Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “Ган үзэг 2019” оны тэргүүн наадам энэ сарын 7-нд “Crocus event hall”-д боллоо. “Ган үзэг 2019” наадмын сэтгүүлийн шилдэг редактораар “Эрхэт Монгол” медиа группийн эрхлэн гаргадаг “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Цэдэвдамбын Оюунчимэг тодорлоо.
“Зиндаа” сэтгүүл нь улирал тутамд 250-280 нүүрээр хэвлэгдэн гардаг, өргөн цар хүрээ бүхий мэдээллийг багтаасан Монголын шилдэг сэтгүүлүүдийн нэг юм. Ерөнхий эрхлэгч Ц.Оюунчимэг нь тус сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, сэтгүүлд нийтлэгдэж буй бүтээл туурвилуудыг хянан тохиолдуулах, сэтгүүлчдийн баг, уран бүтээлчидтэй хамтран ажиллах үүргийг амжилттай гүйцэтгэж буй манлайлагч юм.
Тэрбээр 2019 онд “Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм Зиндаа” булангаараа дамжуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболдын ярилцлагыг уншигчдадаа хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )