагт түүний санаачилгаар дэлхий даяар дөрвөн сая орчим залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн жагсаж, хүн төрөлхтний түүхэн дэх дэлхийн дулаарлын эсрэг хамгийн далайцтай арга хэмжээг зохион байгууллаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top