Засгаас батлан даасан, 2020 онд төлөгдөх өрийг төлөх эзэдтэй танилц!

2019 оны 10 сарын 03

Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар байв. Тэгвэл дөрвөн жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллароор өр хэмжигдэж байна. Уг нь хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө босгосон мөнгийг эдийн засгийн агуулгаар нь  өр гэхээсээ хөрөнгө оруулалт гэж тодотгох ёстой. Түүнчлэн өрийн менежмент, зарцуулалтын асуудал хэзээд чухал сэдэв байдаг. Харин манай тухайд өр тавьж олж ирсэн мөнгөө зөв зүйтэй зүйлд зарцуулж чаддаггүй тул нийтээрээ, нийгмээрээ өрийг үзэн ядах хандлагатай болчихсон. Хэрэв өр тавьж, мөнгө олж ирэхийнхээ өмнө хэрхэн яаж зарцуулахаа, хэдий хугацааны дараа зардлыг нь нөхөж, эргэн төлөхөө нягт нямбай тооцож дадсан бол өрийг бид хөрөнгө оруулалт гэж харж сурах байв. Гэвч тэгсэнгүй. Улс орныхоо нэр сүрээр барьцаа хийн “Евро”, “Чингис” бондыг гаргаж байхдаа яг юу хийхийн тулд мөнгө босгож буйгаа  эрүүл саруулаар тунгааж, тооцсон шийдвэр гаргагч байсан эсэхэд эргэлзэх шалтгаан олон. Бондын мөнгө дансанд  нь орчихоод байхад Хөгжлийн банк лав л хагас жил хөдөлгөлгүй  дарж, хоногийн 90 мянган ам.долларын хүү төлөн, буцаагаад л хилийн чинад руу валют урсгаж байсан нь хуучраагүй жишээ.

За тэгээд манай улс эхний нэг, хоёр бондоо хөрөнгө оруулалтад зарцуулна гэж босгож байсан бол дараа дараагийн бондуудын зориулалт нь өрийг өрөөр санхүүжүүлэх чиглэлд замнасан. “Евро” бондын өрийг төлөхийн тулд “Хуралдай”-г  гадаад зах зээлд гаргасан бол “Чингис”-ийн 500 сая ам.долларыг төлөхийн тулд засаг мөн л 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Цаашлаад 2021-2024 онд төлөх ёстой 2.9 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхийн тулд Засгийн газарт шинэ өр тавихаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр Монгол Улс өрийг өрөөр шийддэг циклд нэгэнтээ орчихсон дүр зураг эндээс харагдаж байгаа юм. Энэ тохиолдолд өр бол хөрөнгө оруулалт гэж өмөлзөн өмөөрөх шалтгаан олдохгүй болж байна л даа. Өнөөдөр маргааш бид өрийг өрөөр санхүүжүүлж болоод байх ч урт хугацаандаа өөрийн эх үүсвэрээс өрөө төлдөг тийм л механизмыг бүрдүүлэх хэрэгтэйг тодотгоё. Үүний тулд хийх ажил төсөөлснөөс их. Эдийн засгийн доголон дорой бүтцийг халах, дархлааг тогтоох, төрөлжүүлэх гээд сүүлийн жилүүдэд дандаа л яригдаж буй энэ шийдлүүдийг хөрсөнд буулгахын тулд нэг хоёроор хэмжигдэх он жил хангалтгүй. Бүтцийн өөрчлөлт арав хорин жилийг нэхнэ гэж хэлэх судлаачид бий. Үнэн үг гашуун ч үйлдэлд тустай тул бид зугтаж чадахгүй үнэнтэй нүүр тулж, шийдлээ уг үндсээр нь олж харж, ажилламаар л байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг цаашид шинэ шинэ өрийг дааж, давах хэмжээний хүчин чадалтай биш гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Хэрэв аливаа улсын Засгийн газар урьдчилан тохиролцсон гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд өрийн хямрал үүсэх нөхцөл бүрддэг. Манайд ч 2016 онд яг л ийм нөхцөл үүссэн. Амжиж бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан билээ. Ирэх оны тавдугаар сард энэ хөтөлбөр хэрэгжиж дуусна. 2021 он гэхэд доноруудаас ирэх санхүүжилт зогсоно. Тэр үед бид буцаад л бахь байдгаараа зовлонгоо ярьсан хэвээрээ байх уу гэдэг асуулт Монгол Улсын өмнө хүзүүгээр татаад байгаа гэхэд ер хэтрүүлсэн болохгүй. Улс орноо эдийн засгийн дархлаатай, бодлого хэрэгжүүлэх суурь бүхий орчинтой байлгахын тулд эрх баригчид, шийдвэр гаргагчид өрийн зохист харьцаа гэдэг юманд зайлшгүй анхаарах ёстой. Манай улсын нийт өр 30 орчим тэрбум ам.доллар шүргэж буйг эхэнд дурдсан. Өрийн хэдэн хувь нь хаана, хэнд ногдоод буйг харахаар 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын зээл. 2.2 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын зээл бол хоёр тэрбум ам.доллар  Монголбанкны өр,  7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр байна. Тэгвэл үүн дотроос Засгийн газрын баталгаа гаргасан өрийн мэдээллийг энэ удаа тодотгон хүргэе. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Засгийн газраас баталгаа гаргасан өрийн үлдэгдэл  2,123.8 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс Худалдаа хөгжлийн банкны  олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын үнэт цаасны баталгаа 993.1 тэрбум бол үлдэх 1,130.7 тэрбум төгрөг нь Монгол Улсын Хөгжлийн банк, МИАТ ТӨХК болон “Эрдэнэс Монгол” ТӨХК-уудын зээллэгт гаргасан Засгийн газрын баталгаа байна. 2016 оноос хойш нэмж Засгийн газрын баталгаа гаргаагүйг дурдах хэрэгтэй.

БОИНГ-ИЙН ТӨЛБӨРТ 30.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

МИАТ ТӨХК нь 2013 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 121.4 сая ам.долларын 5, 7, 10 жилийн хугацаатай гурван дэд хэсгээс бүрдэх зээллэг хийхэд Засгийн газар баталгаа гаргасан. Уг мөнгөөр Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 2019 оны эхний хагас жилийн байдлаар 92.6 тэрбум төгрөг байна. Үүнээс АНУ-ын Экспорт Санхүүжилтийн хувийн корпораци  77.4 сая ам.долларын  зээлийн үлдэгдэл 30.6 сая ам.доллар буюу 81.3 тэрбум төгрөг, “Ай Эн Жи Капитал”-аас авсан 23.9 сая ам.долларын зээлийн үлдэгдэл 4.3 сая ам.доллар буюу 11.4 тэрбум төгрөг байна. Харин “Ай Эн Жи” банкнаас зээлсэн таван жилийн хугацаатай 20 сая ам.долларын зээл бүрэн төлөгдөж дуусжээ. Үлдэгдэл хоёр дэд зээлийн төлбөрийг 2020 болон 2023 онд төлж дуусах бөгөөд 2020 онд 10.7 сая ам.доллар буюу 28.6 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.7 сая ам.доллар буюу 1.9 тэрбум төгрөг хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай байна.

“САМУРАЙ”-Н ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 11.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

Монгол Улсын Хөгжлийн банк 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Японы зах зээл дээр 30  тэрбум иенийн “Самурай” үнэт цаасыг 10 жилийн хугацаатай, жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалахад  Засгийн газар баталгаа гаргасан.  “Самурай” бондын мөнгийг   “ТОСК” ТӨҮГ, Эрэл ХХК, “Хөтөл” ХХК зэрэг байгууллагуудын таван  төрлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашигласан байдаг. Хөгжлийн банк гэрээний дагуу “Самурай” үнэт цаасны төлбөрийг  2023 онд хөрөнгө оруулагч нарт төлөх бөгөөд 2020 онд 456  сая японы иен буюу 11.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай байна.

ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН БАНКИНД 84.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

Хөгжлийн банк 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын найман жилийн хугацаатай,  зургаан хувийн хүүтэй, зээл авахад Засгийн газар баталгаа гаргасан. Уг зээлийн эх үүсвэрийг Амгалан дулааны станц, Баянхонгор-Алтай чиглэлийн 128 км авто зам, Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км авто зам зэрэг нийт 11 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Зээлийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 94.5 сая ам.доллар буюу 251.2 тэрбум төгрөг байна. Хөгжлийн банк зээлийн төлбөрийг 2022 онд төлж дуусах бөгөөд 2020 онд 27 сая ам.доллар буюу 72.1 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 4.5 сая ам.доллар буюу 12.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөгдөх хуваарьтай аж.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКИНД  0.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ

“Эрдэнэс Монгол” ХХК 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд 35 сая ам.долларын Libor+0.6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлийг Азийн хөгжлийн банкнаас авахад Засгийн газрын баталгаа гаргасан. Уг зээлийн эх үүсвэрийг компанийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх төсөлд ашиглаж байгаа гэх мэдээллийг өгч байна. Зээлийн үлдэгдэл 2019 оны эхний хагас жилийн байдлаар найман  сая ам.доллар бөгөөд 2031 онд зээл төлөгдөж дуусна. “Эрдэнэс Монгол” ХХК 2020 онд 0.1 сая ам.доллар буюу 0.3 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 0.2 сая ам.доллар буюу 0.6 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөх хуваарьтай.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 523.4 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛНӨ

Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сарын 19-ний өдөр 500 сая ам.долларын 9.375 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан. Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан нийт 1,001.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг барьцаалан Засгийн газар баталгаа гаргасан. Худалдаа хөгжлийн банк үнэт цаасны эх үүсвэрийг Монголбанкинд худалдан, үнэт цаасны төлбөрийг төлөхөд буцаан худалдан авах своп хэлцлийг Монголбанктай хийсэн. Барьцаалсан Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 993.1 тэрбум төгрөг байгаа.  2010-2023 онд төлөгдөх нөхцөлтэй, жилийн 12.8-16.3 хувийн хүүтэй байна. Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын гадаад үнэ цаасны төлбөрийг 2020 оны тавдугаар сард төлж дуусах бөгөөд үндсэн төлбөрт 500 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 23.4 сая ам.доллар, нийт 523.4 сая ам.доллар буюу своп ханшаар тооцвол 1,034.4 тэрбум төгрөгийн төлбөр төлөх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.эрдэнэбат(103.57.92.34) 2019 оны 10 сарын 03

Ч. САЙХАНБИЛЭГ ФСДА ЕРОНХИЙ САЙД БАЙХДАА ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГААГ БАРУУН СОЛГОЙГУЙ ГАРГАЖЭЭ. АЛАХ ЮМСАН ГАРАМЖАВ НОМТОЙБАЯР ГЭЖ 2 ХУЛГАЙЧ БАС БАТАЛГАА ГАРГУУЛСНЫГ ЯАГААД БИЧИХГУЙ БАЙНА. ОДОО НААД НАМААР ТАЛЦУУЛАХАА БОДЬ

0  |  0
Top