“VICTORY SPORT NEWS”
Өнгөрч буй 2019 оны сүмо бөхийн ертөнцийг “Үе солигдох” гэсэн үгээр тодорхойлох хүн олон боллоо. Такакэйшёо Хаврын тэмцээний дараа 22 настайдаа озэки болсон бол тавдугаар сарын Зуны тэмцээнд нь 25 настай Асанояма анхныхаа түрүүг авч, шинэ үеийн залуу бөхчүүд хүч чадлаа харуулж эхэлсэн билээ. Гэхдээ 2019 оны дээд зиндааны түрүү бөхчүүдийг харахад ёкозүна Хакүхо 2, Какүрюү, Тамаваши хоёр тус бүр нэг түрүүлж, зургаан тэмцээний дөрөвт нь 30 нас давсан хашир бөхчүүд түрүүлжээ. 34 настай хоёр аварга гурван башёд тэргүүлсэн гэхээр шинэ залуучууд, тэдний өмнөх үеийнхэн аваргуудын түвшинд хүрэх болоогүйг харуулж байна.
Томчуудын эзгүйд
Зуны тэмцээнд түрүүлсэн Асаноямагаас гадна 30 нас хүрээгүй бас нэг залуу бөх түрүүлсэн нь Намрын тэмцээнд Эзэн хааны цом хүртсэн 26 настай Митакэүми. Митакэүми хоёр дахь түрүүгээ авсан нь энэ. Гэхдээ энэ хоёр тэмцээнийг харахад Зуны тэмцээнд их аварга Хакүхо барилдаагүй (Какүрюү 11 давж, 4 унасан. Асанояматай барилдаагүй), Намрын тэмцээнд нь Хакүхо, Какүрюү хоёул гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон байна.
Мэдээж түрүүлсэн бөхөд буруу байхгүй ч томчуудыг эзгүйд л түрүүлдэг хандлага өнгөрсөн жилээс эхэлсэн билээ. 2018 оны Кюүшюү башёд Такакэйшёо анх удаагаа түрүүлэхэд Хакүхо, Какүрюү аваргууд барилдаагүй, Кисэносато ч бас тэмцээний голоос гарч байв. Долоон сарынх нь Нагоя башёд Митакэүми анхны түрүүгээ авахад Хакүхо, Какүрюү хоёр тэмцээнийг голоос нь орхиж, Кисэносато зодоглоогүй тул Митакэүми аваргуудтай гар зөрүүлээгүй. Хакүхо барилдаагүй үед л ёкозүнагаас доош цолтой бөх түрүүлж байгаа нь харагдана.
Өнгөрсөн сарын Кюүшюү башёд Хакүхо 14 даваатайгаар 43 дахь Эзэн хааны цомоо өргөлөө. Тэмцээний дундуур “Нэгэн үеийн залуу бөхчүүдтэйгээ хамт оны сүүлийн энэ тэмцээнд сайн барилдаж, сонирхолтой болгоно” гэж ярьж байсан Асанояма 11 давсан ч Хакүхогоос гурван даваа дутуу. Хакүхо, Какүрюү хоёр аварга гэмтэл бэртэл ихтэй, башё өнжих нь их болсон ч гэмтэлгүй зодоглосон үед нь залуучууд тэдний ханыг давж чадахгүй хэвээр байна.
Өрөвдүүлэх тактик
Кюүшюү башёд түрүүлсэн Хакүхо аваргын барилдааныг тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөл хатуу шүүмжилсэн. Харитэ алгадах мэх, тачиай дээр тохойлдон сөхөх нь ёкозүна хүнд тохирохгүй гэж зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Ялангуяа тэмцээний 12 дахь өдөр Эндог цустай нь хутгасан гэж тэд онцолж байв.
Гэвч озэки асан Кайо буюу дохёны дэргэд суугаад барилдааныг шүүж байгаа Асакаяма ояката энэ талаар “Дүрэм зөрчсөн биш, шүүмжлэх хэрэггүй. Хакүхогийн өрсөлдөгч нар нь аваргаас айгаад юу ч хийж чадалгүй, тохойлдуулчхаад хүмүүст өрөвдүүлж байгаа хэрэг. Ичих хэрэгтэй” гэж ярьж байна.
Комүсүби асан хуучны нэгэн бөх ч “Эндотой барилдахад Хакүхогийн хийсэн мэх ОК. Ямар ч асуудалгүй. Мэргэжлийн тамирчин хүн ялахын тулд тулалдана, сүмо бол ёс заншил гэдэг хоёр үг аль аль нь зөв. Ер нь ёкозүна болоогүй хүн ёкозүнаг ойлгохгүй гэж ярьдаг” гэж хэлсэн юм.
Дээд зиндаанд 107 башё барилдсан сүмогийн дээд амжилтын эзэн озэки асан Кайо бол ах дүү Ваканохана, Таканохана, Акэбоно, Мүсашимарү, Асашёорюү гээд олон аваргатай барилдаж явсан хүн. “Бидний үед ёкозүнатай барилдах болохоор сэтгэл хөдлөөд унтаж чаддаггүй байлаа. Яаж ийж байгаад унагаах юм сан гээд л. Одоогийн хориод насны бөхчүүдийг харахад тэднээс айж эмээлгүй, хамаг чадлаараа үзэлцье гэсэн сэтгэл харагдахгүй байна” гэж Кайо арслан харамсаж байна. Мөн “Урагш зүтгээд өөрөө хүчтэй дайрвал ямар ч тохой, алгадах мэхэнд ордоггүй” гэж нэмлээ. Үнэхээр Кюүшюүд Хакүхог өвдөг шороодуулсан ганц бөх болох Дайэйшёо баруун тохойлдуулсан ч тэр дор нь тогтоогоод түлхэн дайрч ялсан. Гурван жилийн өмнөх Нагоя башёд Хакүхо зүүн алгадан, баруун тохойлдон сөхөхөд Такарафүжи ухарч, тонгойлгүй, зүүн сөхөн хариу барьж байсан. Дайралтыг нь хаан, ёкозүнаг унагаасан бэлэн жишээ байхад бөхчүүд аваргуудтай барилдах тактик, сөрөг мэх боловсруулж байх хэрэгтэй.
Нийгмийн байдал
“Мистер рагби” гэж нэрлэгдэн, ирээдүйг зөгнөн таах чадвартай гэгддэг байсан Хирао Сэйжи “Тухайн үеийн нийгмийн байдал спортод их нөлөөлдөг” гэж ярьж байсан. Эрт үетэй харьцуулахад дундаж нас урт болсон өнөө үед Японд төрөлт багасан, ахмад настны тоо нэмэгдэж байна. Цөөхөн хүүхэдтэй тул тэдэндээ дээд боловсрол олгохыг хэн ч хүснэ. Энэ байдал залуучууд нь ахмад аваргуудыг унагааж чадахгүй байгаа сүмогийн ертөнцөд ч хамаатай гэнэ.
Дунд сургууль төгсөөд мэргэжлийн сүмод ордог япон сүмоч ховордлоо. Кюүшюү башёгийн банцүкэд маэгаширагаас дээш цолтны дунд 25 нас хүрээгүй нь ганцхан Такакэйшёо. Сүмогийн ертөнц эрт үед эцэг эх нарынхаа үгэнд ордоггүй сахилгагүй хүүхэд, эсвэл сургуулийн төлбөр төлж чадахгүй ядуу айлын хүүхдүүдийг хүлээн авдаг газар байв. Цолтой бөх болж, аав ээжийнхээ ачийг хариулна, мөнгө олж, сайхан амьдарна гэсэн 15-16 насны хүүхдүүд бөх болж байв. Харин одоо эцэг эх нар дээд сургууль биш гэхэд ядаж ахлах сургуулийг нь заавал төгсгөнө гэж хичээдэг болсноор 20 нас гарсан залуус шинэ бөхийн шалгалт өгдөг болжээ.
Анагаах ухаан, спортын шинжлэх ухааны хөгжил ч нөлөөлж байна. Гэмтэл авсан ч орчин үеийн эмнэлэгт хурдан шуурхай эдгээдэг, хамгийн сүүлийн үеийн бэлтгэл сургууль хийсний дүнд биеийн хөгжил сайжирч, бөхчүүдийн зодог тайлах хугацаа ч уртассан байна. Ёкозүна Какүрюү энэ талаар “Хуучинтай харьцуулахад 30 нас өнгөрсөн ч залуучуудтай ижил барилдаж байгаа бөх олон болсон. Биеэ боддог, орчин үеийн бэлтгэл хийдэг болсон нь нөлөөлж байгаа байх” гэж хэлж байлаа.
Залуучуудын үүрэг
Ингэлээ гээд Хакүхо, Какүрюү нарыг хөгшрөхийг хүлээгээд сууж болохгүй. Хамт бэлтгэл хийж, арга ухаан заалгасан ахмад бөхийг ялахыг сүмогийн ертөнцөд “Ачийг нь хариулах” гэж үздэг, тооцдог. Том цолтой, ах бөхийг ялж, зодог тайлуулах нь дараа үеийг эзэгнэхээр зорьж буй залуу бөхчүүдийн нэг ёсны үүрэг юм.
Чиёонофүжи аварга энх тунх байхдаа “Яагаад бөхчүүд Хакүхогийн дэвжээнд очиж, хамт бэлтгэл хийдэггүй юм бол? Хүчтэй хүнтэй бэлтгэл хийж байж, хүчтэй болох ёстой” гэж халаглаж байсан билээ.
Байнга Хакүхотой бэлтгэл хийдэг бол тэмцээнд таарахад харитэ алгадах, тохойлдуулсан ч хариу мэх хийж чаддаг болно шүү дээ. Ёкозүна асан Оонокүни буюу Шибатаяма ояката “Одоо бэлтгэл дээр барилдахдаа үнэн сэтгэлээс ялагдахгүй гэж зүтгэдэг бөх байхгүй болжээ. Барилдах тоо нь ч цөөрсөн байна. Бид залуудаа бэлтгэлийн талбайд унатлаа зүтгэдэг байлаа. Урамтай сайхан барилдахгүй бол үзэгчид Бөхийн өргөөнд ирэхгүй болно” гэж хэлж байсан удаатай.
Хакүхо, Какүрюү нарыг унагааж, шинэ үе ирснийг зарлан тунхаглах сэтгэлийн хүчтэй бөх байна уу? Ямар ч зэр зэвсэггүй, нүцгэн биеэрээ нэр хүнд, хөрөнгө мөнгө олдог жинхэнэ эр хүн гэгдэж байсан сүмо бөхийн уламжлагдан үлдэх болов уу?
Үнэхээр сүмод үе солигдож байна уу?
Сэтгэгдэл ( 5 )
Yoponi sushi hulgani mahtai mantuun buuz targan hymyysin boh
Yoponi sushi hulgani mahtai mantuun buuz targan hymyysin boh
Yoponi sushi hulgani mahtai mantuun buuz targan hymyysin boh
Yoponi sushi hulgani mahtai mantuun buuz targan hymyysin boh
Кайо маш зөв хэлсэн байна даа.Аргагүй л олон жил аваргуудтай аваргын энтэй барилдаж явсан сайхан бөх дөө.2аваргадаа амжилт хүсье.50 рүү сайн тэмүүлээрэй .