Өглөөний мэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Өнөөдөр 2019.12.10. Энэ оны 344 дэх өдөр. Он дуусахад 21 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандлаа.

Улаанбаатар хотод цас орно. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр, Дэлхийн хөлбөмбөгийн өдөр бол Таиландад Үндсэн хуулийн өдөр, Намибид Эмэгтэйчүүдийн баяр, Венесуэлд Агаарын цэргийн өдөр, Мальдивт Загасчдын баяр, Иракт Ялалтын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр олимпын хошой аварга, Германы биатлонч Андреа Хенкель, Хойд Ирландын жүжигчин Кеннет Чарльз Брана, Хятадын олимпын аварга волейболчин Лан Пин, ОХУ-ын спортын сэтгүүлч Анна Дмитриева, Өмнөд Солонгосын EXID хамтлагийн дуучин LE, Японы дуучин Сакико Мацүй, Аргентины хөлбөмбөгч Игуаин нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1520 оны энэ өдөр Мартин Лютер түүнийг сүм хийдээс хөөсөн Хамба ламын зарлигийг олны өмнө шатаажээ.

1768 оны энэ өдөр Лондонд Эзэн хааны уран сайхны академи байгуулагдсан байна.

1817 оны энэ өдөр Миссисипи АНУ-ын 20 дахь муж болов.

1848 оны энэ өдөр Луи Наполеон Бонапарт Францын Бүнд Найрамдах Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1901оны энэ өдөр Нобелийн шагнал гардуулах анхны ёслол болжээ.

1948 оны энэ өдөр НҮБ-ийн чуулганаас Хүний эрхийн тунхаг бичгийг батлан гаргажээ.

1989 оны энэ өдөр Ц.Элбэгдорж “Монголын ардчилсан холбоо” байгуулснаа зарлав.

1997 оны энэ өдөр Акмола хот Казахстаны нийслэл болов.

2011 оны энэ өдөр сарны бүтэн хиртэлт болжээ.

Энэ өдөр үс засуулахад сайн, жаргал ирнэ.  

Могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top