Гэртээ орж ирэхэд аав, ээж, дүү гурав намайг баярлан угтлаа. Гэтэл авчирсан бялуугаа хайрцгаас нь гаргаж тавихад тэдний царай хувьс хийв. Ингээд л энэ бялууны учрыг ярьж эхэллээ...
Лангууны дэргэд хүмүүс шавна. Дээрээ сүлд модтой “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй бялуу нүдэнд минь өртлөө. Угаасаа өөр бялуу бараг үлдсэнгүй. Гэтэл дээгүүр бүдүүн дуут нөхөр “алив надад нэгийг өгөөдөх” гэж зандарсаар нэгийг нь авчихлаа. Одоо ганцхан үлдлээ. Ашгүй харин миний жижиг хос алган дээр сүүлчийн бялууг тавих нь тэр.
Хотын гудмаар өнгө өнгийн гэрлэн чимэглэл анивчина. Хүмүүс бүгд л гартаа бялуу, дарс, хүүхдийн бэлэг... тэргүүтэн барьчихсан яаран алхана. Нэг үгээр хэлэхэд энэ оны сүүлчийн үдшийн баяр хөөр тэр хүмүүсийн торон дотор явах шиг ээ...
Урдаа саан чимэглэл зүүсэн ‘Зүүн Салаа Халдварт” чиглэлийн автобус ирэн зогслоо. Хүмүүс гүйн угтаж урд хаалгаар давшин орж байхад хойд хаалгаар урсан бууж байлаа. Хаалга хаагдах яг тэр үед нэг бялуу хавчуулагдлаа, бүр авах юмгүй боллоо шүү. Автобус бүрэн зогсож ганц үлдсэн хүнээ гарзтай нь хамт буулгаад яах ийхийн зуургүй давхин одлоо. Хар малгай, хар хүрэм, хар өмд гээд хав хар хувцастай ах автобусны араас ууртайгаар зандарснаа хэмхэрсэн бялуугаа хэсэг харан харамсана. Тэр хүн бол миний дээгүүр дамнан загнаж байсан бүдүүн дуут хайрхан мөн. Тэгтэл нөгөө ах бялуугаа зогсож байсан газраа хаячхаад гараа халааслан, толгой гудайлган цааш алхлаа. Буудал дээр байсан эмгэн “Үгүй ээ хүү минь энэ бялуугаа авалдаа, ямар шороо болсон биш” гэж хэлсэн ч чихгүй толгой мэт алхсаар...
Би зам дээр хэвтэх хэмхэрсэн бялуу, хар малгайт ах хоёрын зүг ээлжлэн харлаа. Түүнийг гэртээ хүлээж буй хүүхдийн бүлтгэр нүд харагдсан ч гэх юм уу. Хэмхэрсэн бялууг шүүрэн авч өнөө ахын хойноос гүйлээ. Арай гэж гүйцээд хоромхон зуур тээнэгэлзсэн ч “ах аа” гэж дуудлаа.
Охин: Ах аа, та бялуугаа үлдээчихлээ!
Ах: Хэрэггүй ээ, хая!
Охин: Яагаад ах аа. Энэ чинь муухай хэлбэртэй болсон ч сайхан амт нь хэвээрээ байгаа шүү дээ!
Ах: Хүмүүс гаднаа ямар байгааг нь харчихаад таалагдахгүй бол дотор руу нь өнгийж ч хардаггүй юм шүү дээ!
Охин: Тэгвэл та минийхийг ав. Би таны бялууг авъя.
Ах: Тэгж яаж болох вэ.
Охин: Үгүй ээ ер нь та минийхийг л ав. Нээрээ бодоод байхад таны хүүхдүүд ийм хэлбэр муутай торт хараад баярлах нь юу л бол.
Ах: Ядаж ах нь мөнгө өгөөд авъя.
Охин: Үгүй ээ яах гэсэн юм зүгээр. Алив май ах аа.
Ах: Баярлалаа ахын дүү.
Охин: Зүгээрээ ахаа. Та шинэ оноо сайхан угтаарай.
Би өнөө оройны явдлаа ярьж ойлгуулахад аав, ээж хоёр гаднаа хэлээгүй ч дотроо надаар бахархаж байгаа нь илт. Манайх маш гоё ширээ засжээ. Гагцхүү торт л дутуу. Би тортоо хайрцгаас нь гаргаж ширээний год тавилаа. Хэлбэр дүрс, өнгө үзэмж гэж авах юмгүй. Тэгсэн хэдий ч миний амьдралдаа харж байсан хамгийн гоё ширээ болон хувирлаа. Харин дүү маань нэг л сэтгэл дундуур “Хачин муухай юм” гэж хошуугаа унжуулна. Би бусдын хүүхдийг ингэж гомдох болов уу гэж санасан хэрнээ өөрийнхөө бяцхан дүүг яаж хүлээж авахыг огт тооцоолоогүй юм байна. Гэхдээ тэр торт харахад л онцгүй болохоос амт нь нээрээ үнэхээр сайхан юм гээч. Дүү маань амаа олохгүй халбагадан иднэ. Аливаа зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй ээ гэдгийг дүү маань ойлгосон байна.
Он гарахад хэдхэн хором үлджээ. Яг он гарах мөчид шивнэсэн хүсэл биелдэг гэдэгт би итгэдэг. Ер нь урьд жилүүдэд би дандаа л зөвхөн өөрийнхөө төлөө хүсэл шивнэдэг байж. “Онц сурлагатан болмоор байна”, “Унадаг дугуйтай болох юм сан” “Том их сургуульд оруулж өгөөч” гээд л. Энэ жил анх удаа өөр нэгэнд сайн сайхныг хүсмээр санагдлаа. Зурагтаар ерөнхийлөгч үг хэлж дуусаад 3, 2, 1 Шинэ жилийн мэнд хүргэе! гэх мэндчилгээтэй зэрэгцэн би хүслээ шивнэлээ.
А.Азжаргал
Сэтгэгдэл ( 0 )