ЗИНДАА 2019.11.22 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

#1 СЭЖИГТЭН С.БАЯРЦОГТЫН ЗӨВЛӨГӨӨ УИХ-ЫН ТОГТООЛ БОЛОН МЭНДЭЛЛЭЭ
 

УИХ-ын гишүүд өөр хоорондоо зодолдож нүдэлдэн байж Оюутолгойн ордтой холбоотой шийдвэр гаргав. Ингэснээр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах үүрэг Засгийн газарт ногдож байна. “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолд    ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн шинэ ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэхээр тогтов. Тэр дундаа 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол бусад хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг Засгийн газарт даалгалаа. Энэ хүрээнд 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дур мэдэн байгуулсан гэгддэг Дубайн гэрээний зүйл заалтуудыг сайжруулах хүндхэн даалгавар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ирлээ.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ТЭД БИДНИЙ ТУХАЙ | МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ШИЙД ГАРГАЛАА
 

Рио Тинто болон Монголын Засгийн газрын харилцаа, сүүлд гаргасан шүүхийн шийдвэр, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг багцлан дүгнэсэн нийтлэл санхүүгийн алдарт Financial Times сонинд нийтлэгджээ. Нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Уул уурхайн томоохон компанийн нэг Рио Тинто компанийн хэрэгжүүлдэг “Оюу Толгой” төслийн гэрээний нөхцөлөө сайжруулах шийдвэрийг Монгол Улсын парламент гаргалаа.

Өчигдөр болсон УИХ-ын ээлжит хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИх-ын тогтоолын төслийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн юм. Уг тогтоолд Монголын талын эзэмших 34 хувь болон нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээнд анхаарч ажиллахыг даалгажээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монгол Улсын парламент энэ асуудлыг хэлэлцсэний дүнд ийнхүү УИХ-аас албан ёсны тогтоол гаргаад байна. Монгол Улсын нийгэм, ард иргэдийн хувьд УИХ-аас баталсан тогтоолыг дэмжиж байгаа юм.

 “Оюу Толгой” төслийн далд уурхай бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа ч ашиглалтад орох хугацаа, төлөвлөсөн хугацаа хойшилсон гэсэн тааруу мэдээлэлтэй байна. Гэвч хэрэв далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд азийн хамгийн том уурхай болох хүлээлттэй байгаа билээ. Рио Тинто компанийн захирал Жеан Себастьян Жакын хэлснээр “Оюу Толгой” төсөл бол хамгийн өгөөжтэй, өндөр хурдацтай хөгжиж байгаа төсөл.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ.

Уг хүсэлтийг өнөөдөр /2019.11.22/ Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон есөн гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөхийг дэмжжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

 


#4 БНХАУ-ЫН ХУУЛИЙНХАН МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДЛӨГ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
 

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрснийг нь тогтоож, Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг энэ сарын хоёрны өдөр зохион байгуулсан юм.

Энэ дагуу нийт 759 хятад иргэнийг УБТЗ-ын тусгай галт тэргээр нутаг буцаасан бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчид эдгээр иргэдийг харгалзаж, БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөд ирсэн. Улмаар тус улсын БНХАУ-ын цагдаагийн газраас Монгол Улсад хууль бус ажиллагаа явуулсан иргэдээ хүлээн авч бүртгэлжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэж Наньжин хотын шоронд хорьсон гэх мэдээлэл бий.

Харин дээрх иргэдийн хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 АВТОБУСНЫ ЯНДАНГИЙН УТАА УРГИЙН ГАЖИГ ҮҮСГЭЖ БАЙНА
 

Бидний өдөр тутамдаа зорчиж үйлчилгээ авдаг нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа дизель түлшний улмаас хорт утаа ялгаруулж байгаа том оврын автобусны тухай энэ удаагийн сурвалжилгаа бэлдлээ. Аль ч автомашины замаар зорчиход зарим тээврийн хэрэгслээс хоолой хорсгом эхүүн үнэр хамар цоргин уушги руу орох шиг болдог. Энэ нь Улаанбаатарт энгийн үзэгдэл болсон. Хүнд дуу чимээ гаргаж, хар утаа баагиулсан олон жилийн насжилттай автобуснуудаа шинэчилнэ гэж удаан хугацаанд ярьсан ч хэрэгжсэнгүй. Хамгийн сүүлд 2011 онд Монгол Улсын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага буюу MNS 5012:2011 стандартыг шинэчилэн баталсан. Уг стандартад “Үйлдвэрлэснээс хойш 12 жил ашигласан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй” гэж заасан байдаг. Тиймээс жил бүр шаардлага хангаагүй автобусыг үйлчилгээнээс хасч оронд нь өөр автобусаар нөхөж сэлбэдэг байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “2019 оны эхээр насжилт хэтэрсэн 203 автобус байсан. Одоогийн байдлаар 140 автобусанд нөхөн хангалт хийгээгүй үлдсэн. Энэ онд багтаан нөхөн сэлбэж дуусна. Өөрөөр хэлбэл, 203 насжилт хэтэрсэн автобуснаас 2020 онд нэг нь ч үйлчилгээнд явахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд ихэвчлэн Солонгос Улсаас автобус оруулж ирдэг. Хятад Улсаас ирж байгаа автобус цөөхөн. Тэдгээр автобусаар нөхөн хангалт хийж байна” гэсэн юм. Насжилт дууссан дизель түлшээр ажилладаг автобус хорт утааг ихээр ялгаруулж байгаа нь гол асуудал.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top