СОНСГОЛ: Гэр хорооллынхныг зуухаа солихыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

-ЭНГИЙН ЗУУХ, ХАНАН ПИЙШИНТЭЙ АЙЛУУДАД УГААРЫН ХИЙН ЯЛГАРАЛТ ӨНДӨР БАЙНА-

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Сонсголд Нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллагуудын төлөөлөл, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд болон нийслэлийн 100 гаруй иргэн оролцож, санал шүүмжлэлээ илэрхийллээ.

Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцуулсан. Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Засгийн  газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц, гаргалгаа болж байна” гэв.

Сонсгол зохион байгуулах санаачилгыг НИТХ-ын 12 төлөөлөгч гаргасан. Тэднийг төлөөлж, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийсэн юм. Төлөөлөгч Ц.Баатархүү “Агаар орчин, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл бол 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Сайжруулсан түлш, зуух бол завсрын шийдэл. Өнөөдрийн хэлэлцэж байгаа сайжруулсан түлшний асуудлаар зарим албан тушаалтнуудын албан мэдэгдлүүд өөр өөр байгаа учраас иргэд олон түмэнд нэгдсэн мэдээлэл өгье. Иргэдийн санаа бодлыг сонсох үүднээс нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын  нэр бүхий 12 төлөөлөгч Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу нийтийн сонсголыг зохион байгуулах санаачилга гаргасан. Иргэд, судлаачдын дунд эргэлзээтэй олон асуудал байгаа. Иргэдийн зарим нь айдастай байна. Хүний амь нас яагаад эрсдэв, хүмүүс яагаад олноороо угаартав, түлш шатах явцад судалгаа хийгдсэн эсэх, төслийн биш энгийн зуухтай айл өрхүүдэд сайжруулсан түлшийг хэрхэн түлэх талаар, энэ өвөл түлшний нөөц хүрэлцээтэй эсэх гээд олон асуудлаар энэ сонсголын хүрээнд хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэх шатанд есөн иргэн нас барж, 800 орчим иргэн угаартаж, эрүүл мэндээрээ хохирчээ. Хяналтын сонсголд оролцож байгаа НИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн зүгээс энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг тавилаа. Энэ асуудлаар Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж дараах тайлбарыг өглөө.

Д.Ядамдорж “Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19-нөөс хойш иргэд угаартаж нас бараагүй, дуудлагын тоо буурч байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзлээ. Угаартсан иргэдийн 101 нь гэрт, 202 нь байшинд, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Энэ жил нийт есөн хүн нас барсан. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Хэн буруутай эсэх эцсийн шийдвэрийг прокурорын байгууллага гаргана” гэлээ.  

Сүүлийн сар гаруй хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түү­хий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллажээ. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

“САЙЖРУУЛСАН ТҮЛШНЭЭС ЯМАР НЭГ ЮМ ҮНЭРТЭЭД БАЙНА”  

Улаанбаатар хотын хэмжээнд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш борлуулах 300 гаруй цэг ажиллаж байгаа тухай мэдээлсэн ч Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвхөн цэг ажилладаг тухай асуудал хөндөгдлөө. Сайжруулсан түлшийг нэг тонноор нь, олон шуудайгаар авах боломжгүй. Долоо хоногт зургаан шуудайгаас илүү өгөхгүй гэдэг аж. Иймд түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг иргэд онцолж байна. Сайжруулсан түлшний хэрэглээ, хортой, хоргүй гэдэг мэдээлэл аль нь үнэн зөв эсэх, түлшний хүрэлцээ, түгээлт, төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгчид үг хэлж, асуулт асуусан юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Баяртунгалаг: Манайх өдөрт нэг удаа гал түлж байгаа. Ханан пийшинд гал түлдэг хэдий ч дутуу шатаад угаартаад байгаа зүйл байхгүй. Утаа ч бага гарч байгаа. Иргэд өөрсдөө зуухны галлагаа, зөв хэрэглээндээ анхаарах ёстой. Харин гадуур гараад явахаар толгой их өвдөж байгаа. Энэ яг юунаас болж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Ж.Энхбат: Шахмал түлшний нөөц хангалттай бий юу. Агаарын хийнд хордож нас барсан иргэдийн асуудалд ямар албан хаагчдад хариуцлага тооцсон бэ.

Сүхбаатар дүүргийн XIII хорооны иргэн н.Баяр-Эрдэнэ: Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл явц маш хангалтгүй байна. Таван толгой түлш компанийн түлш нийлүүлэх гэрээг бүрэн эхээр нь хармаар байна. Энэ гэрээ цаашид хэдэн жил үргэлжлэх бэ.

Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн н.Эрдэнэчимэг: Шахмал түлш түлэхэд урамтай сайхан байдаг. Бидний төлөөлөл болж сонгогдсон төлөөлөгчид маань иргэдийнхээ өмнөөс “Тавантолгой түлш” компанийнхантай тулж ажиллаад, үнэн бодит мэдээллийг сонгогдсон хороо тойргийн иргэд­дээ тайлагнаж баймаар байна. Шахмал түлшний асуудлаар битгий улс төр хийгээрэй. Харин ч цаашид дэмжээд улам илүү сайжруулаад явмаар байна.

Баянзүрх дүүргийн иргэн н.Амарзаяа: Сайжруулсан түлшнээс ямар нэг юм үнэртээд байна. Яг юу үнэртээд байгаа юм бэ. Шахмал түлшний хэв багадаад байна. Түлшний хэмжээг нь жаахан томруулж болох уу. Борлуулалтын тал дээр карт тараасан ч ашиглагдахгүй байна. Хүрэлцээ муу байна.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат: Ердийн зууханд тохиромжгүй  гэдэг дүгнэлт гарсан байсан. Ийм дүгнэлт үнэхээр гарсан юм уу хэрэв гарсан бол яагаад арга хэмжээ аваагүй байна вэ. Мэдрэгчтэй холбоотой асуудал их гарч байна. Энэ мэдрэгч үнэхээр иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж чадаж байна уу.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Нүүрсний аюулгүй байдлын баталгааг гаргаж өгөөч. Бүх төрлийн зууханд түлэхэд аюулгүй гэсэн сурталчилгааг хийсний дараа стандарт дүгнэлт нь бүх төрлийн зууханд түлэх боломжгүй тухай яригдах боллоо. Зарим судлаач гаалийн лабораторид хийсэн шинжилгээгээр сайжруулсан түлш аюулгүй гэдэг дүгнэлт гарсан ч шаталт нь аюултай гээд байна. Аюултай юм уу, аюулгүй юм уу.

Д.БАТБИЛЭГ: “ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИАС ТАВАН ЖИЛ НҮҮРС АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

Иргэдийн асуултад “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл болон судлаач дараах тайлбарыг өгсөн юм.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Батбилэг: Манайхаас 22 мянган айл өрхөд заавар зөвлөгөө, зөвлөмж өгч 300 гаруй үйлчилгээний ажилтан ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Гео экологийн хүрээлэнд жилийн турш маш олон туршилт хийсэн. Шатаалтын туршилтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлыг бууруулах газрын утаанд агуулагдах хорыг тодорхойлох стандартын дагуу сард хоёроос доошгүй удаа шинжилгээ хийж байна.

Олон улсын дунджаар хүхэрт агуулагдах хэмжээ нэг хувиас хэтрэх ёсгүй гэдэг заалт байдаг. Гурван хувийн хүхэртэй бол тусгай хүхэр ялгарах төхөөрөмжтэй зууханд шатаана. Харин таван хувь бол шууд хориглоно гэсэн заалттай. Манай улсын нүүрсний хүхрийн хэмжээ нэг хувиас  доош байна. Хятад, ОХУ-ад нэг хувиас доош хүхэртэй түлшийг ямар ч төрлийн зуух, цахилгаан станцад хэрэглэж болно гэдэг. Тавантолгой түлш компанийн түлшний хүхрийн агууламж 0.86 хувь байгаа. Хүхэр бууруулах технологи нэвтрүүлж байна. Мөн БНХАУ-аас импортолж байгаа барьцалдуулагчийг дотоодын түүхий эдээр хийх зорилт тавьсан. Би 20 гаруй жил гэрт амьдарсан. Ид өвлийн үед муу зуухны таталт ч сайжирдаг.“Тавантолгой түлш” компанийн “Энержи ресурс” компанитай байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай 600-800 мянган түлш нийлүүлэх гэрээтэйгээр анх байгуулагдсан. Дахин ярилцаад таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Нөөцийн хувьд таван жилдээ айхгүй болно.

Шатсан түлшийг хортой, хоргүй маргаан байна. Шаталтын шинжилгээ байнга хийж байгаа, БНХАУ-ын Нүүрс кокс химийн судалгааны хүрээлэнд хийсэн шинжилгээ манайд хийсэн шинжил­гээтэй баталгаажиж нийлж байгаа. Барьцалдуулагч бодисыг Хятадын лабораторид шинжлүүлэхэд хортой зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Сайжруулсан түлшийг бид удаан шатахыг нь бодож хийсэн. Өмнө нь Багануурын нүүрсийг иргэд өдөрт дөрвөн удаа зуухандаа нэмж хийдэг байсан бол өнөөдөр сайжруулсан түлш хоёр удаа хийхэд л хангалттай байгаа. Энэ бол ололт юм.

Д.НАРАНБААТАР: ЗУУХАА САЙЖРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ 

“Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар сайжруулсан түлшинд явуулсан судалгаа, химийн найрлагын талаар сонсголд оролцогчдод мэдээлэл өглөө.

И.Наранбаатар “Би АНУ-аас өнгөрсөн долоо хоногт ирснээсээ хойш эрдэмтдийн баг бүрдүүлж угаарын хийнд хордож, толгой өвдөж байна гэх асуудлыг шинжилж байгаа. Энэ нь химийн найрлагаас үүдсэн зүйл огт биш. Шаталтын процессоос л болж байгаа хэрэг. Цаашид айл өрхүүдийн зууханд таарах, таарахгүйг хэмжиж, шинжилж тогтоож өгөх хэрэгтэй. Толгой өвдөж байна гэж байгаа айлуудад яаралтай очиж хэмжилт хийх хэрэгтэй. Угаарын хийн ялгаралт энгийн зуух, ханан пийшинтэй айлуудад эрсдэл өндөр байна. Харин төслийн зуухтай айлуудын хувьд эрсдэл бага байгаа нь хэмжилтээс харагдаж байгаа юм. Ингээд хэлэхээр зуухны бизнес шахах гэж байна гэж хэлж болохгүй. Эрдэмтэн хүний хувьд нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэл­сэнд дэмжиж байна. Иймд цааш­даа зуухаа сайжруулах л зайлшгүй шаардлага бий  болж байна. Төслийн зуух тараагаад өгөхөөр хөдөө идшээр солиод явуулчихаж болохгүй. Цаашдаа шөнийн тарифыг тэглээд цахилгаан халаагуурт шилжих нь мэдээж хэрэг хамгийн зөв сонголт юм”  гэлээ.

Сайжруулсан түлшийг стандартын дагуу үйлдвэрлэж байгаа ч айл өрхүүдийн хэрэглэж буй зууханд асуудал байгааг  мэргэжлийн судлаачид төдийгүй иргэд ч хүлээн зөвшөөрч байна. Иймд гэр хорооллын иргэд төслийн зуухаа хэрэглэх шаардлагатай ажээ. Нээлттэй сонсголоор 40 орчим багц саналын хүрээнд 70 гаруй хүн үг хэлж саналаа хэллээ. Шаталтыг сайжруулах талаар эрдэмтдийн хэлсэн саналыг цаашид  тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва сонсголын төгсгөлд онцолсон юм. Нээлттэй сонсголын санал, шүүмжлэлийг нэгтгэн НИТХ-д танилцуулж, сайжруулсан түлш үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ажилд тусгах ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top