УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Надад яллагдагчаар татсан бичиг ирээгүй, ирээсэй гэж хүсэж байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр үргэлжлүүлэн “АТГ, прокурор ичихгүй бол бичгээ оруулаад ирэг. Ер нь над дээр АТГ хэрхэн ажиллаж байгааг дүгнэлт хиймээр байна. УИХ дээр энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой. Юуг нь нууж хаах гээд байгаа юм. Надад нуух юм байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явсан. Засгийн газрын тогтоолтой. Гэтэл АТГ ийм хурал болсон эсэхийг шалгаж чадахгүй байна. Адаглаад 3.9 тэрбум төгрөг нь эргэн төлөгдөж байгаа эсэхийг шалгаж болно. Гэтэл наад захын шалгах ажиллагаа хийхгүйгээр шууд яллагдагчаар татна гэдэг чинь юу гэсэн үг вэ. нотлох баримтуудыг УИХ дээр нэг бүрчлэн яримаар байна. Албан ёсны хурал болсон зураг, тэмдэглэл нь байхад АТГ хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн гээд байгаа” хэмээн тайлбар өгсөн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэргийн талаар өмнө нь “АТГ-аас намайг яллагдагчаар татсан тогтоолд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, Засгийн газраас баталсан 276 дугаар тогтоолд тусгасан "нэг төсөлд 5 сая төгрөг хүртэлх" гэснийг зөрчсөн гэсэн Сангийн яамны улсын ахлах байцаагч н.Янжинсүрэнгийн албан шаардлагад үндэслэсэн хэмээсэн байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед иргэдэд таван сая төгрөг хүртэлх зээл олгох дээрх тогтоолыг баталж журмаар зохицуулсан. Гэтэл тус тогтоолд үндэслэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар 121 дүгээр тогтоолыг баталсан. Үүнд орон нутаг, нийслэлийн онцлогт нийцүүлсэн төсөлд огт хамаарахгүй гэж заасан. Гэтэл АТГ-ын мөрдөгч, Сангийн яамны байцаагч хуулийн зүйл, заалтыг хольж дүгнэлт гаргажээ. Ингэхдээ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр шийдвэрлэж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна. Уг нь хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай юм. Гэтэл төсөл сонгон шалгаруулаагүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найман этгээдэд давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татах тогтоолд тусгажээ. Тухайн тогтоолд нэр дурдагдсан хүмүүстэй зохион байгуулалттай хэрэг үйлдээгүй. АТГ-ын тогтоол ор үндэслэлгүй намайг гүтгэсэн. Нотлох баримтууд бүгд надад бий. Хуулийн байгууллага дутуу ажилласан. АТГ-ын ур чадварын асуудал уу, улс төр байсан уу гэдэг нь цаг хугацааны явцад илэрнэ" хэмээн мэдээлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )