Шаардлага хангаагүй дизель хөдөлгүүртэй машин замын хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Монгол Улсын Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн дизель хөдөлгүүртэй автобус, автомашин утаа шүүгчгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэр гаргасан.Энэ шийдвэрийн дагуу замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгсэлд утаа шүүгч суурилуулан, туршилтын ажил хийж байгаа юм. Тодруулбал, Японы “Комотек”, БНСУ-ын “Серакомб” компанийн утаа шүүгч суурилуулж, харьцуулсан туршилт хийж буй аж.

“Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Япон, Солонгосын утаа шүүгч суурилуулан туршиж байгаа. Туршилтын явцад дээрх компаниудын утаа шүүгч хорт утааны ялгаралтыг бууруулж байгаа нь тогтоогдсон. Зам тээврийн хөгжлийн яамнаас дизель хөдөлгүүртэй том оврын автобусны судалгаа, тайлан бэлдэх чиглэл өгсөн” гэж Авто тээврийн үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг ярьсан юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй 536.1 мянган тээврийн хэрэгслийн 350 мянга нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэсэн дүн мэдээ гарчээ. Нийтийн тээврийн хэрэгслээс гадна компаниудын хүргэлтэд явдаг тээврийн хэрэгслийн тоо 7000-г давсан гэсэн багцаа судалгаа бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top