Албанийн Ерөнхий сайд Эди Рамагийн ирээдүйн бэр болох бүсгүй өнгөрсөн мягмар гарагт тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алджээ. Ерөнхий сайдын хүү Грегор Рамагийн сүйт бүсгүй Кристи Рeчи эцэг эх, дүүгийн хамтаар амь үрэгдсэн байна. Тэд нурангинд дарагдсан байжээ.
Албанийн нийслэл Тирана хотоос 36 байрлах Дюррес боомт хот 6.4 баллын хүчтэй газар хөдлөлтөд өртөж, одоогийн байдлаар 41 хүн амиа алдаад байна. Энэ нь сүүлийн 40 жил тус улсын газар нутагт болж байгаагүй хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Эрэн хайх ажиллагаа өнөө хэр явагдаж байгаа бөгөөд 750 хүн бэртэж, хэд хэдэн хүн олдоогүй байна. Пүрэв гарагийн өглөө тус бүсэд 5.0, 4.8 баллын хүчтэй газар хөдлөлтүүд мөн бүртгэгджээ.
Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон 2100 хүн майханд түр орогнож байна. Албанийн хөрш улсууд тусгай төхөөрөмж, мөрч ноход бүхий аврах багуудаа илгээгээд байна. Пүрэв гарагт Румын улс цэргийн хоёр нисдэг онгоцоор 52 гал сөнөөгч, 12 тонн тусгай тоног төхөөрөмж илгээсэн бол Швейцар 15 шинжээчийг мөн томилжээ. Албанийн Улаан загалмайн нийгэмлэг орон гэрээ алдсан хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд пэйж нээж, одоогийн байдлаар дөрвөн мянган ам.доллар цуглуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )