Хүн амын тооллогоос өрссөн “Царцааны нүүдэл” өрнөв үү

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улс хүн амаа тоолохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл өгсөн. Харин хүн амын тооллогоос өрсөн “Царцааны нүүдэл” хийх кампанит ажиллагаа өрнүүлж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Албан мэдээлэл биш ч гэлээ зарим аймагт бөөн бөөнөөрөө шилжин суурьшигчид олон болжээ гэдэг нь үнэний ортой. Олноороо шилжин ирж байгаа иргэдийг чухам ямар зорилгоор шилжин ирж байгааг асуухаар бүгд л “амьдралын эрх дагаж ирсэн” хэмээн өчдөг байна. Энэ ажиллагааг он гарч хүн ам тоолохоос өмнө амжуулахаар яаравчлан ажиллаж байгаа гэдгийг ч барин тавин хэлсэн. Нэгэнт хүн амын тооллого эхэлсэн үед шилжих хөдөлгөөн хийхгүй байж таарна. Үүнээс гадна сонгуулийн санал хураах өдөр хэт тулчихвал шилжих хөдөлгөөнийг зогсоодог.

Тухайлбал, “сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно” гэсэн заалт бий. Нөгөө талаар сонгуулийн санал хураахаас 30 хоногийн дотор гээд бөөн бөөнөөрөө шилжих хөдөлгөөн хийвэл эрсдэлтэй. Хардахаас эхлээд зорилгоо ч улайж болох талтай учраас ийнхүү эртнээс эхэлж байгаа бололтой.

Өнөөдөртөө хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьших боломжгүй байгаа ч Улаанбаатараас хөдөө орон нутагт, хөдөө орон нутгаас хөдөө орон нутагт шилжин суурьших эрх зүйн орчин нээлттэй байгаа аж. Нөгөө талаар Монгол Улс хориод жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийсэн нь түүхэн үйл явдал боллоо. Одоо улс төрийн намууд, тэр тусмаа МАН, АН хоёр “Сонгуулийн тухай хууль”-ийг өөртөө ашигтайгаар эргүүлэх тал дээр чамгүй анхаарал хандуулж байгааг бид харж байна. Зарим эрхмүүд айсуй сонгуульд янз бүрийн аргаар бэлдэж байгаагийн нэг нь “Царааны нүүдэл” биз ээ.

Гэтэл Сонгуулийн тухай хууль хаашаа ч эргэж мэдэх энэ эгзэгтэй үед “Царцааны нүүдэл” хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөж байна. Улс төр судлаачдын хэлж байгаагаар “Царцааны нүүдэл” нь томсгосон тойрог дээр тийм ч том нөлөөлөл үзүүлэхгүй. Харин жижиг тойрог дээр амжилттай хэрэгжүүлж чадвал шууд ялалт гэдгийг хэллээ. Гэтэл янз бүрийн аргаар сонгуульд ялж сурсан нөхдийн хувьд томсгосон ч бай, жижиг ч бай ямар ч тойрогт ялалт байгуулахаар харанхуй дайрч байгааг эх сурвалж дуулгасны нэгээхэн жишээ энэ байх. Тэгэхээр “Царцааны нүүдэл” урьд өмнө байсан уу гэвэл байсан. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар тойрогтоо дархлагдаад байсан өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Элдэв-Очирт ялагдсан. Энэ үеэр Х.Баттулга сонгуулийн саналын үр дүнтэй санал нийлэхгүй, Л.Элдэв-Очирыг харьяа байгууллагынхаа иргэдийг зориудаар шилжүүлэг хийлгэн, өөртөө санал өгүүлсэн хэмээн үзсэн. Ингэхдээ манай аймагт хууль бусаар шилжиж ирсэн 2900  “Царцааны нүүдэл”-ээс болж, сонгууль будлиантлаа хэмээн шууд байр сууриа илэрхийлж байв.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт “Сонгуулийн тухай хууль”-ийн 65,7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь өнөөдрийн байдлаар Сонгуулийн хорооноос ирээгүй байна. Үүнээс Хөвсгөл аймаг буюу УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дүгээр тойрогт 2400 орчим сонгогч шилжин ирсэн гэдгийг ч баримтаар хүргэж байсан. Үүнийг УИХ-ын нэгэн гишүүнтэй холбон мэдээлж байсан ч бий.

Ямартай ч өнгөрөгч 2016 оны сонгуулийн өмнө “Царцааны нүүдэл”-ийн хүрээнд 18000 сонгогч шилжих хөдөлгөөн хийсэн тухай албан бус баримтыг хэвлэлүүд дэлгэж л байдаг. Хууль ёсоор бол сонгогч оршин суугаа газрынхаа харьяа Сонгуулийн хэсгээс өөр Сонгуулийн хэсэгт шилжиж сонгуульд оролцох боломжтой байдаг ч дээрх хуульд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай. Нөгөө талаар хүн амын тооллого явагдаж байгаа үед шилжих хөдөлгөөнийг хязгаарлах гэх мэт хүчин зүйлсээс үүдэн “Царцааны нүүдэл” эрт эхэлж байгаа хэмээн мэдэмхийрэх нэгэн ч байна. Тэр ч бүү хэл “Царцааны нүүдэл” хийх нь зөвхөн санал цуглуулаад зогсохгүй хороо хэсгийн бүртгэл дунд санал давхардах, хийдүүлэх гэх мэт сөрөг үзэгдэл байдаг аж. 

Тодотговол, ийнхүү шилжсэн сонгогч шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэх бөгөөд энэ тухай хэсгийн хороо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгддэг аж. Улсын бүртгэлийн холбогдох байгууллага хэсгийн хорооны мэдэгдлийн дагуу шилжсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасах ба шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэдэг байна. Энэ процесс дунд алдаа завхарал гардаг гэдгийг ажиглагчид хэлсэн. Зарим нь өөрийнхөө хороо, нутаг дэвсгэрээс бүртгэлээ хасуулсан ч нөгөө тойрогт хэргээр бүртгүүлэхгүй байхаас эхлээд олон зүйл байгааг дуулгаж байсан.

Дээр дурдсанчлан иргэд олноороо “Амьдралын эрх даган шилжин ирсэн” гэх үндэслэл тун бага юм. Нийгмийн шилжилтийн үед бол бөөн бөөнөөрөө, бүл бүлээрээ шилжиж байсан нь үнэн. Харин сүүлийн үед нийгэм эдийн засгийн байдал чамгүй тогтворжиж, шилжих хөдөлгөөн зогсоогүй ч бөөнөөрөө шилжих үзэгдэл алга болсон гэдгийг хэлсэн. Хамгийн гол нь 2016 оноос хойш олноор шилжих хөдөлгөөн хийгээгүй байж 2019 оны эцэст олноор шилжих хөдөлгөөн хэд хэдэн удаа давтагдсан нь ийнхүү хардалт дагуулж байгаа юм. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаас харвал сонгууль угтсан “Царцааны нүүдэл” хөхөө өвлийн хүйтнээр өрнөж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.42) 2019 оны 11 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.42) 2019 оны 11 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top