АНУ-ын засаг захиргаа Украин “Умардын урсгал” хийн хоолойд халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай тагнуулын мэдээг хийн хоолойг дэлбэлэхээс гурван сарын өмнө авч байсан гэж “Washington Post” хэвлэл мэдээлжээ.
Европын тагнуулын алба Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шууд харьяалагддаг усанд шумбагчдын цомхон багийн тусламжтай Оросоос Герман руу татсан хийн хоолойг дэлбэлэхээр бэлтгэж буй талаар АНУ-ын Тагнуулын ерөнхий газарт мэдээлж байсан байна. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Валерий Запорожныйд шууд илтгэх эрхтэй тул Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэ ажиллагааны талаар мэдэхгүй байсан байх магадлалтай гэж “Washington Post” сонин онцолсон байна.
Европын тагнуулын алба энэхүү тагнуулын мэдээллийг АНУ-д дараа нь Германд дамжуулсан ба хожим нь мэдээллийг хэд хэдэн улсын тагнуулын албад баталжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Балтын тэнгисээр дамждаг “Умардын урсгал 1”, “Умардын урсгал 2” хийн хоолойг дэлбэлсэн халдлагыг хэн үйлдсэн нь өнөө хэр маргаантай асуудал хэвээр байна. Европт Оросыг сэжиглэж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ тэргүүтэй холбоотнуудыг буруутгасан билээ. Украин энэхүү халдлагатай ямар ч холбоогүй хэмээн хатуу мэдэгдэж байгаа юм.
Хэрэв тагнуулын энэ мэдээлэл үнэн бол Оросын 15 сарын турш Украины эсрэг хийж буй түрэмгийллийн хамгийн бүрхэг хэргүүдийн нэгийн зангилааг тайлах учиртай гэж “Washington Post” онцолжээ. АНУ “Умардын урсгал 2” хийн хоолойн шинэ төслийг ил тодоор эсэргүүцэж, Орос Украинд халдахаас өмнө тус төслийг батлахгүй байхыг Германаас шаардаж, шахалт үзүүлж байсан. Европын тагнуулын алба энэхүү мэдээллийг АНУ-ын Тагнуулын ерөнхий газарт 2022 оны зургаадугаар сард дамжуулжээ. Тус сонины мэдээллээр, хуурамч бичиг баримт ашигласан зургаан шумбагч Балтын тэнгист жижиг завиар хүрч, хийн хоолойд дэлбэрэх төхөөрөмж суурилуулсан хэмээн хорлон сүйтгэх ажиллагааг дэлгэрэнгүй бичсэн нь өдгөө Германы мөрдөгчдийн шалгаж буй хэргийн мэдээлэлтэй ижил байна хэмээн тус сонинд бичжээ. Гэсэн хэдий ч тагнуулын мэдээлэл, Германы эрх баригчдын мөрдөн шалгаж буй хэргийн зарим мэдээлэл зөрж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Shal hudlaa Fake medee bna,amerikchuud oorsdoosoo holduulah arga yadsan huuramch medeegeer tarhi ugaaj bna ...
Каховкын даланг дэлбэлж нураахыг ч мэдэж байсан. Байден бол одоогоор ертөнцөд буй цөөхөн чөтгөрийн нэг.
Мэдээжийн хэрэг шүү дээ.Мэдээжийн хэрэг дээр мэдэн будлиад л байсан.Мэдэж л байж дээ.Одоо харин далан сэтэр ч үер болсон асуудлыг орос руу чихэж хэсэг балайрна.