Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" одонг хүртээлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм.
Шагналыг “THE HU” хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авлаа.
Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн тухай танилцуулъя.
“Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй.
Хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.
“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдаж, анхны уран бүтээлээ 2018 оны сүүлчээр нийтийн хүртээл болгосон юм. Анхны уран бүтээл болох “Юу вэ, юу вэ, юу” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. Тус хамтлаг “Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.
“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая, хөгжим бүгд үндэсний агуулгатай. Зөвхөн Монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг Европод төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна хэмээн хөгжим судлаачид үзэж байна. Хамтлагийн нэрийн тухайд, Хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэх үгсийн язгуур нь “ХҮ”. Үүнтэй уялдуулан хамтлагаа "The HU" хэмээн нэрийджээ. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон байна.
Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 6 )
Ulam ih hicheegeerei. Amjilt husii.\n
Сайхан харагдаж байна. Хувцас сайхан зохидог хүн байна шүү. Хар нүдний шилийг харин ойлгосонгүй.
Dashdondog odoo l MONGOL HUN haragdaj baina shu.Toon dotor useg gedeg shig nogoo hediihee hajuud huvtsasgui orovdoltei gar putbolk ene ter ugaltsanch baihshig baisiin ... ODOO SAIHAN haragdaj baina. Amjilt
mundag umaa manai zaluus bakharlhaj bna Saagnal eznee oljee
MUNDAG , MUNDAG , SAYKHAN URAN BUTEELCHID
Эзнээ олсон шагнал гэдэг сайхан юм аа. Нүүр бардам. Амжилт залуусаа! Урагшаа