Луал Маен. Тэрээр нэгэн цагт Өмнөд Суданд дайн самууны хөлд гишгэгдэн зовж байсан бол одоо видео тоглоом зохион бүтээдэг компанийн гүйцэтгэх захирал болжээ. Тэрээр хамгийн их хандалттай тоглоом үйлдвэрлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллаж буй аж. Өдгөө 24 настай тэрээр компанид хөрөнгө оруулалт татахаар томоохон таван компанитай уулзаж гурваас нь нааштай хариу хүлээн авчээ.
Тэрээр эцэг эхийнхээ хамт таван настай байхдаа Өмнөд Суданаас Уганда улсад байрлах дүрвэгсдийн лагерт ирж, тэндээ жил гаруй байрлаад улмаар АНУ-д цагаачилж ирсэн байна. Аав нь Вашингтон хот дахь нэгэн ресторанд зөөгч хийдэг байсан бол ээж нь хими цэвэрлэгээний газарт ажилладаг байжээ. Луал Маен 12 наснаасаа эхлэн энд, тэнд цагийн ажил хийх болж “Michelin Star” ресторанд аяга таваг угаагчаар дөрөв гаруй жил ажилласан байна. Дунд сургуульд сурч байхдаа бусдаас сурлагаараа манлайлж, хэд, хэдэн хувийн сургуулиас тэтгэлэг авсан удаатай. Гэвч тэрээр өөрийн гэсэн компани байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөж бүгдэд нь татгалзсан хариу өгчээ.
“Манай удамд сургуулиа бүрэн сурч төгссөн нэг ч хүн байхгүй. Гэтэл би том сургуулиас тэтгэлэг авсан мөртөө татгалзсан. Ээж, аав маань эхэндээ дургүйцэж байсан ч мөрөөдлөө биелүүлэх миний хүслийг дэмжсэн юм” гэж Луал Маен ярьжээ.
Түүний үүсгэн байгуулсан компанийг “Junud Games” гэдэг ухаалаг утас, суурин компьютерт суурилсан тоглоом зохион бүтээдэг аж. Компанийнх нь хамгийн сүүлийн бөгөөд шүүмжлэгчдийн анхаарлыг татаж буй тоглоом нь “Salaam” араб хэлээр “энх тайван” гэх утга илтгэдэг юм байна. Тэрээр тоглоомоороо энх тайвныг сурталчлах, аз жаргалыг түгээх зорилготой аж. Бусад тоглоом шиг буудалцаан, цус нөж агуулаагүй атлаа дүрвэгсдийн лагерт өнгөрөөж буй нэгэн хүүгийн амьдралыг харуулна. Үеэс, үе дамжихдаа жирийн дүрвэгч хүүгийн амьдралын нэг үеийг өөрөө зохион бүтээх бөгөөд сайн тогловол өөр улс руу дүрвэж, бүр өөрийнхөө эх орныг энх тайван өндөр хөгжилтэй улс болгох түүхээр тоглоомынхоо санааг баяжуулжээ. Түүний тоглоомыг энх тайвныг сурталчилдаг 10-аад төрийн бус байгууллага санхүүжүүлсэн байна. Африк тивийн таван улсын зах зээлд худалдаалах эрхээ ч мөн адил аваад амжжээ. Түүгээр ч үл барам нийгмийн сүлжээний “аварга загас” Фейсбүүк компани түүний тоглоомын эрхийг авч, сошиал орчинд түгээх талд хамтран ажиллах юм байна.
Маен 12 наснаасаа эхлэн тоглоом зохион бүтээх, программын хэл зохиож эхэлсэн бөгөөд хамгийн анхны тоглоомоо 2006 онд бүтээсэн байна. Зохиосон тоглоомоо орон нутгийн гурван компанид үзүүлсэн ч шаардлага хангахгүй гээд хүлээж аваагүй аж. Улмаар хоёр жилийн дараа дахин нэг тоглоом зохион бүтээсэн нь анагаахын хэд, хэдэн сургуулийн чадавхжуулах хичээлд ашиглагдаж байна. Хавдартай өвчний сэтгэлийг засах, генийн түвшинд нь эдгээж, анагаах агуулгатай энэ тоглоом зах зээлд алдаршаагүй ч мэргэжлийн салбарт ихээхэн нэр хүндтэй болсон билээ.
“Энэ бүгдийг надад бэлгэлсэн хүн бол ээж минь. Тэр цэвэрлэгчийнхээ цалинг гурван жил цуглуулж байж надад зөөврийн компьютер авч өгсөн. Асар их итгэл тээж бэлгэлсэн энэ бэлэг л намайг компьютерын салбарт амжилттай ажиллах эхийг тавьсан юм” гэж Луал Маен ярьсан юм.
Луал Маен одоо x-box компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж 2025 онд худалдаанд гарах тоглоомын төсөлд хамтран ажиллахаар болжээ. Түүний үүсгэн байгуулсан “Junud Games” компанид 12 хүн ажилладаг бөгөөд үүний 10 ажилтан нь 18-19 настай аж. АНУ цагаачлалын бодлогоо чангатгах болсноос хойш тэрээр гэр бүлийнхээ хамтаар Канад улс руу нүүж улмаар олон жилийн эрх авчээ. Өнгөрсөн жил тэрээр хамаатныхаа хоёр ах, нэг эгчийг Канад улсад “татан” ажилд оруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Жалгандаа шүлсээ үсчүүлдэг оркын шээс ойлгохгүй л дээ
ene bidend ymar xamaatai yum be uursdiin mongolchuudaa sain oilgo bichee\n