АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Марк Эспер Америк болон Өмнөд Солонгос “Vigilant Ace” цэргийн сургуулилтаа хойшлуулсан талаар мэдэгдэв. Сургуулилтыг энэ сарын сүүлчээр төлөвлөсөн байсан юм. АНУ Хойд Солонгостой харилцаа тогтоох үйл явцыг дэмжихийн тулд уг цэргийн сургуулилтыг зогсоосон байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн яам өмнө нь одоогийн нөхцөл байдалд Вашингтонтой хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдэж, оны эцэс гэхэд Америкийн тал ямар нэгэн буулт хийх болно, эсвэл хоёр улсын хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ хийх боломжгүй болно гэсэн урьдчилсан дүгнэлт хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Доналд Трамп БНАСАУ-ын талаарх байр сууриа мэдэгдэхүйц зөөлрүүлэхэд хэцүү байгаа, учир нь тэрбээр улс дотроо дарамттай байгаа аж. АНУ болон БНСУ-ын цэргийн сургуулилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар Пентагоны тэргүүн Марк Эспер, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Чон Гён Ду нар Бангкокт уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Хоёр орны агаарын цэргийн хүчний сургуулилт хойшлогдох нь БНАСАУ-тай хэл амаа ололцоход нөлөө үзүүлж магадгүй гэж үзсэн байна. “Бид энэ шийдвэрийг дипломат хүчин чармайлт, энх тайван замаар шийдвэрлэхэд чиглэсэн уур амьсгалыг бий болгохын тулд гаргасан. Үүнтэй ижил алхмыг БНАСАУ-д уриалж байна” гэж Марк Эспер мэдэгдэв. Ийнхүү Пентагоны тэргүүн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цэргийн сургуулилтыг хойшлуулсан талаар мэдээлснийг баталжээ.
АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хамтын ажиллагааны нэгэн илрэл болох агаарын цэргийн хүчний “Vigilant Ace” сургуулилт нь жил бүр болдог билээ. Хойд Солонгостой цэргийн мөргөлдөөн үүсгэсэн тохиолдолд бэлэн байхын тулд уг сургуулилтыг хийдэг гэх. Энэ сургуулилт 2017 онд Сөүл, Вашингтоны хооронд хийсэн хамгийн том цэргийн сургуулилт болжээ. Хоёр орны 12 мянга орчим цэрэг оролцсон байна. Цэргийн сургуулилтаа хойшлуулсан нь маш бодит баримт аж. Өнгөрсөн жил мөн БНАСАУ, АНУ-ын хооронд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээ явагдаж байгаатай холбоотойгоор сургуулилт хойшилжээ. Гэсэн ч өнгөрсөн аравдугаар сард Шведэд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш хоёр орны харилцаа холбоо үнэн хэрэгтээ хаагдсан байна. Түүгээр ч барахгүй саяхан Хойд Солонгос АНУ-тай яриа хэлэлцээгээ орхихоо зарласан. Үүний шалтгаан нь энэ сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Нийгмийн болон хүмүүнлэгийн асуудлаарх гуравдугаар хорооноос баталсан тогтоол байв. Энэ нь БНАСАУ хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхийг уриалсан байжээ. Ийм тогтоолыг тус хороо 15 дахь жилдээ дараалан баталж байна.
Шахалт
Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлэлд өгүүлснээр БНСУ-ын Гадаад хэргийн яам дээрх тогтоолыг АНУ-ын шахалт дор баталжээ. Энэ баримт бичгийг “улс төрийн өдөөн хатгалга” гэж нэрлэв. Вашингтонтой хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэл Хойд Солонгост байхгүй болсон талаар Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ. Тэд америкчууд БНАСАУ-д сонирхолтой санал дэвшүүлээгүй гэв. “Бид Америкийн талд асуудлыг шийдвэрлэх тодорхой арга замыг санал болгосон. Тиймээс Хойд Солонгос, Америкийн яриа хэлэлцээний хувь заяа АНУ-ын байр сууринаас хамаарна. Эцсийн хугацаа нь энэ оны эцэс юм” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээ цуцлагдсаны дараа мэдэгджээ. Тиймээс АНУ “БНАСАУ-тай холбоотой дайсагнасан бодлогыг бүрэн, эргэлт буцалтгүй орхих практик арга хэмжээ авах хүртэл” хэлэлцээг үргэлжлүүлэх бодолгүй байгаагаа Гадаад хэргийн яам онцолсон байна. Энэ хооронд, энэ сарын 14-нд Хойд Солонгосын Элчин сайд Ким Мён Гил БНАСАУ дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биган хоёр улсын хооронд хэлэлцээ хийх хүсэлтийг “гуравдагч улсаар дамжуулан” хэлсэн гэж мэдэгджээ. Шууд бус байдлаар Доналд Трамп үүнийг “Твиттер”-ээрээ дамжуулан баталсан байна. Тэрбээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хурдан шуурхай ажиллаж, АНУ-тай зөвшилцөх шаардлагатай байна гэжээ. Мөн “Удахгүй уулзъя” гэж бичсэн байна.
Ярилцахад бэлэн
Цэргийн сургуулилтаа хойшлуулах шийдвэр Хойд Солонгосын урьд өмнө байгаагүй хатуу ширүүн мэдэгдлүүдээс үүдэлтэй байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. “Хойд Солонгосын байр суурь бол БНАСАУ оны сүүлчээс өмнө хэлэлцээ хүлээж байна гэсэн байр суурь. Энэ хугацаанд америкчууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ баттай харуулах ёстой.
Энэ бол БНАСАУ-ын эрх баригчдын нөхцөл байдал” гэж Солонгосын түүхийн шинжээч Константин Асмолов “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Цэргийн сургуулилт хийх хугацааг хойшлуулах нь америкчууд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн тулд БНАСАУ-д хийж буй цуврал буултуудын нэг байж магадгүй гэж шинжээч онцолж байна. Магадгүй энэ бол цорын ганц буулт аж. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн ахлах мэргэжилтэн Евгений Ким Хойд Солонгосын эрх баригчид мэдээж цэргийн сургуулилт хойшилсонд таатай хандана гэж үзэж байна. “Гэхдээ БНАСАУ АНУ-аас илүү том буулт хүлээж байгаа гэдгийг санаарай” гэж тэрбээр өгүүлсэн байлаа. БНАСАУ 2018 оны дөрөвдүгээр сард цөмийн туршилтаас татгалзсан гэдгийг шинжээч онцолжээ. Одоогоор Хойд Солонгос цөмийн туршилт хийхгүй гэсэн амлалтаа биелүүлж байгаа юм. Тус улсын эрх баригчдын үзэж байгаагаар АНУ хариуд нь хоригоо зөөлрүүлэх ёстой. Гэвч ийм хариу алга байна. Хойд солонгосчууд америкчууд их зүйл амласан гэж бодож байгаа ч юу ч хийгээгүй гэж шинжээчид дүгнэжээ. БНАСАУ-ын байр суурийг зөөлрүүлэхийн тулд АНУ Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу хүмүүнлэгийн хангамжийг бий болгох хэрэгтэй аж. “Тухайлбал, гахайн ханиадны вакцин нийлүүлэх. Энэ нь Хойд Солонгост маш чухал” гэж шинжээч Ким үзэж байна.
Америкийн сэдэл
Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг хойшлуулах санаа Доналд Трампаас гарчээ. Энэ нь Америкийн удирдагчийн гадаад бодлогын үзэл баримтлалтай тохирч байгаа учир ийнхүү дүгнэсэн байна. Трамп АНУ Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг хангахад хэт их мөнгө зарцуулж байна гэж үзэж байж ч мэдэх аж. Эцэст нь тэр өмнөд солонгосчуудад АНУ-ын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрт байгаа учир илүү их мөнгө төлөхийг санал болгосон нь тохиолдлын зүйл биш гэж шинжээчид өгүүлжээ.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн өөрчлөлт нэгийг өгүүлнэ. Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримталж байсан Жон Болтон өнгөрсөн есдүгээр сард албан тушаалаа орхисон юм. БНАСАУ зөвхөн “буулт хийх” зарчмаар хамтран ажиллахад бэлэн байна. Трампын амлалт өгөх боломж хязгаарлагдмал байдаг. Тэрбээр ОХУ-тай хийсэн хуйвалдааны ачаар 2016 оны сонгуульд ялсан гэж буруутгагдсан. Одоо Хойд Солонгост буулт хийсэн гэж буруутгагдахыг хүсэхгүй байгаа учир болгоомжтой хандаж буй. Доналд Трамп олон нийтийн санаа бодол, улс доторх өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг харгалзаж үзэх ёстой гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж буй. АНУ, Хойд Солонгосын хэлэлцээрт нөлөөлж болох эерэг хүчин зүйл бол Өмнөд Солонгосын байр суурь юм гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )