МОД ТАРИХ ӨДӨРТ: Модны тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Өнөөдөр Мод тарих үндэсний өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай захирамж гаргаж байсан юм. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг, уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалах үйлсийг дэлгэрүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ өдрийг зарласан түүхтэй. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.

Эрхэм уншигч та бүхэнд модтой холбогдох сонирхолтой  баримтуудыг хүргэж байна.


Мод бол дэлхий дээр буй амьд организмуудаас хамгийн урт удаан амьдардаг организм юм.Өдгөө дэлхий дээр оршин буй моддоос хамгийн “хөгшин” нь АНУ-ын Калифорни мужийн Цагаан хайрхны нуруунд орших “Метуселах” нэрт мод билээ. Энэ мод 4800 жилийн настай.


Мод яг хүмүүн бидэнтэй л адил, усгүй бол амьдарч чадахгүй. Хамгийн том мод гэхэд л өдөрт дунджаар 378.5 литр ус “уудаг”.


Хэрвээ та нэг жилийн туршид өдөр бүр 10 мод тарилаа гэж тооцвол цахилгааны төлбөрийнхөө 25-30 хувийг хэмнэнэ.


АНУ-ын Сансар судлалын агентлаг “Сарны мод” төсөл хэрэгжүүлж байжээ. АНУ-ын Аполло сансрын хөтөлбөр 1970-аад онд саран дээр мод ургуулах зорилгоор судалгааны ажлаа эхлүүлж улмаар “Аполло 14” хөтөлбөрт дөрвөн төрлийн  модны үрсэлгээ явуулж байсан юм.


Британийн Байгаль хамгаалах сангаас явуулсан судалгаагаар мод элдэв төрлийн хортон шавжаас хамгаалах нэг төрлийн “дархлааны систем”-тэй ажээ. Хэрэв тухайн шавж ямар нэгэн хортой бол мод өөрөөсөө тухайн шавж үргээх химийн бодис ялгаруулдаг байна. Чухам ямар учир, шалтгаанаар “дархлааны систем” үүссэн талаар эрдэмтэд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй л байна.


Муу ёр мод тогш гэж хэлдгийг та бүхэн бишгүй сонссон байх. Эртний Маяа болон Шумерчүүд элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор мод тогшиж домнодог байжээ.


Нэг мод жилд дунджаар 21.7 кг нүүрстөрөгчийн давхар исэл шингээдэг гэх судалгаа гарчээ. Мод 40 жилд дунджаар нэг тонн нүүрстөрөгчийн давхар исэл шингээдэг аж.


Дэлхийн долоон тивээс ердөө нэгд нь л нарс мод ургадаггүй. Ямар ч нарсгүй тив бол Антарктид юм.


Мод “биеийнхээ” дулааны бууруулахын тулд навчист шингэсэн усаа ууршуулдаг.


Мод усны чанарыг нэмэгдүүлдэг байна. Ой модонд аадар бороо орж ус тогтсон тохиолдолд мод тухайн усыг эрдсийг нэмэгдүүлж, шүүдэг ажээ.


Хүн төрөлхтөн бид 60 мянган төрлийн модны төрөл зүйлийг таньж мэдэн, шинжлэх ухааны нэршил оноожээ.


Америкийн сэтгэл зүйчид хүний стрессийн түвшнийг бууруулахад мод чухал нөлөөтэйг судалгаагаар тогтоожээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т. Эхэмбаяр(202.179.3.42) 6 цагийн өмнө

Маш гоё зөвлөмж байсан

1  |  1
Амин -Эрдэнэ (103.212.162.66) 6 цагийн өмнө

надад эх бичхэд тусаллаа баяарлалаа

3  |  1
Э.Индра(59.153.115.64) 6 цагийн өмнө

Олон гоё баримт байна таалагдлаа

10  |  1
Top