Бидний өдөр тутамдаа зорчиж үйлчилгээ авдаг нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа дизель түлшний улмаас хорт утаа ялгаруулж байгаа том оврын автобусны тухай энэ удаагийн сурвалжилгаа бэлдлээ. Аль ч автомашины замаар зорчиход зарим тээврийн хэрэгслээс хоолой хорсгом эхүүн үнэр хамар цоргин уушги руу орох шиг болдог. Энэ нь Улаанбаатарт энгийн үзэгдэл болсон. Хүнд дуу чимээ гаргаж, хар утаа баагиулсан олон жилийн насжилттай автобуснуудаа шинэчилнэ гэж удаан хугацаанд ярьсан ч хэрэгжсэнгүй. Хамгийн сүүлд 2011 онд Монгол Улсын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага буюу MNS 5012:2011 стандартыг шинэчилэн баталсан. Уг стандартад “Үйлдвэрлэснээс хойш 12 жил ашигласан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй” гэж заасан байдаг. Тиймээс жил бүр шаардлага хангаагүй автобусыг үйлчилгээнээс хасч оронд нь өөр автобусаар нөхөж сэлбэдэг байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “2019 оны эхээр насжилт хэтэрсэн 203 автобус байсан. Одоогийн байдлаар 140 автобусанд нөхөн хангалт хийгээгүй үлдсэн. Энэ онд багтаан нөхөн сэлбэж дуусна. Өөрөөр хэлбэл, 203 насжилт хэтэрсэн автобуснаас 2020 онд нэг нь ч үйлчилгээнд явахгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд ихэвчлэн Солонгос Улсаас автобус оруулж ирдэг. Хятад Улсаас ирж байгаа автобус цөөхөн. Тэдгээр автобусаар нөхөн хангалт хийж байна” гэсэн юм. Насжилт дууссан дизель түлшээр ажилладаг автобус хорт утааг ихээр ялгаруулж байгаа нь гол асуудал.
АВТОМАШИНЫ ЯНДАНГААС 2000 ОРЧИМ ТӨРЛИЙН ХОРТ БОДИС ЯЛГАРДАГ
Энэ жил 12 жилээс дээш насжилттай 203 автобус байсан бол 2020 онд 135, 2021 онд 400 автобус үйлчилгээнээс хасагдах нь. Зөвхөн Монголд орж ирснээс хойших актлагдах хугацаа 12 жил гэхээр актлагдсан автобуснуудыг Монголд оруулж ирэхээс өмнө хэдий хугацаанд үйлчилгээнд явсныг тооцох аргагүй юм. Автобусны яндангаас гарах хорт утааны талаар ШУТИС-ийн багш, судлаач Ц.Алтанцэцэг “Бензин саарал болон цэнхэр утаа хаядаг. Дизель хар утаа ялгаруулдаг. Автомашинаас 2000 орчим төрлийн хорт бодис ялгардаг. Тэдгээрээс нүдэнд үзэгдэж, хэмжигдсэн хэдхэн төрлийн бодис байна. Тухайлбал, азотын дутуу болон давхар исэл, хүхрийн дутуу исэл, угаарын хий, нүүрс хүчлийн дутуу исэл гэх мэт бодисыг нэрлэж болно. Эдгээр бодис амьсгалын замын өвчлөлийг шууд хэлбэрээр үүсгэдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд намхан учраас автомашинаас ялгарах утаа шууд ам руу нь орж, амьсгалын эд эрхтнийг гэмтээж байна.
Нийслэлд 900 орчим нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. 2019 онд багтаан 12-оос дээш жилийн насжилттай 203 автобусыг актална
Жирэмсэн эхийн урагт нөлөөлж, амьгүй болон өвчилсөн ураг төрж байна” гэлээ. Мөн сүүлийн үед вирусийн гаралтай ханиад нэмэгдэх болсон нь хар утаа ялгаруулдаг автомашин, үйлчилгээнд явж байгаа хэдэн зуун автобусны яндангаас ялгарах утаатай холбоотой гэнэ. Улмаар төрөл бүрийн хорт бодис агуулсан утаа болон нүдэнд үл харагдах тоосонцор агаарт ялгарч вирусийн гаралтай ханиад, харшлуудыг үүсгэж байгааг эмч, судлаачид хэлж байна.
ТЦА: ШАЛГАЛТААР УТАА ШҮҮГЧ БАЙРЛУУЛСАН АВТОБУС НЭГ Ч БАЙГААГҮЙ
Автобуснаас ялгаруулж байгаа хорт утааг бууруулах зорилгоор 2018 онд Японы “DPF” утаа бууруулах шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулжээ. Найман сарын хугацаанд туршилтад явуулж ажигласны үр дүнд утаа буурч байгаа гэсэн үзүүлэлт гараад байгаа гэнэ. Мөн ЖАЙКА-гийн төслийн хүрээнд уг шүүлтүүрийг Монголд автобус үйлдвэрлэж байгаа “Eco bus” компанийн автобуснуудад 2014-2017 онд суурилуулж туршсан байна. Ямартаа ч “DPF” шүүлтүүр нь автобуснаас ялгарах хорт утааг бууруулж байгааг туршилтаар баталжээ. Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн утааны яндангаас ялгарах агаар бохирдуулах бодис, тортогжилт нь стандарт хэмжээнээс хэтэрч буй эсэхэд үе шаттайгаар шалгалт хийж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдрөөс арванхоёрдугаар сарын 1 хүртэл утаа ялгаруулж байгаа автобуснуудад шалгалт хийж эхэлжээ. Шалгалтыг гурван байдлаар явуулж байгаа гэнэ. Замын цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчид хамтран зарим дүүрэг, автобусны эцсийн буудлууд, иргэдийн ачааны автомашин, хотын товчоод дээр орж ирж байгаа автомашин, автобуснуудад шалгалт хийжээ. Нэлээд зөрчил илэрсэн бөгөөд илт утаа ялгаруулж явж байгаа машинуудын бичиг баримтыг хурааж, оношилгооны төвүүдэд шилжүүлж байгаа аж. Өчигдөр явуулсан шалгалтаар гэхэд утаа шүүгч байрлуулсан автобус нэг ч байгаагүй бөгөөд нийслэлээс утаа шүүгч суурьлуулах ажил зогсоод удаж байгаа гэдгийг жолоочид хэлж байна. Мөн Тээврийн цагдаагийн албаны шалгалтын үр дүнд үндэслээд бусад улсын туршлагыг нэмж, арванхоёрдугаар сарын 15 гэхэд утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэлд ямар арга хэмжээ авахыг дүгнэж, шийдэх ажлууд нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа аж.
ЖИЛД 100-200 АВТОБУСАНД Л ШИНЭЧЛЭЛ ХИЙДЭГ
Автобусны яндангаас ялгарч байгаа утааны асуудлыг шийдэхэд түлшний чанар тэргүүнд яригдах асуудлын нэг. Манай улсад импортоор орж ирж байгаа түлшнүүдийг шинжлэх лабораторийн хүрэлцээ бага. Түлшийг байгальд ээлтэй, экологийн мөн эсэхэд тавих хяналт сул байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ чиглэлээр хийн буюу газан автобуснуудыг үйлчилгээнд явуулж, “Евро-5” гэх байгальд ээлтэй түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч үр дүн харагдахгүй байгаа. Тиймээс гаднаас орж ирж байгаа нано буюу эко гэгдэх түлшнүүд хүртэл чанарын доголдолтой байгааг судлаач Ц.Алтанцэцэг онцолж байна. 45 хүний суудалтай том оврын стандарт автобусны үнийн хувьд олон улсад дунджаар 500 сая төгрөг байгаа бол эко автобус нь 900 сая төгрөгийн үнэтэй худалдаалагддаг гэнэ. Үйлчилгээний чанараас гадна том оврын автобусны үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг иргэд нийтийн тээврийн газарт гомдол, санал болгон хэлсээр байна. Автобусны парк шинэчлэлийг бүрэн хэмжээнд хийх асуудал шийдэгдэхгүй явсаар. Жилд харилцан адилгүй байдлаар 100-200 автобусанд л шинэчлэл хийдэг юм байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудыг жилд хоёр удаа үзлэг, оношилгоонд оруулж хэвшсэн. “Техникийн бүрэн байдал, эвдрэл гэмтлийг шалгаж, үзлэг оношилгоонд тэнцээгүй автобусыг шугаманд явуулдаггүй. Засвар үйлчилгээ хийсний дараа ахин шалгаад давтан үзлэгт оруулж тэнцсэн тохиолдолд үйлчилгээнд явуулдаг” хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч хөргөх сэнсний ажиллагаа муудсан учраас зуны улиралд сэнсний хэсгийн хаалтаа онгойлгож салхиар хөдөлгүүрээ хөргөдөг автобуснууд харагдаж л байдаг. Хүйтэнд халаалт муутай учраас цонх нь цантаж, иргэд буух буудлаа ч цонхоор харж чаддаггүй. Автобус удаан хүлээдэг. Удаан хүлээж байгаад суух гэтэл автобусан дотроо багтаж амжилгүй хоцрох нь хэвийн үзэгдэл болжээ. Ийм нөхцөлд автобусны доторх тохижилтын асуудлыг ярих ч хэрэггүй биз. Автобусанд зогсож байгаа хүнд барих бариул байхгүй. Бариул нь хугарсан, хагарсан, эвдэрсэн. Суудлуудын бүрээс хуучирсан. Цэвэрлэгээ муутай гээд тоочоод байвал асуудал мундахгүй.
Сэтгэгдэл ( 4 )
ШУТИС-ийн багш, судлаач Ц.Алтанцэцэг чи ургийн гажиг ярьдаг хэн бэ ??
үнэн шүү энэ актлагдсан явдаг амбаарууд ариа дэндүү шүү
Автобусыг автомат кроптой болгох хэрэгтэй Зарим жолооч нар нь залхуурч хөнгөн араандаа хийж хөдлөхөөр хар утаа баагиж бгаа харагдана лээ
Түлш бензинээ хулхидаж найруулахаа больчих. Орос улсад дизель бензин нь угааргүй зүгээр байдаг юм билээ. Евро гээд манайд зараад байгаа нь ч худлаа гэдэг нь батлагдсан. Худлаа гэвэл хил гараад Улаан-Үүд Эрхүү гээ байг гэхэд Хиагт Закаменьск дээр банкаа дүүргээд яваад үзээрэй. Ард түмнээ алхам бүр хэрэглээ дээр нь хулхиддаг төр засагийн дүлий албатууд, хулхи компаниуд үгүй болох цаг ирнэ гэдэгт итгэж байна. Монголчууд өдий олон жил тэвчээртэй байгаа нь бас л дарлагдаж сурсан ард түмэн ч гэж бодмоор, сонин юм шүү.