ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Өнөөдөр 2019.11.26. Энэ оны 330 дахь өдөр. Он дуусахад 35 өдөр үлдээд байна.

Монгол эх оронд маань нар 08 цаг 13 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -12 градус, үүл багасна.

Өнөөдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргасан өдөр.

Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Энэтхэг, Гүрж, Абхазад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Тина Тёрнер, Оросын балетчин Алиса Строгая, Италийн жүжигчин, улстөрч Чиччолина, Украины улс төрийн зүтгэлтэн, түүхч Дмитрий Табачник, Оросын жүжигчин, дуучин Антон Макарский, Английн хөл бөмбөгч Жуниор Станислас, Филиппиний дуучин, жүжигчин Анжелин Куйнто, Америкийн сагсан бөмбөгч Эвери Брэдли, Английн дуучин, жүжигчин Рита Ора зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1924 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргажээ. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон юм. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг батлав.

1960 оны энэ өдөр Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт түүхэнд хамгийн өндөр буюу 130 сая төгрөг хүрсний 20 хувийг БНМАУ-ын гадаад худалдаа эзэлж байлаа.

1974 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов.

Мөн энэ өдөр БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ.

БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгов.

Мөн Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагджээ.

1990 оны энэ өдөр БНМАУ-ын Боловсролын яамны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991-1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ.

Мөн 1990 оны энэ өдөр Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.

2012 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээжээ.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top