ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Өнөөдөр 2019.11.25. Энэ оны 329 дэх өдөр. Он дуусахад 36 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Босни, Герцеговинд Үндэсний өдөр бол Индонезид Багш нарын, Суринамд Тусгаар тогтнолын, Туркменид Ургацын баярын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Шарлин Харрис, дуучин Эми Грант, Оросын алдартай сэтгүүлч Эрнест Мацкявичус, Америкийн жүжигчин, “Эмми”-гийн шагналт Кристина Эпплгейт, Оросын рок дуучин Мара, Швед, Америкийн жүжигчин Юэль Киннаман, Америкийн жүжигчин Кэти Кэссиди зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1783 оны энэ өдөр АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн дууссаны дараа Их Британийн цэргүүдийн сүүлч Нью-Йоркоос явжээ.

1936 оны энэ өдөр Герман, Япон улс коминтернтэй тэмцэх гэрээ байгуулав.

1940 оны энэ өдөр “Де Хевилленд Москито” бөмбөгдөгч онгоцны анхны нислэг болжээ.

Мөн энэ өдөр Америкийн хүүхэлдэйн кино бүтээгч Уолтер Ланцын хүүхэлдэйн кинонд анх удаагаа Вуди Вудпекерийн дүр гарсан байна.

1941 оны энэ өдөр Финланд коминтерны эсрэг гэрээнд нэгджээ.

Энэ өдөр үс засуулбал сүлд тэнэж одно. Морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Өнөөдөр ан гөрөө хийх, сүм дуган сэргээх, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top