ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Өнөөдөр 2019.10.17. Энэ оны 290 дэх өдөр. Он дуусахад 75 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 13 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 10 градус, багавтар үүлтэй.

Өнөөдөр Ядуурлыг үгүй хийхийн төлөө тэмцэх олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Аргентинд Үнэнч байдлын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Украины зохиолч Иван Драч, Америкийн анхны өнгөт арьст сансрын нисэгч Май Жемисон, кино продюсер Лоуренс Бендер, жүжигчин Майк Жадж, рэп дуучин Эминем, Туркийн дуучин Таркан, Финландын авто уралдаанч, “Формула-1”-ийн аварга Кими Райкконен, Английн жүжигчин Фелисити Жонс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1925 оны энэ өдөр МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцжээ. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар Н.Хаянхирваа томилогдов.

1961 оны энэ өдөр Бурхантын хөндийд одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ.

1997 оны энэ өдөр УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцжээ. Санал хураалтаар 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2014 оны энэ өдөр Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1988 оны энэ өдөр алга болсонд тооцогдож байсан Бетховены аравдугаар синфонийг Лондонд анх удаагаа тогложээ.

1996 оны энэ өдөр Аслан Масхадов Чеченийн Ерөнхий сайдаар сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар, туулай, бич, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр буян үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйлд сайн. Баруун нүд татвал эд олно.

Хол газар явах бол урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top