ОХУ хийн зах зээлд гол тоглогч болохоо баталгаажууллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр /2019.12.02/ “Сибирийн хүч” хийн хоолойн нээлтэд цахимаар оролцов.

Нээлтийн арга хэмжээний үеэр В.Путин “Сибирийн Хүч” хийн хоолойг нээснээр тус хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна гээд хийн хоолойг энэ жил тохиож буй ОХУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байна. Энэ нь хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад зогсохгүй 2024 онд хоёр талын худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх тус хоёр улсын төрийн тэргүүн нарын тавьсан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй нэг том алхам юм гэж онцлон тэмдэглэв.

Ши Жиньпин “Сибирийн хүч” хийн хоолойг аюулгүй, найдвартай, экологийн хувьд цэвэр байдлаар ашиглахыг уриалаад энэ хийн хоолой явж буй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх үүрэгтэй хэмээн онцолсон байна.

“Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Сибирийн хийг Хятад улсад нийлүүлэх юм.

Энэ нь ОХУ-ын хийн хоолойн гурван том төслийн нэг юм. Ойрын хугацаанд буюу ирэх оны нэгдүгээр сард тус улс Украины газар нутгийг тойруулан Европ, Туркт байгалийн хий нийлүүлэх “Турк Урсгал” хийн хоолойг нээхээр төлөвлөж байгаа бол Германд нийлүүлж буй байгалийн хийн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх “Умард Урсгал-2” хийн хоолойг 2020 оны дундуур нээхээр зэхэж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр гурван төсөл ОХУ-д урт хугацааны эдийн засгийн болон улс төрийн ач холбогдолтой. Эдгээр нь ОХУ орлогын шинэ урсгалыг бий болгохоос гадна стратегийн байр сууриа бэхжүүлэх юм гэж эрчим хүчний салбарын шинжээч үзэж байна. Энэхүү гурван төсөл нь дэлхийн хийн зах зээлийн гол тоглогч Оросын хийн үйлдвэрлэл “нас биед” хүрч буйн тэмдэг юм гэж тэрбээр ярьжээ.
В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Зүүн Сибириэс гурван мянган км үргэлжлэх энэхүү хийн хоолой ОХУ, БНХАУ-д чухал төдийгүй Оросын Алс Дорнод бүсэд ажлын байр бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж онцолжээ.

ОХУ-ын төрийн тэргүүний тодорхойлсон “дэлхийн хамгийн том бүтээн байгуулалтын төсөл” болох энэ хийн хоолойн гэрээг 2014 онд байгуулсан. Гучин жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын өртөг бүхий эл гэрээний дагуу 2025 онд хийн хоолой бүрэн хүчин чадлаар ажиллах үед Оросын “Газпром” компани жилд 38 тэрбум куб метр байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.147) 2019 оны 12 сарын 02

Oros zuun tiisheegee

0  |  0
Top