Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Петер Аммон энэ сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.Ноён Аммоныг дагалдан Германы бизнесийн төлөөлөл, санхүү, эрчим хүч, технологийн салбарын нийт 11 компанийн төлөөлөгчид ирсэн бөгөөд Монгол-Германы эдийн засгийн хамтарсан залгамж төслүүдийн талаар яриа хэлэлцээр өрнүүлэх юм. Айлчлалынхаа хүрээнд төрийн нарийн бичгийн дарга Петер Аммон Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд, Герман-Монголын харилцааны Ерөнхий зохицуулагч Л.Болд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зориг болон УИХ-ын зарим гишүүдтэй уулзах аж. Мөн Германд их, дээд сургууль төгсөгчидтэй уулзах бөгөөд Германы Эрдмийн солилцооны албаны шугамаар суралцах 4 оюутны тэтгэлгийн эрхийн бичгийг гардуулах юм байна. Энэ айлчлалын хүрээнд Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэгээс нийт 6,5 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр "Mongolian Opportunitics Fund”-тай гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа."Mongolian Opportunitics Fund”-нь Монгол Улс дахь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хөрөнгө олгох зорилгоор байгуулагдсан анхны олон улсын сан юм. Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэг нь тус сантай удаан хугацааны түншийн үүрэг гүйцэтгэх буюу байгаль орчны болон нийгмийн тулгамдсан асуудлаар хуримтлуулсан туршлагаасаа Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм."Mongolian Opportunitics Fund”-ийн санхүүжилтийг Монгол Улс дахь жижиг, дунд үйлдвэрүүдэд, ялангуяа, ашигт малтмалын салбар дахь ханган нийлүүлэгч компаниуд болон дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын компаниудад үндсэн хөрөнгө бүрдүүлэх зорилгоор олгох аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )