Сонгуулийн жилийн төсвийг хөөсрүүлэхгүй байхыг ОУВС сануулав

2019 оны 09 сарын 24

Сонгуулийн маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, шийдэл хүлээсэн асуудлууд нийгэм, эдийн засагт тулгамдсан хэвээрээ байдгийг бид хангалттай сайн ойлгосон. Тиймээс сонгуулийн жилийн төсвийг хэр хэмжээнээсээ данхайлган баталж, үр өгөөжгүй, өр нэмсэн зүйлсэд зарцуулдаг муу жишгээ таягдах цаг болсныг одоо ярихгүй бол хэзээ ярих билээ. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 17-нд  Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх хэлэлцээрийг дүгнэхдээ болж бүтэж буй асуудлуудыг тодотгосны сацуу төсвийн бодлогыг чанга хэвээр хадгалж, улсын өрийг зохих түвшинд хадгалах ёстойг цохон тэмдэглэсэн байна лээ. Тодруулбал, сонгуулийн жилийн  төсвийн зардлыг зохист түвшинд барихын сацуу илүү хараат бус Төсвийн зөвлөлтэй болгохыг уриалаад байна.

Өнөөдрийн байдлаар УИХ тарах уу, яах уу гэдэг асуудал улс төрийн тогоог халааж буй. Гэхдээ яасан ч байсан ирэх оныхоо төсвийг энэ УИХ хуульчлан батлах нь ойлгомжтой. Тэгвэл одоогоор сонгуулийн жилийн төсвийн зарлагыг өмнөх жилээс 1.6 их наядаар өсгөх эхний тооцоолол байгааг сануулъя. Засгийн газраас төсвийн алдагдлыг 2020 онд өндөр хэвээр буюу өмнөх оны түвшнээс нэмэгдэж 2.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Түүнчлэн төсвийн нийт зарлага өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зарлага өмнөх оноос 250 тэрбум төгрөгөөр өсөх тооцоололтой байна. Харин 2021 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулж 1.3 их наяд төгрөг, 2022 онд 729 тэрбум төгрөг болохоор тооцжээ. Уг нь эдийн засагчдын хэлж буйгаар эрх баригчид 2020 оноос эхлэн тулгарах гол сорилтуудаа шийдвэрлэхийн тулд бүсээ чангалсан бодлого барих ёстой. 

Засгийн газрын баталгаа гаргасан бондын эргэн төлөлт  ирэх тавдугаар сард хийгдэх бол наймдугаар сард Төв банк хоорондын мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээнд авч ашигласан свопын эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудал бас биднийг хүлээж буй. За тэгээд 2021 оноос эхлээд их өрийн эргэн төлөлтийн дөрвөн жил биднийг хүлээж байгаа. Монгол Улсын бодит боломж нөхцөл өрөө төлөх эх үүсвэргүй учраас өрөө өрөөр дахин санхүүжүүлэхээс өөр сонголтгүй.  Ийм байдалд байгаагаа мэдсээр байж сонгууль угтан хөөсөрсөн төсөв батлах нь хэсэг хугацаанд эдийн засгийн идэвхжилд нөлөөлж болох ч урт хугацааны ужиг асуудлуудыг улам хүндрүүлнэ гэдгийг эрх баригчид ойлгох ёстой юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн 2018 оны төсвийн гүйцэтгэлээ дүгнэхдээ  сахилга бат сайжирсан гэж байсныг сануулъя. Яг л энэ хэв маягаараа уршилахад болохгүй юмгүй баймаар. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн манай тухайд тодотгохгүй он дамнасан нь хэлбэр талаасаа таатай мэдээ л дээ. Гэхдээ төсвийг эхлээд батлахдаа л алдагдлыг нь хоёр их наяд төгрөг шүргүүлчихээр угаасаа тодотгох боломж улс төр, эдийн засгийн аль ч агуулгаар гардаггүй нь бас анзаарагдаж буй. Ер нь төсвийг тодотгоно гэдэг бол орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаагийн уршиг. Жил бүр төсвөө баталдаг жишгээр мэдээж 2020 оны төсөв батлагдаж л таараа. Гол нь бид асуудлаа үндсээр нь харах хэрэгтэй л дээ. Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн түвшинд тогтоох ёстой гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийн эдийн засгийн онолд бийг энэ дашрамд сануулах нь зөв биз.

Учир нь маргааш үр өгөөж дагуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг асуудал өнөөдрийн чухал сэдвүүдийг тэргүүлж байгаа шүү дээ. Ер нь Үндсэн хуулийн онолоор төрийн эрх мэдлийг хязгаарлах боломжууд байгаа гэж судлаачид хэлдэг. 

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шигшигдэж үлдсэн асуудлуудыг тодотгохдоо “Гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлахаар  тусгасан. Засгийн газрын мэдүүлсэн төсвийн төслийг орлого, зарлагын хувьд бүтцийн өөрчлөлт хийж болно. Гэхдээ төсвийн алдагдал, төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалт орсон” гэж байна. Түүний хэлж яриад буй энэ өөрчлөлтийг заалт хэлбэрээр нь тодотговол:

“Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт байгаа юм.

Үнэхээр ингээд Үндсэн хуульдаа тусгаад, шигтгээд, хуульчлаад баталчихвал сайн хэрэг юм.

Үндсэн хуульдаа ийм маягаар албан ёсоор зааж өгснөөр, жил бүр алдагдалтай төсөв баталж, жилээс жилд өр нэмдэг УИХ-ын бүрэн эрхийг хазаарлах  зохицуулалт болж болох юм. Гэхдээ нөгөө талаас Засгийн газар нь эхнээсээ өөрөө их өндөр зарлага тооцож оруулж ирлээ гэхэд зохист түвшинд барихын тулд парламентаас гадна өөр бүтэц анхаарал хандуулах ёстой юу гэдэг асуудал бас бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top