Эверестийн өндрийг дахин хэмжинэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Балба, БНХАУ –ын эрх баригчид дэлхийн дээвэр гэгддэг манай гарагийн хамгийн өндөр ноён оргил Эверестийн өндрийг /8848 м/ хамтран хэмжих тохиролцоонд хүрчээ.

Times of India сонинд бичсэнээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэ сарын 12-13-нд Балба улсад хийсэн хийсэн айлчлалын үеэр энэ тохиролцоонд хүрчээ.

2015 онд Балбад болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хималайн салбар уул болох Эверестийн өндөр намссан байж болзошгүй гэсэн эрдэмтэд таамаглаж байгаа юм. 2017 онд Энэтхэг улс Балбын эрх баригчдад хандан Эверестийн өндрийг дахин хэмжихэд тусламж үзүүлэх санал тавьж байжээ.

Эверестийг Балба, Хятадын найрамдлын мөнхийн бэлгэ тэмдэг хэмээн үзэж, талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрлээ гэж Ши Жиньпиний айлчлалын үр дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд онцолжээ.

2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Балбад 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Маргааш нь хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд хоёр долоо хоногийн дараа 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт дахин болсон билээ. Эдгээр гамшгийн улмаас есөн мянган хүн амиа алдаж, 22 мянган хүн хохирсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top