Индонез улсад автобус хавцал руу унасны улмаас 28 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Индонезийн Суматра аралд автобус хавцал руу унасны улмаас амиа алдсан хүний тоо 28 болон өсөж, 13 хүн гэмтэж бэртжээ. Осол Өмнөд Суматра мужийн Пагар Алам дүүрэгт гарчээ. Мужийн нийслэл Палембанг хотын цагдаагийн газрын дарга Берти Коваасын хэлснээр, цогцсуудыг таниулахаар эмнэлэгт хүргүүлсэн байна. Гэмтэл авсан нэг хүний бие хүнд байгаа аж.

Жолооч замын огцом эргэлттэй хэсэгт жолоогоо алдаж, автобус 80 метр өндөр хавцал руу унажээ. Хавцалд ширүүн урсгалтай гол урсдаг бөгөөд зарим зорчигчид урсгалд урссан гэж үзэж байна. Эрлийн ажил үргэлжилж байна.

Автобус 52 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хэдэн зорчигч явж байсан нь одоогоор тодорхойгүй байна. Жолооч ослын үед амиа алджээ.

Индонез улсад авто замын осол их гардаг байна. Өнгөрсөн оны эхээр Баруун Ява мужид жуулчны автобус осолдсоны улмаас 27 хүн амиа алдсан тохиолдол гарч байсан бол хоёр сарын дараа Пункак бүс нутагт мөн хоёр осол гарч, дор хаяж 15 хүн амиа алдаж байв. Өнгөрсөн оны есдүгээр сард Баруун Ява мужид автобус хавцал руу унасны улмаас 21 зорчигч амиа алдаж байсан хэрэг мөн гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top