ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 10 сарын 24

Өнөөдөр 2019.10.24. Энэ оны 297 дахь өдөр. Он дуусахад 68 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 0 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн мэдээлэл, хөгжлийн өдөр болон Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Мөн НҮБ-ын өдөр юм. Дэлхийн улс орнуудад өнөөдөр ОХУ-д Зэвсэгт хүчний тусгай хүчний өдөр бол Замбид Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн “The Rolling Stones”-ын бас-гитарчин Билл Ваймен, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Ф.Мюррей Абрахам, Кевин Клайн, Оросын жүжигчин Андрей Мартынов, бизнесмен Роман Абрамович, Английн хөл бөмбөгч Вэйн Руни, Америкийн уран гулгагч, олимпын аварга Чарли Вайт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1924 оны энэ өдөр Ардын Засгийн Газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг шинэчлэн байгуулжээ.

1989 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1939 оны энэ өдөр ЗСБНХУ Герман руу үр тариа нийлүүлэх гэрээг үзэглэв.

1949 оны энэ өдөр Нью-Йоркт одоогийн НҮБ-ын байрны анхны чулууг тавьжээ.

1964 оны энэ өдөр Хойд Родези тусгаар тогтнолоо зарлаж, нэрээ Замби болгон өөрчлөв.

2000 оны энэ өдөр Берлины Египетийн музейгээс дэлхийд цорын ганц байх Клеопатрагийн гарын үсгийг илрүүлжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр, байр авахад сайн. Харин хэрүүл тэмцэл хийхийг цээрлээрэй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top