ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Өнөөдөр 2019.12.25. Энэ оны 359 дэх өдөр. Он дуусахад 6 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -26 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Камерунд Хүүхдийн өдөр, Тайваньд Үндсэн хуулийн өдөр, Энэтхэгт Сайн засаглалын, Мозамбикт Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Германы хөгжмийн зохиолч, гитарчин Дитер Гайке, Шотландын рок дуучин Энни Леннокс, Оросын хоккейчин, олимпын аварга Виталий Прохоров, Данийн супер модель Хелена Кристенсен, Их Британийн дуучин Dido, Оросын дуучин, “Фабрика” хамтлагийн гоцлол дуучин Саша Савельева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1955 оны энэ өдөр НҮБ-ын X чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцүүлсэнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд БНХАУ татгалзсан тул уг асуудлыг хойшлуулсан байна.

1961 оны энэ өдөр БНХАУ-аас Монголд нийт 12 мянган ваттын хүчин чадалтай цахилгаан станц барьж, Монголын Засгийн газарт хүлээлгэн өгчээ. Тэгвэл 1961 онд байгалийн гамшиг тохиолдсон БНХАУ-д БНМАУ-ын Засгийн газраас 1000 тонн үхэр болон хонины мах, 6000 тонн гурил болон 10 мянган тонн буудай илгээн тусламж үзүүлэв.

2012 оны энэ өдөр Төрийн орон сууцны корпорац ТӨҮГ-ын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпорац “Буянт Ухаа 2” орон сууцны төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулсан билээ.

Энэ өдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Энэ өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, инж өгөх, үнэт эдлэл авах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах болон дарханы үйлд сайн. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top