ЗИНДАА 2019.10.03 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

#1 ПҮҮЖЭЭГИЙН ЭХ ОРОН БУЯНААГИЙН ҮЕД Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ

Намрын бороо зөөлөн шивэрсэн бүрхэг өдөр өмнө нь уулзаж байгаагүй ч “нүдээрээ инээсэн” Буянаа хүүгийн дотно төрхийг сэтгэлдээ төсөөлөн түүнийг зорив. Буянаа бол яг жилийн өмнө цэцэрлэгт явах мөрөөдлөө өөрөө биелүүлж чадсан, тухайн үед  Zindaa.mn сайт сурвалжлан, уншигчдад танилцуулж байсан сэргэлэн, цовоо хүү юм. (Жич: Хүндэтгэх шалтгаанаар хүүгийн бүтэн нэрийг нууцлав)

Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн үүдний сандал дээр өглөө бүр үс нь сөөсийж, хоёр хацар нь үл ялиг сайртсан бяцхан хүү ирж суучихаад цэцэрлэг рүү орж байгаа хүүхдүүдийг нүд салгалгүй ширтэн суудаг байсан тухай сурвалжилгыг уншигчид санаж буй биз ээ. Түүний зөв хүмүүжилтэй, зан нь эвдрээгүй, сэргэлэн байдал нь цэцэрлэгийн хамт олны хайрыг татаж, багш нар юун хүүхэд болохыг нь асууж сурснаар Буянааг цэцэрлэгтээ авсан байдаг. Хүү тэгэхэд ээжтэйгээ амьдардаг, ээж нь орцны жижүүрээр ажилладаг байсан. Насандаа ахадсан гэмээр хэрсүү ухаантай хүү, амьдралд хөл алдаж зүдэрсэн ээж хоёрт хэвлэлд гарсан сурвалжилга, мэдээллийн араас сайхан сэтгэлт олон хүн тусламжийн гараа сунгаж байлаа. Энэ удаа ч бид Буянааг сургуульд орсон баярыг нь хуваалцахаар, эргэж тойрохоор ээж, хүү хоёрын амьдарч байсан хорооллыг эртлэн зорив. Буянаа энэ жил сургуульд орсон байх ёстой. Ямар сургуульд орсон бол? Ээж, хүү хоёр яаж амьдарч байгаа бол гэсэн бодол тэднийх рүү алхах замд толгойд тасрахгүй эргэлдэнэ. Яагаад ч юм яарсаар... Хурдан гэгч нь алхсаар байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 Б.ЭНХЦЭЦЭГ: НЭГ Л МЭДЭХЭД БИ ОРЧНОО УНШЧИХСАН, НҮД БАЯСЧИХСАН ЯВЖ БАЙДАГ

Өнөөдөр "Өглөөний сонин"-ы 13 дахь жилийн ой. 13 жилийн өмнөх яг энэ өдөр анхны дугаараа уншигч таны гар дээр тавьж байсан “Өглөөний сонин” өдгөө нас, биед хүрчээ. Редакцынхан маань дор бүрнээ хамгийн сайн материалаа ойн тусгай дугаартаа оруулах гэж өглөөний хурал дээрээс л хичээл, зүтгэлээ уралдууллаа. Монголын сэтгүүлзүйд 13 жил хүчин зүтгэсэн сониныхоо мэндэлсэн энэ өдөр сэтгүүлч тэр дундаа гүн сэтгэгдэл төрүүлж чадсан нэгнийг л оруулмаар санагдаад байсныг хэлэх үү. Хэдхэн хоногийн өмнө сэтгүүлзүйн  шилдэг бүтээлийг шалгаруулдаг “Балдорж” наадам болж өнгөрсөн билээ. Тус наадмын “Шилдэг ур чадвар” бүтээлийн шагналыг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа хүртсэн “Ub.life” сайтын сэтгүүлч Б.Энхцэцэгтэй цаг тохиров. Яг л хэн нэгэнтэй өрнүүн яриа дэлгэмээр өдөр байсныг ч хэлэх үү. Түүнд гурвантаа санал тавьсны эцэст ярилцах боломж тохиосон юм. Сэтгүүлч хүн бусдыг яриулдаг уу л гэхээс өөрөө ярилцлага өгөх тохиолдол ховор учир ийн татгалзах нь зөв ч биз.


-Таны “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэлийг уншсан өдрийн турш ажлынхан маань ярьсан юм. Яах аргагүй энэ нийтлэлээс л ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу. Хөрөг бичих тухай санааг анх хэзээ гаргаж байсан юм бэ?

-Анх 2014 онд “Өнөөдөр” сонинд хамт ажилладаг Н.Энхтүвшин эгчээс хөрөг нэвтрүүлэг хамтарч хийх санааг сонсож байсан юм. Инда маань театр судлалын мэргэжилтэй хүн л дээ. Дурсагдах гавьяатай ч цаг үедээ төөрч төрсөн, эмгэнэлтэйгээр төгсөж мартагдах тавилан туулсан эрхэм хүмүүсийн тухай хийх байсан хөрөг нэвтрүүлэг.  Тэдгээр хүний нэг нь Монголын балетын бүжигчин О.Батсайхан агсан байв. Бид хоёр хөрөг нэвтрүүлгээ хийж чадаагүй чөнөөх санаа сэтгэлийн мухарт байсан хэвээр. Тэгээд өнгөрсөн намар, наймдугаар сарын сүүлээр хөрөг нийтлэл бичихээр шийдсэн. Хэнтэй л ярьж, хуваалцаж болох бүх хүнтэй ярьж, танихгүй заримынх нь утсыг сураглаж олсон. Талийгаачийн дүү О.Бат-Өлзий найруулагч бол шууд л “Гоё юм шиг санагдаж болох ч их хөндүүр сэдэв шүү,  бичихэд хүнд байж болох юм” гэсэн. Тэгж гэр бүлээс нь бичих зөвшөөрөл авсан. Хэрвээ би өөрөө хайртай нэгнээ хүний гарт алдчихсан бол хорсол, үзэн ядалтыг тээн үлдэх байсан байх. Гэтэл О.Батсайханы гэр бүлийн зүгээс хэн нэгнийг зүхэж, муу санаж энэ түүхийг яриагүй нь надад энэ хөрөг найрууллаа маш сайн бичихээс өөр ямар ч бодолгүй үлдээж орхисон. Энэлж шаналсан тэр хүмүүс хүүгийнхээ, дүүгийнхээ амьдралаа зориулсан балетын урлагт ямар их хүндэтгэлтэй хандсаар байдгийг, хамтран зүтгэгч балетчид нь анд нөхрөө омголон бардмаар нь, гэгээнээр нь, сайхнаар нь хайрлан дурсаж, чин сэтгэлээсээ үнэнийг дэлгэсэн учраас энэ түүхийг зөвхөн сайн бичихгүй бол алдас болохоор зүйл. Энэ хүнийг дурссан хүмүүсийн зөрчилгүй шударга сэтгэл, ёс суртахуун, зан чанарын зангараг л намайг өдөөсөн. Үнэхээр энэ бичвэрийн янз донжийг нь ургуулахгүй л юм бол бичих гэж зориглох түүх биш. Энэ чинь жинхэнэ одын түүх, он цагийнх нь, сонгодог урлагийн өөрийнх нь цадиг. Их хөөрхөн, ганган балетчин залуу байсан юм гэнэ лээ гэж бичих нь дэндүү уйтай биз дээ. Тайзыг тэр яаж дүүргэсэн юм, Улаанбаатарын сэтгэл зүрх түүнд яаж унасан юм, тэр хэрхэн амьдарсан юм, юунд сэтгэл нь дундуур байсан юм... Хүний унших хэмжээнд бүгдийг нь дүрслэн өгүүлэхийг хичээсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 ЗАСГААС БАТЛАН ДААСАН, 2020 ОНД ТӨЛӨГДӨХ ӨРИЙГ ТӨЛӨХ ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ!

Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар байв. Тэгвэл дөрвөн жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллароор өр хэмжигдэж байна. Уг нь хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө босгосон мөнгийг эдийн засгийн агуулгаар нь  өр гэхээсээ хөрөнгө оруулалт гэж тодотгох ёстой. Түүнчлэн өрийн менежмент, зарцуулалтын асуудал хэзээд чухал сэдэв байдаг. Харин манай тухайд өр тавьж олж ирсэн мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулж чаддаггүй тул нийтээрээ, нийгмээрээ өрийг үзэн ядах хандлагатай болчихсон. Хэрэв өр тавьж, мөнгө олж ирэхийнхээ өмнө хэрхэн яаж зарцуулахаа, хэдий хугацааны дараа зардлыг нь нөхөж, эргэн төлөхөө нягт нямбай тооцож дадсан бол өрийг бид хөрөнгө оруулалт гэж харж сурах байв. Гэвч тэгсэнгүй. Улс орныхоо нэр сүрээр барьцаа хийн “Евро”, “Чингис” бондыг гаргаж байхдаа яг юу хийхийн тулд мөнгө босгож буйгаа  эрүүл саруулаар тунгааж, тооцсон шийдвэр гаргагч байсан эсэхэд эргэлзэх шалтгаан олон. Бондын мөнгө дансанд  нь орчихоод байхад Хөгжлийн банк лав л хагас жил хөдөлгөлгүй  дарж, хоногийн 90 мянган ам.долларын хүү төлөн, буцаагаад л хилийн чинад руу валют урсгаж байсан нь хуучраагүй жишээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 С.ЧИНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ НЭМЭХЭЭР ОРУУЛСАН

Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Уг төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн гэсэн. Сонгуулийн жилийн төсөв ер нь халамжид илүүтэй анхаарсан байдаг. Энэ өнцгөөр “хайр зарласан” зүйлүүд орууллаа гэх хүн ч байна?

-Яах вэ дээ, хүний хэвлэн нийтлэх эрх нь чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа учраас янз янзаар л хандаж байгаа байх. Засгийн газар өнгөрсөн хоёр, гурван жил цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй байж байгаад 2020 оны төсөв дээр нэмнэ гээд оруулсан бол бас тэгж хэлэх үндэстэй. Гэхдээ энэ Засгийн газар чинь 2014 оноос хойш хөдөлгөж чадаагүй байсан төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос нэмж эхэлсэн шүү дээ. Гурав дахь жил дээрээ цалин, тэтгэвэр нэмж байгаа учраас тэгж хардах хардлага байхгүй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлж ирсэн. Инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхээс гадна төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг үндэслэж нэмсэн. Тодруулбал, ажлын байрны нөхцөл, ур чадвар, хариуцлагаас хамаарч ялангуяа багш, эмч нарын албан тушаал, ангилал зэрэглэлийг ахиулах арга хэмжээ авсан. Энэ хоёр арга хэмжээний үр дүнд багш, эмч нарын цалин 30 гаруй хувиар нэмэгдсэн байдаг. Өнөөдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 925 орчим мянган төгрөг болсон гэсэн судалгаа байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ЁШИКАЗЭ САЙКИ ХОТООР ЗОДОГ ТАЙЛСНЫ ХОХИРЛОО ТӨЛҮҮЛНЭ


Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний үеэр гэмтлийн улмаас зодог тайлсан сэкивакэ асан Ёшиказэгийн гэмтсэн шалтгаан тодорхой болжээ. Ёшиказэ өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд маэгаширагийн 4 дээр зургаа давж, 11 унасан. Нагоя башёд маэгаширагийн 11-д унасан ч барилдаагүй. Намрын тэмцээнд жюүрёогийн 7-д бичигдээд гэмтэл нь эдгээгүй тул макүшитад унах нь тодорхой болоод зодог тайлсан билээ. 

Баруун хөлийн гэмтэл гэж Сүмогийн холбооноос албан ёсоор зарласан. Харин Ёшиказэ башё, бэлтгэл дээр биш хувиараа арга хэмжээнд оролцож байгаад хүнд гэмтэл авсан байжээ. Зургаадугаар сарын 20-нд Ёшиказэ Ойта мужийн Сайки хотын зохион байгуулсан экстрим аялалд оролцжээ. Тус хотын Фүжигавачи хүрхрээнээс буухаар голд үсрэхдээ баруун өвдгөө хүнд гэмтээж, нисэх тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хүрхрээнээс долоон жилийн хугацаанд 7000 хүн бууж байсан ч нэг ч хүн гэмтэж байгаагүй гэнэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top