Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс санаачлан “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл” сэдвээр энэ сарын 18-нд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Дээрх сэдвийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд орж буй сэтгүүл зүйн салбартай холбоотой нэмэлт өөрчлөлтийн талаар санал, солилцох юм.
МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд яваа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуулиас хасаж, Эрүүгийн хуульд оруулахаар төсөлд тусгагдсан "гүтгэх"-тэй холбоотой заалт гээд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд өөрчлөлт үүсгэх асуудлуудаар салбараараа дахин ярилцах шаардлагатай байна гэж МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс санал гаргалаа.
Хуулиудын өөрчлөлт, дагалдах үр дагавар зэргийг харилцан ярилцах, ойлголтоо ойртуулах, яг тодорхой саналууд дээр нэгдэх зэрэг хэрэгцээ шаардлага үнэхээр байна.
Хэвлэл мэдээллийн эрх зүй яах аргагүй бидний хамтын асуудал учраас хуулийн хэлэлцүүлгийн шатанд санал бодлоо тодорхой илэрхийлэхгүй бол нэгэнт батлагдсан хойно олон санаа бодол уралдуулах нь нэмэргүй. Тийм учраас хэвлэл мэдээллийн салбарын ТББ-ууд, мэргэжлийн холбоод, редакцууд, багш судлаачид, сэтгүүлчдээ хэлэлцүүлэгт урьж байна.
Дээрх хуулиудын ажлын хэсэгт салбарын төлөөлөл орж ажиллах боломжийг УИХ-ын холбогдох байнгын хороод олгосон. Тэгэхээр хууль тогтоогчидтой хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх энэхүү механизмаа бас үр дүнтэй ажиллуулмаар байна. Манайхан идэвхтэй, ажил хэрэгч хандахыг уриалж байна” гэлээ.
Дээрх хуулиудын өөрчлөлтийн төслийг боловсруулахтай холбоотойгоор МСНЭ-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлгийг аравдугаар сарын 18-нд зохион байгуулж байв. Энэ удаагийн “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд болно.
Сэтгэгдэл ( 0 )