Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Германы төдийгүй, хүн төрөлхтний суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены аравдугаар симфонийн баларч, арилсан нотыг илрүүлж бүрэн ноотлож дуусжээ.

Ийнхүү технологийн дэвшлийн ачаар суут хөгжмийн зохиолчийг амьсгал хурааснаас хойш 192 жилийн дараа ийнхүү бүрэн ноотлолоо. Одоогоор хөгжим судлаач болон программ хангамжийн мэргэжилтнүүд хамтран X симфонийн бүрэн ноотыг судалж байна.

“Компьютер, технологи гэдэг чухамдаа ямар дахин давтагдашгүй үүрэг гүйцэтгэж болохыг энэ удаагийн ажлаас олж харлаа. Бид ч чамгүй их зүйл сурч авлаа” гэж Бетховены гэр музейн захирал Кристин Сайгерт ярьжээ.

Ирэх жил Людвиг ван Бетховены мэндэлсний 250 жилийн ойгоор хиймэл оюунаар олж тогтоосон бүрэн нотоор X симфонийг дахин тоглох аж.

Суут хөгжмийн зохиолч маань IX симфонио дуусгаад төд удалгүй X симфонио эхлүүлж байсан билээ. Амьдралынхаа сүүлийн жилд, амьсгал хураахынхаа өмнөхөн зохиосон X симфонийн гар бичмэл, нот байдаггүй учраас албан ёсны симфони гэж тооцохгүй байсаар ирсэн юм.

Харин 1970-аад оноос Английн нэрт хөгжим судлаач Бэрри Купер түүний гар бичмэлүүдийг судалж үзээд бүтэн симфони байж болзошгүй гар бичмэлүүдийг нэгтгэн X симфони байж болох талаар гүнзгийрүүлэн судалсан юм. Улмаар 1988 онд Ливерпулийн симфони оркестр албан ёсоор түүний хувилбараар анх удаагаа тоглосон билээ.

Орчин цагт хиймэл оюун ашиглан Бэрри Куперын боловсруулсан судалгаан дээр үндэслэн алдагдсан ноотыг олж бүтэн симфони бий болгосон нь энэ юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top