Тэртээ 1974 оны наймдугаар сард хөдөө орон нутгийн 12, хотын 13 охин ЗХУ-ын Ярославль хотод цаг засварчны мэргэжлээр суралцахаар хөлгийн жолоо залсан байна. ЗХУ-д техник мэргэжлийн сургуульд суралцаж, мэргэжлийн цаг засварчин болсон анхны 25 охин 1976 онд төгсөж эх орондоо ирээд 18 аймаг, гурван хотод хуваарилагдан ажиллажээ. Тэдгээр анхны төгсөгчийн нэг нь Чадраабалын Сүрэнхор юм. Ч.Сүрэнхор гуай Монголын Цаг засварчдын холбооны тэргүүн, Швейцар цагны албан ёсны борлуулагч “Шинэ цахлай” компанийн мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байна.
Түүний сонирхолтой яриаг уншиг танд хүргэе.
-Монгол Улсад анх хэдэн оноос цаг засварын үйлчилгээ дэлгэрсэн байдаг юм бэ?
-Цаг засварын үйлчилгээ 1937 онд нээгдсэн. Түүнээс хойш 82 жил болсон байна. Ардын хувьсгал 1921 онд болоод, 1937 онд цаг засаж эхэлсэн гэхээр Монголчуудын авьяас билэг ямар өндөр вэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Цаг засварчид маань бүх төрлийн цагийг засварлаж байсан. Тэр үед цаг засварчид Монголын үйлдвэрийн хоршоолол гэдэг байгууллагад харьяалагддаг байлаа. Одоогийн Урт цагаанд үйл ажиллагаа явуулдаг байв. Тухайн үед цаг засах сонирхолтой Монгол, Орос, Хятад гээд ямар л хүн байна тэднийг цуглуулж цаг засварын курст сургасан байдаг. Ингэж цаг засварын үйлчилгээний хөгжил эхэлсэн. Түүнчлэн 1972 онд Урт цагааны үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын Аж ахуйн үйлчилгээний удирдах газрын мэдэлд шилжсэнээр цаг засварын үйлчилгээ нь засварын тасгуудад хамаарагдах болсон байдаг. Энэ үеэс цаг засварын үйлчилгээ нь улсын нэрээр иргэдэд хүрч эхэлсэн.
Ахуйн үйлчилгээний удирдах газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарал хандуулж цаг засварын үйлчилгээг өргөжүүлэх, мэргэжлийн цаг засварчин бэлтгэх санал санаачилгаа Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамтай хамтран боловсруулсан байдаг. Тус яамны боловсон хүчний хэлтэс 1973 онд Монгол Улсын дээд боловсролын хороо, ЗХУ-ын Дээд боловсролын хороотой хамтран ЗХУ-д мэргэжлийн цаг засварчин бэлтгэх гэрээнд гарын үсэг зурснаар Ахуйн үйлчилгээний удирдах газрын цаг засварын тасаг анх удаа гадаад улсад мэргэжилтэй ажилтан бэлтгэх болсон юм. Ингээд 1974 онд хөдөө орон нутгийн 12, хотын 13 охин ЗХУ-ын Ярославль хотод техник мэргэжлийн сургуульд суралцаж, цаг засварын мэргэжилтнээр 1976 онд төгссөн. Төгсөж ирээд Ахуйн үйлчилгээний удирдах газар буюу Урт цагаанд ирж цаг засварчин хийсэн.
-Тухайн үед яагаад эрэгтэй хүүхдийг цаг засварын мэргэжлээр сургаагүй юм бол. Хорин тавуулаа охин байсан гэхээр сонин байна л даа?
-Тэрийг ёстой мэдэхгүй юм даа. Эмэгтэй хүн цаг засахдаа сайн гэсэн ойлголт байсан юм байлгүй. Сүүлийн жилүүддээ л ОХУ-д эрэгтэй хүүхдүүд цаг засварын мэргэжил эзэмшсэн. ОХУ болон баруун Европт цаг засварчдын 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг юм билээ. Гэтэл Монголд эсрэгээрээ 25 охиныг ОХУ-д сургасан. Манай салбарын 20 хувь эрэгтэй, 80 хувь нь эмэгтэй мэргэжилтнүүд бий. Тэгэхээр Монголын онцлог юм болов уу даа. Эсвэл манайхан эмэгтэй хүүхдийг илүү сайн цаг засна, нямбай гэж бодсон юм болов уу.
-ОХУ-д 1974 оноос хойш хэчнээн мэргэжлийн цаг засварчин гадаадад бэлдсэн байдаг вэ?
-Биднээс хойш 1976-1990 он хүртэл 150 хүүхэд цаг засварчнаар төгссөн. Төгссөн мэргэжилтнүүд нь хот, хөдөөд ажиллаж эхэлсэн. Цаг засварын үйлчилгээ ч өргөжсөн. Урт цагаан, 12, 19 дүгээр хороололд цаг засварын цэг байдаг байсан бол биднийг сургууль төгсөж ирснээс хойш олон газар цаг засварын үйлчилгээ нээгдсэн.
-Хөдөөгүүр явж хүмүүсийн цагийг засаж өгдөг байсан гэсэн үү?
-Хотын ойролцоох сум, сангийн аж ахуйнуудаар цаг засварчид явж засварын үйлчилгээ үзүүлдэг байлаа. Удалгүй дэлхий нийтэд цаг өөрчлөгдөж, электрон, кварц цагнууд гарч ирлээ. Энэ үед мэргэжлээ дээшлүүлэх шаардлага тулгарсан. Ахуйн үйлчилгээний удирдах газраас 1982 онд 10 хүнийг Москва хотод ханын болон ширээний электрон, кварцан цаг засах, цагны зай солих 45 хоногийн сургалтад хамруулж, би мэргэжлээ дээшлүүлж ирсэн. Дараа нь цахилгаан хэрэгсэл, цаг засвар гээд гэр ахуйн засвар үйлчилгээг хөгжлийнх нь явцад боловсронгуй болох хэрэгтэй гэж үзээд Ахуйн засвар үйлчилгээний төв байгуулагдсан юм. Гоёл, засал чимэглэлийн тасаг хүртэл байгуулж байв. Бид чинь ингэж маш өндөр мэргэжилтэй хүмүүс ажиллаад ид хөгжлийнхөө шатанд очиж байхад, Ардчилсан хувьсгал өрнөсөн. Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам, Ахуйн үйлчилгээний удирдах газар татан буугдсан. Хүн амд хамгийн бага үнээр үйлчилж байсан оёдолчин, гуталчин, цаг засварын мэргэжилтнүүд ажлын байргүй болсон. Хамгийн ихээр хохирсон хүмүүсийн нэг нь цаг засварчид.
Монголчууд ямар ч бэлтгэлгүй зах зээлд шилжсэн хүмүүс чинь цагийг нэг их тоогоогүй. Эсвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн электрон цаг зүүгээд эхэлсэн. Мөн мэргэжлийн бус хүмүүс цаг засварын үйлчилгээнд түрээд ороод ирсэн. “Цагны зай солиход засварчнаар яах юм” гэдэг болсон. Хаа сайгүй мэргэжлийн бус хүмүүс цагны зай сольж, засвар ажиллуулах болсон. Ажилгүй хүмүүс чинь амьдрахын эрхэнд цагны зай сольж эхэлж байгаа байхгүй юу.
-Мэргэжлийн бус цаг засварчдаас ялгарахын тулд юу хийсэн бэ?
-Тийм учраас би ангийн найз нөхдийн хамт санаачилж, Монголын цаг засварчдын холбоог байгуулсан. Би яагаад санаачилсан гэхээр ЗХУ-д төгссөн анхны 25 охинтой ангийн дарга нь байсан. Тэр утгаараа манай хэд маань ч миний үгийг хүлээж аваад энэ холбоог байгуулахад дэмжсэн. Ангийн нөхдийн дэмжлэгээр Монголын Цаг засварчдын холбоог байгуулсан нь цаг засварын түүхэнд томоохон хувьсал хийсэн юм. Холбооны анхны тэргүүнээр Б.Норолхоо, би өөрөө гүйцэтгэх захирлаар ажилласан. Манай холбоо ажиллах хугацаандаа цаг засварчдын эрх ашгийг хамгаалах, дуу хоолойгоо хүргэх, цаг засварчдын хөдөлмөрийг үнэлэх, ур чадварыг нь дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулсан. Манай холбооны дарга 2003 онд сонгуульт ажлаа надад хүлээлгэн өгсөн юм. Энэ жил Монголын цаг засварчдын холбооны 20 жилийн ой тохиож байна. Би хар багаасаа цаг засвартай амьдралаа холбосон хүний хувьд ойгоо тохиолдуулан цаг засварын түүх, хөгжлийн тухай ямар нэг юм үлдээх ёстой гэж бодоод ном бичсэн. “Цагтай өнгөрүүлсэн он жилүүд” номоо энэ жил хэвлүүллээ.
-Танай компани Швейцараас брэндийн цагийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулах эрх авсан. Анх Швейцараас Монголдоо цаг оруулж ирэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Манай ангийн охин, Монгол Улсын мастер цаг засварчин С.Оюунчимэг их мөрөөдөлтэй хүн л дээ. Бид ардчилсан хувьсгалаас хойш ямар цаг засаж байгаагаа мэдэж байгаа шүү дээ. Тиймээс манай С.Оюунчимэг “Найзаа Швейцараас л жинхэнэ цаг оруулж ирье. Яагаад Монгол хүн дэлхийн брэнд цагийг Монголоосоо худалдаж авч, хэрэглэж болдоггүй юм. Найз нь оруулж ирье” гэж өмнө нь ярьдаг байсан. Бид хоёр 16 наснаасаа найзалж байгаа. Би найздаа хандаж, “Одоо л чи Швейцараас цагаа оруулж ир. Чи олон жил ярилаа. Одоо цаг нь болсон. Чамд бололцоо нь бүрдсэн. Монгол Улсад цаг засварын үйлчилгээ бий болсны 80 жилийн ойгоор ямар нэг юм хийх ёстой” гэж зөвлөж байсан. Түүний хамгийн том охин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Швейцарт байдаг. Тийм учраас найзад маань ч боломж байгаа гэж зөвлөсөн.
Брэнд цаг худалдаж борлуулахын тулд дэлхийн цаг үйлдвэрлэгчдийн тавьдаг стандартыг мөрдөх ёстой. “Манай цагийг авч ард түмэндээ борлуулах гэж байгаа бол та мэргэжлийн өндөр зэрэглэлийн цаг засварчингаа эхлээд танилцуул” гэдэг шаардлага тавьдаг байхгүй юу. Түүний дараа тухайн үйлдвэрлэгч компанийн цагийг эх орондоо борлуулах албан ёсны эрхийг авдаг. Цаг засварчингүйгээр цагны худалдаа эрхэлнэ гэж байхгүй. Сайн засварчинтай байж брэндийн цагийг борлуулна. Үйлчлүүлэгчид худалдаа хийхэд нь оновчтой зөвлөгөө өгч, чанартай цаг сонгоход тусалж чадна шүү дээ. Түүнээс засварчингүйгээр цагны худалдаа хөгжихгүй. С.Оюунчимэг маань Монгол Улсын мастер цаг засварчин. Тийм учраас С.Оюунчимэг Швейцар цагны албан ёсны эрхийг авах бүрэн боломж байсан. Түүнийгээ ашигласан.
-Танай компанийн нэр их содон санагдлаа. “Шинэ Цахлай” гэдэг нэр ямар учиртай вэ?
-С.Оюунчимэг компанидаа ямар нэр өгөх юм бэ гэсэн. Би “Чайка” гэдэг нэр өгье гэсэн юм. Цахлай гэсэн утгатай. Яагаад гэхээр Ярославль хотод сургуульд суралцаж байхад орос цагны үйлдвэрт “Чайка” гээд цаг үйлдвэрлэдэг байсан. Бид анх цаг засварын мэргэжил эзэмшихдээ “Чайка” цагийг засаж дадлага сургуулилт хийдэг байв. Тэгээд энэ нэрийг авах гэсэн чинь улсын бүртгэл дээр нэр давхацсан учраас “Шинэ Цахлай” гэж нэрийг компанидаа өгсөн. “Шинэ Цахлай” компани 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан. Тэгээд Монголд орж ирээгүй цагийг худалдъя гээд 1540 онд үйлдвэрлэгдсэн “Cloude Bernard” брэндийн цагийг авчир ч “Макс Молл” их дэлгүүрт анх худалдаалсан даа. “Cloude Bernard”-ийн цагийг нэг бүрчлэн гар аргаар бүтээдгээрээ онцлог. Мөн дараа нь Швейцараас “Aerowatch”, “West end watch” брэндийн цагуудыг оруулж ирж борлуулж байна. Швейцар улсын үйлдвэрээс олон зуун жилийн түүхтэй гар аргаар угсарсан цагийг Монголдоо оруулж ирэн худалдаалж байгаа.
НЭР ХҮНДТЭЙ БИЗНЕСМЕНИЙГ ЦАГ, ТЭЛЭЭ, ГУТЛААР НЬ ТОДОРХОЙЛНО
-ОХУ-д 1990 он хүртэл мэргэжлийн цаг засварчдыг бэлджээ. Түүнээс хойш мэргэжлийн цаг засварчдыг сургалтаар бэлтгээгүй юм байна. Цаашид мэргэжлийн цаг засварчдын боловсон хүчний хомстолд орох юм биш биз?
-Би С.Оюунчимэг найздаа хандаж “Шинэ цахлай” компанийг Монголын цаг засварчдын холбооны суурь болгох учраас миний найз туслаад цаг худалдаа, сэлбэг хэрэгсэл, цаг засварын сургалт явуулаач” гэдэг хүсэлтийг хэлдэг. Бид дараагийн үеийг бэлдэх ёстой. Хүмүүс цаганд хүсэл сонирхлоо зориулдаг болсон. Хамгийн нэр хүндтэй бизнесмен, төрийн ажилтныг юугаар тодорхойлох вэ гэдэг дэлхийн стандарт гарчихсан шүү дээ. Цаг, өмдний тэлээ, гутал гурваар тодорхойлно гээд. Ер нь ч европынхонтой харилцан ярилцаад сууж байхад цаг руу хардаг байхгүй юу. Мөн хятадууд нарийн хүмүүс мөртлөө маш их цаг худалдаж авдаг. Цаганд маш их ач холбогдол өгдөг. Хятадууд жилд нэг удаа хувцсаа сольдог ч цаганд их мөнгө зарцуулдаг хүмүүс.
Тийм учраас монголчуудад брэндийн цагийг засаж өгдөг мэргэжлийн засварчид хэрэгтэй. Манай компани сургалтын Швейцар технологи оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Бидний тавьсан зорилго бол цаг засварын мэргэжлийн техник мэргэжлийн сургуулийг байгуулах явдал юм. Эхний ээлжид мэргэжил эзэмшээгүй ч цаг засварын үйлчилгээ эрхэлж буй хүмүүст мэргэжлийн зэргийг нь олгоё. Сургалтад хамруулъя. Мэргэжлийн цаг засварчдаа дагаад ур чадвар эзэмшээд дэлхийн жишигт очсон цөөн хэдэн хүмүүстээ мэргэжлийн зэрэг олгомоор байна. Түүний дараа шинээр цаг засварын мэргэжилтэн бэлтгэж болно. Техникт авьяастай хүүхдүүдийг цаг засварчнаар бэлдэх шаардлагатай байна. Яагаад гэхээр монголчууд цаганд өндөр ач холбол өгч, зүүдэг болсон. Тэгэхээр үнэтэй брэндийн цагийг чанартай засах мэргэжилтэн хэрэгтэй. ОХУ-д 1990 онд төгссөн хамгийн сүүлийн мэргэжилтнүүд маань 50 нас хүрч байна. Өөрөөр хэлбэл цаг засварын үйлчилгээнд насжилт бий болжээ. Тиймээс цаг засварын мэргэжилтэн бэлдэх шаардлага бий болсон.
-Монгол Улсад хэчнээн мастерын зэрэгтэй цаг засварчин байдаг вэ?
-Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам гэж байхад 1990 оноос өмнө Д.Цэрэнтүндэв, н.Рэнцэндорж гэж хоёр цаг засварчин мастер болсон байна. Монголын цаг засварчдын холбоо байгуулагдсанаас хойш долоон мастер цаг засварчин төрсөн. Тэгэхээр цаг засварын түүхэнд нийтдээ есөн цаг засварын мастер төрөн гарсан байна. Олон жил ажилласан хүнийг мастер цаг засварчин гэж цол өгдөггүй. Мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн хүн ур чадварын шалгалт өгөөд мастерын зэрэг авдаг. Засгийн газрын цол тэмдэг. Монголд мэргэжлийн цаг засварчид цөөн ч тэд маань үр хүүхдүүддээ мэргэжлээ уламлуулж байгаа сайхан жишээнүүд бий. С.Оюунчимэг мастер цаг засварчны хоёр дахь охин С.Анхчимэг нь ээжийгээ дагаад багаасаа цаг зассан. Одоо Швейцарт цагны үйлдвэрт ажиллаад, оройгоор цаг засварын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Мөн С.Оюунчимэгийн зээ хүү Б.Оюунболд Швейцар улсын Патех Филиппын их сургуульд цаг засварын мэргэжлээр суралцаж байна.
-Монголд дэлхийн брэнд үйлдвэрүүдийн олон төрлийн цаг худалдаалж байна. Түүнийг засах мэргэжлийн ур чадвар, нөгөө талаар сэлбэг хэрэгсэл нь байдаг биз дээ?
-Монголын цаг засварчдад нэг онцлог бий. Бие даасан байдалтай. Монгол засварчид цагийг нэг бүрчлэн задлаад, гэмтлийг тодорхойлоод угсардаг. Манай улсад үйлдвэр байхгүй учраас энэ чадварыг маш сайн эзэмшсэн. Гэтэл Швейцар цагны үйлдвэрийн ажилтан цагны нүүрний шил угсрах ажлаа 30 жил хийх жишээтэй. Тэгэхээр бусад эд, анги засварыг мэддэггүй. Яагаад гэхээр нэг цагийг үйлдвэрлэхийн тулд дамжлагаар хийдэг. С.Оюунчимэгийн охин Швейцарт цагны үйлдвэрт ажиллаж, “од” болоод байгаа нь ийм учиртай. Цагны бүх засвар үйлчилгээг нэг дор хийчихдэг гэнэ. Тэгэхээр нь “Та технологич хийгээч, зөвлөх хийгээч” гээд гуйдаг гэсэн. Монголд ийм мундаг цаг засварчин хэрэгтэй. Нөгөө талаар Монголд олон төрлийн, задаргаа ихтэй сайн чанарын цагнууд худалдаанд нэвтрэх болсон. Түүнийг засах мэргэжилтэн хэрэгтэй. Засварчид маань ч байнга ур чадвараа нэмэгдүүлж байх шаардлагатай. Швейцар, ОХУ-д ч юм уу мэргэжил дээшлүүлэх боломжийг нээмээр байна.
Цагны сэлбэг хэрэгслийн хувьд манай компани Швейцариас чанартай зай, оосор гээд чанартай сэлбэгүүдийг авчирдаг.
-Залуус цагийг гангараа гэж хардаг байсан бол сүүлийн үед хэрэглээ талаас нь хардаг болж?
-Хэрэглээ талаасаа анхаардаг болсон. Монгол залуус маань өндөр үнэтэй, чанартай цаг хэрэглэдэг болж байна. Жинхэнэ брэндийн цаг хаана зардаг, хаанаас орж ирдгийг мэддэг. “Мэргэжлийн цаг засварчид бусдаасаа ялгарах ёстой. Хамгийн үнэтэй чанартай зайг хэрэглэгчийнхээ цаганд хийж өг. Сайн үйлчилгээ үзүүлэх ёстой” гэж бид 20 жил тэмцсэний хүчинд өнөөдрийн зэрэгт хүрч байгаа. Сүүлийн үед мэргэжлийн сайн цагчин дээр очихыг хэрэглэгчид хүсэж байна. Бүр хувийн цагчинтай болохыг хүсдэг болсон байна шүү дээ. Яагаад гэхээр мэргэжлийн хүмүүс засварчид дээр очоод цагаа эвдлүүлсэн ч байдаг юм уу. Хүүхдүүд нь миний өвөө, эмээгийн зүүж байсан цаг гээд авчирч их засуулдаг.
Сэтгэгдэл ( 7 )
Хаана байдаг юм бол
Хаана байдаг юм бэ\n
Хаана байдаг юм болоо\n
Haana bdag ym boloo
Эгчдээ баяр хүргэе сайн цагчин шүү
Mundag
Сүрэнхор гуай Цэсмаа гэдэг хүнийг яагаад дурсахгүй байна вэ?