Пүүжээгийн эх орон Буянаагийн үед ч өөрчлөгдсөнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Намрын бороо зөөлөн шивэрсэн бүрхэг өдөр өмнө нь уулзаж байгаагүй ч “нүдээрээ инээсэн” Буянаа хүүгийн дотно төрхийг сэтгэлдээ төсөөлөн түүнийг зорив. Буянаа бол яг жилийн өмнө цэцэрлэгт явах мөрөөдлөө өөрөө биелүүлж чадсан, тухайн үед  Zindaa.mn сайт сурвалжлан, уншигчдад танилцуулж байсан сэргэлэн, цовоо хүү юм. (Жич: Хүндэтгэх шалтгаанаар хүүгийн бүтэн нэрийг нууцлав)

Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн үүдний сандал дээр өглөө бүр үс нь сөөсийж, хоёр хацар нь үл ялиг сайртсан бяцхан хүү ирж суучихаад цэцэрлэг рүү орж байгаа хүүхдүүдийг нүд салгалгүй ширтэн суудаг байсан тухай сурвалжилгыг уншигчид санаж буй биз ээ. Түүний зөв хүмүүжилтэй, зан нь эвдрээгүй, сэргэлэн байдал нь цэцэрлэгийн хамт олны хайрыг татаж, багш нар юун хүүхэд болохыг нь асууж сурснаар Буянааг цэцэрлэгтээ авсан байдаг. 

Хүү тэгэхэд ээжтэйгээ амьдардаг, ээж нь орцны жижүүрээр ажилладаг байсан. Насандаа ахадсан гэмээр хэрсүү ухаантай хүү, амьдралд хөл алдаж зүдэрсэн ээж хоёрт хэвлэлд гарсан сурвалжилга, мэдээллийн араас сайхан сэтгэлт олон хүн тусламжийн гараа сунгаж байлаа.

Энэ удаа ч бид Буянааг сургуульд орсон баярыг нь хуваалцахаар, эргэж тойрохоор ээж, хүү хоёрын амьдарч байсан хорооллыг эртлэн зорив. Буянаа энэ жил сургуульд орсон байх ёстой. Ямар сургуульд орсон бол? Ээж, хүү хоёр яаж амьдарч байгаа бол гэсэн бодол тэднийх рүү алхах замд толгойд тасрахгүй эргэлдэнэ. Яагаад ч юм яарсаар... Хурдан гэгч нь алхсаар байлаа.

Гэвч тэдний амьдардаг байсан жижүүрийн өрөө цоожтой угтав. Орцны оршин суугчдаас асуулаа. Өнгөрсөн жил ирэхэд ээж, хүү хоёрыг бүгд таньдаг байсан болохоор хэн ч таарсан хэлээд өгч байсан юм. Харамсалтай нь, “Энд ээж хүү хоёр амьдрахаа болиод удаж байна” гэж эхлээд таарсан хүн хэллээ. Түүнд эргэлзэж дахин хэд хэдэн хүнээс тодрууллаа. Байрны Сууц өмчлөгчдийн холбооноос ч хүртэл сураглалаа. “Буянаа энд амьдрахаа больсон. Ээж, хүү хоёр нэг л өдөр яваад өгсөн.

Уг нь хүү нь цэцэрлэгт яваад тэр хоёр маань дажгүй амьдарч байсан юм. Даанч ээж нь жаахан балгах дуртай. Бүтэн хоёр өдөр хүүхдээ цоожлоод, архи уугаад явчихсан байсан. Ирснийх нь дараа “Ингэж болохгүй, хүүхдээ хаяж яваад архи уугаад яваад байвал ажлаас хална” гэж хэлж хүртэл үзсэн. Аминдаа санаа зовох байх, засрах байх гэж л тэр. Гэсэн ч ойлгоогүй. Жаахан хатуу үг хэлсэн чинь удалгүй бүх юмаа аваад нүүгээд явчихсан байсан” гэв. Энэ үнэхээр гомдмоор мэдээ байлаа.

Түүнийг цэцэрлэгтээ авсан багш нар хүүг мэдэх байх гэж найдан 135 дугаар цэцэрлэг рүү шууд очлоо. Хүүгийн ангийн багш “Нэг сар л цэцэрлэгт явсан. 10 гаруй хоног ирэхгүй болохоор нь гайхаад СӨХ-өөс нь асуусан чинь ээж нь архи уугаад...” гэж өмнө нь сонссон таагүй хариултыг хэлэв. Энэ бүр ч гомдмоор мэдээ байлаа. Багш нар нь, цэцэрлэг нь Буянааг ирэхийг хүлээж, оронд нь хүүхэд авалгүй орон тоог нь хадгалсан гэсэн.

Хөөрхий хүү... Хэрвээ хүмүүсийн хэлснээр хүүгийн ээж үнэхээр архи уусан бол, ууж байгаа бол, Буянааг сургуульд сургаагүй бол яах вэ?

Пүүжээтэй адил, Буянаатай ижил хүүхдүүд зөндөө бий. Олон жил өнгөрсөн ч хүүхдээ залхаан шийтгэдэг монголчуудын ухамсар сэрэх болоогүй гэж үү!

Өмнө нь “Ээж маань хог цэвэрлэдэг ажил хийдэг болохоор би хог хаях дургүй” гэж хүү ярьж байсан. Тэр ээжийгээ ийм халуун зүрхээр, тийм багахан насанд баймгүй дүүрэн ухаанаар хайрладаг байсан. Гэтэл тэр ээж... Гэхдээ тэд хааччихав аа. Хамгийн эмгэнэлтэй нь Монголд хэчнээн олон Буянаа хариуцлагагүй аав, ээжээсээ болж сурах, мэдэх эрхээ эдэлж чадахгүй яваа бол. Хэдэн хүүхэд хүсээгүй амьдрал руугаа хөтлүүлэн, чирүүлэн алхаж яваа бол гэж бодохоор сэтгэл хөндүүрлэж байлаа. Энэ амьдралыг хиргүй тунгалаг нүдээр харж, ээжийгээ хамгийн сайхан эмэгтэйгээр төсөөлж яваа хүү ямар буруутай гэж.  Энэ нийгэм, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж мэддэггүй томчууд яасан эмгэнэлтэй юм бэ?


Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга 2007 онд “Пүүжээгийн эх орон” нийтлэл бичиж байсныг тод санаж байна. Тэр нийтлэлд зохиогч “Пүүжээтэй адил хүүхдүүд хөдөө зөндөө бий. Тэдний хүслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа. Тэр бяцхан иргэдийн хэд нь Пүүжээ шиг арван хоёрхон насандаа үл биелэх гэгээн мөрөөдлөө тээн эргэж ирэлгүйгээр одсон бол, одох бол… Олонх монгол хүүхдүүд яагаад мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм бол оо гэсэн бодол тээсээр киног үзэж дуусгав” гэж тэмдэглэсэн байдаг.

Одоо ч хэвээр байна. Пүүжээ ч тэр, Буянаа ч тэр, олон монгол хүүхдэд мөрөөдөлдөө очих зам байтугай жим ч үлдэхгүй алга болж байна. Хүүхдээ залхаан шийтгэдэг монголчуудын ухамсар сэрэх болоогүй гэж үү!

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.55.188.41) 2019 оны 10 сарын 07

Хөөрхөн сэргэлэн хүү байсан сан. Хайран хүүг олж САРНАЙ төвд ч юмуу, асрамжинд өгөх. Том болж сургууль төгсөж мэргэжилтэй болгоод ээжийгээ аваад явчих чадалтай болгож өгөх юмсан

1  |  0
Zochin(66.181.161.27) 2019 оны 10 сарын 07

Hvv surguulid sure bga eejiin zurgiig n oruulsan . Naad bvsgvi chin tgj uugaad bdg hvn bisheee. Hvnii talaar sain medkv baij . Ysn muuhai ym be nvvriin darsanch gelee hargdajiishd

1  |  0
h(66.181.168.8) 2019 оны 10 сарын 05

hairan huuhdiig zovooj baigaa baih daa, uls olj hamgaalaasai, ehiig ni arhinii emchilgeend albadan yuvuulah heregtei

1  |  0
БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛ(139.5.216.117) 2019 оны 10 сарын 05

ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ БАЙГУУЛЛАГА ХААНА ЮУ ХИЙДЭГ ЮМ БОЛДОО.

1  |  0
зочин(122.201.31.22) 2019 оны 10 сарын 05

Пүүжээ.үнэхээр ѳрѳвдмѳѳр кино

1  |  0
zochun(84.136.87.77) 2019 оны 10 сарын 05

eejid baigaa ch gesen eh ornoo hudaldsan mungund shunasan uls turchid nertei teneguud l iim bolgood bn shu de

1  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 10 сарын 05

Өө балай ээжив дээ.

4  |  0
Top